“True Beauty” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2021-01-13

Бид өмнөх дугаартаа “The Penthouse: War in Life” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа сэтгэл догдлуулам хайрын түүхийг өгүүлэх “True Beauty” цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 8.6/10

Киноны үнэлгээ /AsianWiki/: 92%

Эхний анги цацагдсан огноо: 2020 оны арванхоёрдугаар сарын 9

Нийт ангийн тоо: 16

Үйл явдал: Lim Joo Kyung гадаад төрхөөсөө болж байнга дээрэлхүүлж явдаг байлаа. Нэгэн өдөр түүнд сургуулиасаа шилжих боломж олдох ба энэхүү боломжийг ашиглан Joo Kyung өөртөө өөрчлөлт хийхээр шийднэ. Ийнхүү тэрээр нүүрээ будаж сурснаар будагтай байхдаа яг л дагина мэт үзэсгэлэнтэй харагдаж байв. Түүний будаггүй царай болон будагтай царай тэс өөр бөгөөд хэн ч хараад нэг хүн гэж бодохооргүй байлаа. Гэвч түүний будаггүй царайг шилжиж ирсэн ангийнхан сурагч Lee Su Ho мэдсэнээр цувралын гол үйл явдал өрнөнө.

АЛДАРТАЙ WEBTOON-ЭЭС СЭДЭВЛЭСЭН

Энэхүү цувралыг охид, залуусын дунд маш алдартай “webtoon” буюу комик зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Тус комик нь алиа хошин өнгө аястай хэр нь хайр дурлалыг үнэхээр сэтгэл догдлом байдлаар дүрсэлсэн гэдгээрээ алдартай ба одоо хүртэл шинэ ангиуд үргэлжлэн гарсаар байгаа юм.

САЙН НАЙЗУУД

Цувралд Lim Joo Kyung-ий дүрийг бүтээсэн жүжигчин Moon Ga Young болон Lee Su Ho-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Cha Eun Woo нар нь цувралд дүр бүтээхээсээ ч өмнө дотнын найзууд байсан аж. 

Сонирхолтой нь APink хамтлагийн гишүүн Kim Nam Joo тэдний тоглож буй цувралыг дэмжин хоолны машин илгээхэд нь л үзэгчид тэднийг өмнө нь найзууд байсан гэдгийг олж мэджээ. Энэхүү хоолны машиныг алдартанууд дотнын найзынхаа тоглож буй цувралд амжилт хүсэж, олон цагаар ажиллаж байгаа кино багийханд зориулан явуулдаг уламжлалтай аж.

 

 

БОДИТ АМЬДРАЛ ДЭЭРХ LIM JOO KYUNG

Тус комик цувралын зохиолч Kim Na Young нь бодит амьдрал дээр яг Lim Joo Kyung шиг харагддаг гэнэ. Тийм ч учир олон нийт түүнийг өөрөөсөө санаа аван Lim Joo Kyung-ий дүрийг бүтээсэн гэж үздэг ч зохиолч энэхүү яриаг албан ёсоор няцаасан билээ. Таны хувьд тэд адилхан харагдаж байна уу?

ҮЗЭГЧДИЙН САНАЛ АСУУЛГА

Энэхүү комик зохиолоор олон ангит кино хийнэ гэсэн мэдээлэл гарсны дараа гол дүрүүдэд нь ямар жүжигчид тогловол илүү тохирох талаар цахим орчинд санал хураалт явагдсан билээ. Үүнд Lee Su Ho-гийн дүрд Cha Eun Woo, Lim Joo Kyung-ий дүрд BLACKPINK хамтлагийн Ji Soo, Han Seo Joon-ы дүрд Lee Jae Wook нар тогловол илүү тохиромжтой хэмээн үзэж тэргүүн байруудыг эзэлсэн билээ. 

Ийнхүү үзэгчдийн хүсэл биелж Lee Su Ho-ийн дүрд жүжигчин Cha Eun Woo дүр бүтээсэн билээ.

САНААНД ОРОМГҮЙ ДҮРҮҮД

“Extraordinary You” цувралаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Kim Hye Yoon болон Lee Jae Wook нар “True Beauty” цувралд хосуудын дүрээр эргэн ирсэн. “Cameo” буюу зочин дүр нь цувралд 2-3 минут үзэгдээд өнгөрдөг дүрийг хэлдэг. Хэдий зочин дүрүүд кинонд чухал үүрэг гүйцэтгэдэггүй ч ихэвчлэн алдартнууд байдаг учир үзэгчид эдгээр дүрүүдэд дуртай байдаг ажээ. 

Мөн “Extraordinary You” цувралд тоглосон жүжигчин Jung Gun Joo нь Lim Joo Kyung-д анхны харцаар дурлаж буй алдартай тамирчны дүрийг бүтээж үзэгчдийн сэтгэлийг багагүй догдлуулаад амжсан гэнэ шүү.

ЭХ ЗОХИОЛООСОО ЗӨРСӨН НЬ

Комик зохиол дээрээ Lim Joo Kyung, Han Seo Joon нар үерхдэг. Гэвч цуврал дээр Lim Ju Kyung болон Lee Su Ho хоёр болзож байгаагаар дүрслэгддэг ба кино багийнхан эх зохиол дээрх Han Seo Joon-ы хэсгүүдийг Lee Su Ho-гийх болгон өөрчилсөн юм. Үүнд Han Seo Joon-ы дүрд дуртай үзэгчид нэлээн дургүй байгаа ба зарим нь киноны үйл явдал комикоосоо тэс өөр байна гэсэн шалтгааны улмаас үзэхээ больсон аж.

ТЭДНИЙ ХУВИЙН АМЬДРАЛ

Lim Joo Kyung-ий дүрийг бүтээсэн жүжигчин Moon Ga Young нь “Tempted” (2018) цувралд хамтран дүр бүтээсэн жүжигчин Woo Do Hwan-тай хэд хэдэн удаа үерхлийн цуурхалд өртөж байсан юм. Хоёр талаас энэхүү цуурхлыг байнга няцаадаг байсан ч үзэгчид тэднийг үерхэж байсан гэдэгт баттай итгэдэг гэнэ. 

Харин Lee Su Ho-гийн дүрийг бүтээсэн Cha Eun Woo нь “My ID is Gangnam Beauty” цувралд хамтран тоглосон жүжигчин Jo Woo Ri-тэй үерхлийн цуурхалд өртөж байсан. Jo Woo Ri нь түүнээс таван насаар эгч ба тус цуурхал гарахад олон нийт маш ихээр эсэргүүцэж, уурлаж байжээ. Мэдээ цацагдаад удаагүй байхад тэд цуурхлыг няцааж байв.

Ингээд нийтлэлийн төгсгөлд цувралын хөгжилтэй хэсгээс хүргэж байна.

Эх сурвалж: Allkpop

#Бидний мэдэхгүй баримтууд #True Beauty