Zendaya: Залуу үеийнхэнд дэлхийг өөрчлөх итгэл найдвар бий


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-01-12

YOLO.mn сайтын уншигчдадаа зориулан АНУ-ын дуучин, жүжигчин, “Euphoria” цувралын гол дүр Zendaya-гийн ELLE сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

ELLE: Өнгөрсөн оны есдүгээр сард “Эмми” наадмын Олон ангит цувралын “Шилдэг эмэгтэй гол дүр” шагналыг хүртсэн хорин дөрвөн настай Zendaya одоо ч хүмүүсийн сэтгэлд тод үлджээ. Тэрээр “Эмми” наадмын түүхэнд тус шагналыг авсан хамгийн залуу жүжигчин болсон юм. Ийнхүү ELLE сэтгүүлийн маань шинэ дугаарт түүний дотнын найз Timothee Chalamet оролцож Zendaya-тай ярилцсан юм. 


TIMOTHEE CHALAMET: “Эмми” наадмаас шагнал авснаас чинь хойш яриагүй юм байна. Баяр хүргэе!

- Баярлалаа, залуу минь. Би баяртай байгаа. Галзуу бас гайхалтай мөч. 

CHALAMET: “Эмми” наадам виртуалаар зохион байгуулагдсан. Шагнал авна гэдгээ урьдчилж мэдсэн үү?

- Үгүй ээ.

CHALAMET: Мэдээгүй юм бол шагналаа яаж тийм хурдан гардаж аваад байсан юм бэ?

- Тус наадамд нэр дэвшсэн бүх хүмүүсийн гэрийн гадаа хамгаалалтын хувцастай залуус байсан. Хэрвээ шагнал хүртсэн бол тэднээс очиж шагналаа авна.

CHALAMET: Өө новш [инээв]. Чи өөрийнхийгөө хадгалах хэрэгтэй!

- Мэдээж ! Яг үнэндээ миний туслах Darnell бүгдийг зохицуулж өгсөн.


CHALAMET: Сайхан сонсогдож байна. Би чиний өмнөөс үнэхээр их баярласан. Шагнал авахыг чинь хараад бүр хашхирсан гээч. Чамайг нэр дэвшсэний дараа хоёулаа “Эмми” наадам виртуалаар болно гэж ярилцаж байсан үе санаанд орчихлоо. Хэдийгээр хүмүүс биечлэн очоогүй ч чи тэр наадмыг илүү гайхалтай болгосон шүү.

- Баярлалаа. Би босоод юм ярих ёстой билүү гэж бодоод их сандарсан. Ихэнхдээ л сэтгэл зүрхэнд байгаа үгсээ хэлчихдэг байсан боловч тэр шагналыг авахаас өмнө хүмүүс ямар нэг жижигхэн цаасан дээр хэдэн зүйл бичих хэрэгтэй гэж зөвлөсөн. Гэхдээ тэр үед тийм цаас бэлдсэн ч шагнал авч чадахгүй бол яах вэ гэх айдас бас төрж байсан. 

CHALAMET: Гэхдээ л чи энэ ёслолыг үл тоомсорлохыг хүсээгүй байх нь. 

- Мэдээж шүү дээ. Шагнал гардуулах ёслол болохын өмнөх өдөр хэдэн зүйл бичсэн. Мэдээж ингэсэн нь их тус болсон. Тэр үед гэр бүлийнхэн минь хажууд байсан болохоор их баяртай байсан.


CHALAMET: Хайраар дүүрэн мөч юм шиг санагдсан.

- Тийм шүү. Бүгд л орилолдоод баярлаж байсан. Манайх тийм ч их дуу чимээтэй гэр бүл биш. Гэхдээ тэр үед манай гэр бүлийнхэн хэтэрхий чанга бас удаан хашхирчихсан байх вий гэж санаа зовж байлаа.

CHALAMET: Нүүрээ будаж үсээ янзлаад гоё даашинз өмсчихсөн хэрнээ гэрээсээ гарахгүй байх ямар санагдсан бэ?

- Надад бол зүгээр санагдсан. Armani Prive брэндийн үзэсгэлэнтэй даашинзыг өмсөөд үсээ янзлаад, нүүрээ будаад гэр бүлийнхэнтэйгээ зочны өрөөндөө суух үнэхээр сайхан байсан. 

CHALAMET: Сайхан сонсогдож байна.

- Тийм ээ. Гайхалтай байсан. Бас гэр бүлийнхэнтэйгээ зураг даруулсан. Тэдэнтэй байх үнэхээр жаргалтай байдаг.

CHALAMET: Чамд бүх зургийг нийтлэх зөвшөөрөл байсан байх.

- Тийм шүү. Нэг ч хүн “энэ зураг таалагдахгүй байна” гэж хэлээгүй. 

CHALAMET: Магадгүй цаашид ч шагнал гардуулах ёслолууд Zoom апликэйшнээр өрнөх байх.

- Шинэ ертөнц.


CHALAMET: Амьдралаас аз жаргалыг яаж мэдэрдэг вэ? 

- Хөл хориотой байсан ч “Euphoria”, “Malcolm & Marie” зэрэг киноныхоо зураг авалтад оролцож, хүссэн зүйлээ хийж байсан болхооор жаргалтай байна.

CHALAMET: Сүүлийн үед юунаас итгэл найдвар мэдэрч байна вэ?

- Гудамжинд ажил хийж байгаа үе тэнгийнхнээ харахаар маш их итгэл найдвар төрдөг. Би тэднээс зөвлөгөө авч ч болно. Залуу үеийнхэнд асар их итгэл найдвар бий. Залуу гэхээр зөвхөн миний үеийнхэн биш бүр бяцхан хүүхдүүд ч орно. Хүүхдүүд их ухаалаг бөгөөд энэ ертөнцийг өөрчлөх тухай өөрсдийн гэсэн төлөвлөгөөтэй байдаг. Манай зээ дүү нар хүртэл! Тэд өөрсдийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй. Би тэдэнтэйгээ дэлхий ертөнцийн тухай яриа өрнүүлэхэд тэд ч бас дэлхийг өөрчлөхийг, өөрчлөлтийн нэг хэсэг байхыг хүсдэгээ илэрхийлдэг.

CHALAMET: Чи карьерынхаа туршид олон хүнд аз жаргал бэлэглэсэн гэж бодож байна. Би чиний Инстаграм дээрээс сүүлийн хэдэн жил хийсэн ажлыг чинь харсан. Үнэхээр сэтгэл хөдлөм байсан шүү. Бас хүмүүсийг сонгогчийн бүртгэлээ хийлгэхийг уриалж байсан.

- Тийм шүү. Миний хийж чадах зүйл бол хүмүүст урам зориг өгөх, мэдээллээ хуваалцах, уриалах явдал байсан. 


CHALAMET: Мэдээж. “Dune” уран сайхны кинон дээрх бидний дүр ирээдүйд бий болох харгис хэрцгий шинжлэх ухааны эсрэг зогсдог. Чамд энэ киноны зураг авалт ямархуу санагдсан бэ?

- Зурал авалт маш гайхалтайгаар өрнөсөн. Тэдгээр хувцсыг өмсөөд үзэсгэлэнтэй чулуунууд дээр алхаж байхад үнэхээр зэвүүн мэдрэмж төрсөн. Гайхамшгийн нэг хэсэг болчихсон юм шиг догь байсан шүү. 

CHALAMET: Зураг авалт завсарлах үед юу хийх дуртай байсан бэ?

- Өөрийнхөө өрөөнд үдэшлэг зохиох.


CHALAMET: Чи Sam Levinson-той хамт “Malcolm & Marie” киноныхоо зураг авалтыг дуусгасан шүү дээ. Хэдийгээр хөл хорионд орсон ч та нар зураг авалтаа аюулгүй хийж дуусгасан байсан. 

- Миний хувьд Sam гэр бүлийн минь гишүүн шиг санагддаг. Би түүнтэй өдөржин, шөнөжин ярьдаг. Заримдаа “Euphoria” цувралын тухай ярилцаж, заримдаа зүгээр л өдөр тутмын амьдралынхаа талаар ярилцдаг. Мэдээж манай кино багийнхан хамтдаа хөл хорионд орсон нь олон талаараа бүтээлч байдлыг бий болгосон. Яагаад гэвэл бид хамтдаа материал дээрээ ажиллах боломжтой болсон. 

CHALAMET: Тэр үед чамтай ярихад урам зоригтой, бүтээлч байгаа чинь мэдрэгдэж байсан. Жүжигчний хувьд үнэхээр сэтгэл ханамжтай байсан байх. Олон шилдэг кинонууд байдаг ч яг ийм тохиолдлоор жүжигчид санал бодлоо солилцох боломж хомс гэж бодож байна. 

- Заримдаа бухимддаг байсан. Чамд сайхан санаа төрсөн ч түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өөрийнхөө хамаг мөнгийг үрэх шаардлага гарна. Жишээ нь би өөрийнхөө хувцсыг өмсөж, өөрөө нүүрээ будаж, үсээ янзалж зураг авалтад орж байсан. Заримдаа “Би юу л хийгээд байна даа” гэж ч бодогдоно. Гэхдээ Sam-тэй хамтран ажиллах үнэхээр амар байсан. Бас John David Washington үнэхээр мундаг хүн. Залуус аа! Та нартайгаа уулзахыг тэсэн ядан хүлээж байна.


CHALAMET: Би David-тэй хэдэн удаа уулзаж байсан. Тэр залуу үнэхээр авьяаслаг. “BlacKkKlansman” (2018), “Tenet” (2020) зэрэг киног нь үзээд урам зориг авсан шүү. Манай цаг үеийн хамгийн агуу жүжигчдийн нэг гэж боддог. Та нар нэг кинонд тоглосон нь бүр ч гайхалтай. 

- Тэр ч үнэхээр догь залуу шүү. Би зүгээр л өөр шигээ хүмүүстэй хамтран ажиллаж чадсан болохоор баяртай байна. Бас тэдгээр хүмүүстэй найз болсондоо талархаж байгаа.

CHALAMET: Дэлхий ертөнц хэвэндээ орохоор хамгийн түрүүнд юу хийхийг хүсэж байна? Сүүлийн хагас жилд хийж чадаагүй ч жагсаалтын чинь нэгдүгээрт байгаа зүйл юу вэ?

- Мэдэхгүй байна аа. Бүх зүйл хэвэндээ орохын тулд нэлээд удаан хугацаа шаардагдах байх. Би аялах дуртай. Гайхалтай аялал хиймээр байгаа ч тэгэж болох аюулгүй газар олох хэцүү байна. Янз бүрийн газраар аялах нь миний ажлын хамгийн сайхан хэсэг гэж боддог. Гэхдээ би музей үзэж, боловсролдоо хөрөнгө оруулалт хийж болохуйц газраар аялах дуртай. Зарим хүмүүст уйтгартай санагдах байх. Гэхдээ л би дуртай. Гэртээ хариад хүмүүст “Чи энэ барилгыг яагаад баригдсан гэдгийг мэдэх үү?” гэх мэтээр өөрийнхөө олж авсан мэдээллийг түгээнэ. Би яг ийм янз бүрийн сонирхолтой мэдээлэлд дуртай. Аялахыг хүсэж байна шүү... Азаар ажлаа аюулгүй нөхцөлд хийж байгаадаа баяртай байна. 

#Ярилцлага #Залуус #Алдартан