Дэлгэцийн донтолтын үед илрэх шинж тэмдгүүд ба тэдгээрийг таних аргууд


Сэтгэцийн эрүүл мэндийн тухай цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт дэлгэцийн донтолтын үед илрэх шинж тэмдгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Дэлгэцийн донтолтын үеийн шинж тэмдгүүдийг бие махбод болон сэтгэцэд нөлөөлөх гэсэн үндсэн хоёр бүлэгт авч үздэг ажээ.

ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТЫН ҮЕД БИЕ МАХБОДОД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

- Нүд аргах
- Хараа муудах
- Нуруу, хүзүү хөшиж өвдөх
- Толгой өвдөх
- Нойргүйдэх
- Хоолны дуршил буурах
- Амин дэмийн дутагдалд орох
- Жин хасах
- Булчин, шөрмөс татах
- Мэдрэлийн ядаргаанд орох
- Гар чичирч салганах

СЭТГЭЦЭД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

- Сэтгэл гутралд орох
- Сэтгэл түгших
- Сэтгэл санааны байдал тогтворгүй болох
- Цагийн хуваариа алдах, цагийн баримжаагүй дэлгэц ширтэх
- Өөрийгөө тусгаарлах
- Ажил хийх дургүй болох
- Зан ааш өөрчлөгдөх
- Ганцаардах гэсэн шинж тэмдгүүд сэтгэцэд илэрдэг байна.

ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТЫН ҮР ДАГАВАР

Дээр дурдсанчлан дэлгэцийн донтолт нь бие махбод болоод сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, аажимдаа тухайн хүн нийгмээс өөрийгөө тусгаарлан, сэтгэл хөдлөлгүй болж хувирдаг байна. Цаашлаад тархины хөгжилд нөлөөлж, нийгмийн амьд харилцаанаас бүр мөсөн тасрах тохиолдол ч бий гэнэ.

АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуулиас хийсэн судалгаагаар хүн долоо хоногт дунджаар 24 цагийг дэлгэц ширтэхэд зарцуулж байгааг тогтоожээ. Нэг хоног буюу 24 цаг нь хүний зүрх 104 мянган удаа цохилж, 23 мянган удаа амьсгалахтай тэнцэх хугацаа юм. Гэтэл энэ хугацааг зөвхөн дэлгэц ширтэж өнгөрүүлэхэд зарцуулж байгаа нь дэлгэцийн донтолт хар тамхинаас ч илүү хор хөнөөлтэй гэдгийг нотолж байна.

Хүн дэлгэц ширтэж байх үед нүдээ энгийн үеэсээ 6 дахин бага цавчдаг тул нүдний даралт ихсэн, хуурайшиж улмаар хараанд нөлөөлдөг аж. Мөн тус судалгаагаар хүмүүс компьютер, таблет, гар утас зэрэг дижитал төхөөрөмжийн тусламжтайгаар чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлдэг байсан бол сүүлийн 20 жилийн дотор харилцаа, холбоо, ажил мэргэжил гээд бүхий л зүйлээрээ хараат болжээ. Орчин үед дэлгэцээс хамааралгүй ажил олж хийхэд хүртэл хэцүү болсон шүү дээ. 

“New York Times” сонинд 2017 хэвлэгдсэн судалгаагаар хүн өдөрт дунджаар 100-150 удаа гар утсаа шалгадгийг тогтоосон байна. Иймд донтолтын шинжээч, доктор Nicholas Kardaras хооллох үедээ утсаа өөрөөсөө хол байлгаж, унтахдаа унтрааж, ажиллах эсвэл суралцаж байхдаа дууг нь тогтмол хааж байхыг зөвлөжээ. 

Бид дараагийн дугаарт дэлгэцийн донтолттой эсэхээ мэдэх сэтгэл зүйн тестийг бэлтгэн хүргэх болно.

Эх сурвалж: Psycom, NHA Health

#Сэтгэлзүй #Дэлгэц #Донтолт