АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Монгол хүү илтгэл тавина


А. Наранцацрал | YOLO.MN
2021-01-16

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд нэгдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдах Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавихаар болжээ. 

АНУ-ын Никелодеон сувгийн All That шоуны залуу жүжигчин С.Чингүүн уг үйл ажиллагаанд оролцох урилга авсан байна.

Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Nickelodeon, Time for Kids болон Time сэтгүүлийн хамтран зохион байгуулсан 2021 оны “Дэлхийн оны шилдэг хүүхэд шалгаруулах" /"Kid of the Year"/ телеввизийн тусгай нэвтрүүлэгт шүүгчээр оролцсон юм. 

С.Чингүүн Фэйсбүүк хуудастаа "Энэ ням гарагт Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол болно. Youtube болон Facebook дэх National Children's Campaign хуудсаар 15:00 цагаас шууд үзээрэй хэмээн бичжээ. 

Түүний ээж Т.Сэргэлэнцэцэг "Хүү маань Америкийн 74 сая хүүхдийн дуу хоолойг төлөөлж буй зочны нэгээр уригдан оролцох гэж байгаад баяртай байна. Шууд дамжуулах бөгөөд та бүхнийг Америкийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бага болон өсвөр насны хүүхдүүд хэрхэн идэвхтэй оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгааг хүүхдүүдтэйгээ хамт үзэж сонирхохыг уриалж байна" хэмээн бичсэн байна. 

Ээж Т.Сэргэлэнцэцэгтэй холбогдож тодруулга авахад "Дэлхийн оны шилдэг хүүхэд" нэвтрүүлэгт шүүгчээр оролцохдоо өндөр үнэлгээ авсан учир энэ удаагийн урилга ирсэн байх гэж бодож байна. Хүүгийн маань түрүүлэх ёстой гэж сонгосон хүүхэд нь оны шилдэг болсон юм.

Бид баярлаж сандрах зэрэгцэж байна. С.Чингүүн гурван минутын видео илтгэл илгээгээд, шууд нэвтрүүлэгт нь зочноор оролцож үг хэлэх юм. Ийм сайхан хоёр боломж олдож байгаа. Шууд нэвтрүүлэг дундуур видео илтгэл нь давхар цацагдана" гэлээ.

С.Чингүүний Фэйсбүүк хуудас: Chinguun Sergelen

Уг үйл ажиллагааг National Children Inauguration event болон Youtube дэх National Children's Campaign хуудсаар үзнэ үү.

#Үйл явдал