Энэ онд нээлтээ хийх ШИЛДЭГ БОРЛУУЛАЛТТАЙ номоос сэдэвлэсэн кинонууд


Цар тахлын улмаас өнгөрсөн онд нээлтээ хийхээр төлөвлөж байсан олон кино, дэлгэцийн уран бүтээлүүд нээлтийн товоо хойшлуулсан билээ. Иймд уран бүтээлчид төдийгүй кино сонирхогчдын хувьд өнгөрсөн жил тийм ч таатай жил байгаагүй гэж хэлж болох юм. Үнэхээр л хүссэн киногоо үзэж чадалгүй, сэтгэл гонсойж, дараа жил хурдан болоосой гэсэн үе байсан шүү.

Ингээд энэ онд гарахаар төлөвлөгдөөд буй шилдэг борлуулалттай ном, зохиолоос сэдэвлэсэн арван киног танилцуулж байна.

1. “THE DIG” 

Цацагдах огноо: Нэгдүгээр сарын 15
Цацагдах суваг: Netflix 
Тайлбар: Энэхүү киног John Preston-ны 2007 онд хэвлүүлсэн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд 1939 оны Их Британи дахь Sutton Hoo хэмээх эдлэн газарт болсон бодит үйл явдлыг харуулжээ.

2. “CHAOS WALKING”

Цацагдах огноо: Нэгдүгээр сарын 22
Тайлбар: Зохиолч Patrick Ness-ийн “Chaos Walking” хэмээх шилдэг борлуулалттай гурван боть романы эхний дэвтэр болох “The Knife of Never Letting Go” зохиолоос тус киног сэдэвлэн бүтээжээ. Гол дүрд жүжигчин Tom Holland болон Daisy Ridley нар хамтран тоглосон аж. Зохиолд Todd хэмээх залуу Viola гэх эмэгтэйгээс бусад эмэгтэйчүүд үл орших шинэ ертөнцийг жолоодон эхэлж буйг харуулдаг байна.

3. “FRENCH EXIT”

Цацагдах огноо: Хоёрдугаар сарын 12
Тайлбар: “French Exit” бол зохиолч Patrick DeWitt-ийн хамгийн өндөр ашиг орлого олсон, шилдэг борлуулалттай зохиолоос сэдэвлэн бүтээсэн кино юм. Адал явдалт, инээдмийн төрөл хосолсон уг бүтээл нь нэгэн эмэгтэй хүүтэйгээ хамт Франц улсаар аялахдаа нас барсан нөхрийнхөө үлдээсэн өв хөрөнгийг хэрхэн зарцуулж буйг харуулдаг аж.

4. “ALWAYS AND FOREVER, LARA JEAN”

Цацагдах огноо: Хоёрдугаар сарын дундуур
Цацагдах суваг: Netflix 
Тайлбар: “To All the Boys I've Loved Before” киноны гол дүрүүд болох Lana Condor, Noah Centineo нар тун удахгүй киноны сүүлчийн анги “Always and Forever, Lara Jean” киногоор иргэн ирэх нь ээ. Зохиолч Jenny Han-ы бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн энэхүү бүтээл нь хоёрдугаар сарын дундуур буюу Гэгээн Валентины баярын үеэр нээлтээ хийхээр төлөвлөжээ.

5. “WITHOUT REMORSE”

Цацагдах огноо: Хоёрдугаар сарын 25
Цацагдах суваг: Amazon Prime Video 
Тайлбар: Жүжигчин Michael B. Jordan-ы гол дүрд нь тоглосон “Without Remorse” хэмээх бүтээл нь зохиолч Tom Clancy-гийн бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэжээ. Ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөж буй тус бүтээл нь тэнгисийн цэргийн албан хаагч байсан нэгэн залуу найз охиныг нь хөнөөсөн алуурчны хойноос өшөөгөө авахаар мөшгөж буй үйл явдлыг харуулдаг. Тэрээр өшөөгөө авч чадах болов уу?

6. “CHERRY” 

Цацагдах огноо: Гуравдугаар сарын 12
Цацагдах суваг: Apple TV
Тайлбар: “Cherry” бол зохиолч Nico Walker-ын шилдэг борлуулалттай номоос сэдэвлэсэн кино бөгөөд энэ онд үзэгчдэд хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй бүтээл юм. Гэмтлийн дараах сэтгэл санааны гутралд орсон армийн эмчид тохиолдох хачирхалтай үйл явдлуудын тухай өгүүлэх энэхүү кинонд жүжигчин Tom Holland гол дүр бүтээжээ.

7. “FATHERHOOD”

Цацагдах огноо: Дөрөвдүгээр сарын 16
Тайлбар: Эцэг, охины нандин холбоо, гэр бүлийн үнэ цэнийн тухай өгүүлэх “Fatherhood” киног “Two Kisses For Maddy” хэмээх шилдэг борлуулалттай номоос сэдэвлэн бүтээсэн байна. Жүжигчин Kevin Hart гол дүрд нь тоглож буй тус бүтээл нь эхнэрээ нас барсны дараа дөнгөж төрсөн бяцхан охиноо ганцаараа өсгөж буй эцгийн талаар өгүүлэх юм. Сэтгэлийн нандин утас хөндсөн, драма төрлийн кинонд дуртай хүн бүрийн үзэх кино гэдгийг хэлэхэд таатай байна.

8. “MARRY ME”

Цацагдах огноо: Тавдугаар сарын 14
Тайлбар: Дуучин, жүжигчин Jennifer Lopez, Owen Wilson нар “Marry Me” хэмээх романтик төрөл жанрын кинонд хамтран тогложээ. Тэдний энэхүү хамтрал нь үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж буй бөгөөд нээлтийн өдрийг тэсэн ядан хүлээх үзэгчид ч цөөнгүй бий гэнэ шүү. Киног зохиолч Bobby Crosby-гийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн ба алдартай дуучин бүсгүй өөрийн үнэнч шүтэн бишрэгчдээ дурлан, хайр сэтгэлийн холбоо тогтоож буй үйл явдлыг харуулах аж. 

9. “DUNE”

Цацагдах огноо: Аравдугаар сарын 1
Тайлбар: Энэхүү бүтээл нь өнгөрсөн онд нээлтээ хийхээр товлосон байсан ч цар тахлын улмаас нээлт нь хойшилсоор эцэст нь энэ оны хоёрдугаар хагаст гарахаар болжээ. Уран зөгнөлт, шинжлэх ухаан хосолсон тус бүтээлд жүжигчин Timothee Chalamet, Zendaya, Jason Momoa болон Rebecca Ferguson нар хамтран тоглосон байна. “Dune” киног 1965 онд хэвлэгдсэн ижил нэрт романаас сэдэвлэсэн бөгөөд хоёр анги гаргахаар төлөвлөсний анхны анги нь энэ юм.

10. “THE NIGHTINGALE”

Цацагдах огноо: Арванхоёрдугаар сарын 22
Тайлбар: 2021 онд үзэгчдээс хамгийн өндөр хүлээлт үүсгэж буй бүтээл бол яах аргагүй зохиолч Kristin Hannah-гийн шилдэг борлуулалттай зохиолоос сэдэвлэсэн “Nightingale” кино билээ. Гол дүрд эгч, дүү жүжигчид болох Dakota Fanning, Elle Fanning нар хамтран тоглох юм. Үйл явдал Дэлхийн II дайны үеэр амьд үлдэхийн төлөө тэмцэж буй эгч, дүү хоёрын тухай харуулах ажээ.

Эх сурвалж: Insider

#Кино урлаг #Best Seller #Ном