Кпопын эргэн тойронд: GOT7 хамтлагийнхан JYP энтертайнментийг орхино


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-01-11

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

GOT7 ХАМТЛАГИЙНХАН JYP ЭНТЕРТАЙНМЕНТИЙГ ОРХИНО

Шинэ он гарсны дараа GOT7 хамтлагийн гэрээний асуудал хүчтэй яригдсан юм. Тус хамтлагийн JYP энтертайнменттай хийсэн гэрээ энэ онд дуусах бөгөөд SPOTV сайтаас Yugyeom-ийг AOMG компанитай гэрээ байгуулна хэмээн мэдээлсэн юм.

Харин JYP энтертайнментаас энэ мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд дараах хариултыг өгчээ. Үүнд:

- “Бид GOT7 хамтлагийн гишүүдэд гэрээг олон төрлийн нөхцөлтэйгөөр санал болгохоор ярилцаж байна. Бэлэн болсон үедээ мэдэгдэл хийх болно” гэжээ.

Мөн JYP энтертайнментийн үүсгэн байгуулагч J.Y. Park Инстаграм хуудсаараа GOT7 хамтлагийн Bambam, Jinyoung, Mark нарыг дагахаа больсон байна. Харин тус хамтлагийн Youngjae, Jackson, Yugyeom нарыг дагасан хэвээр байгаа аж. Гэвч Youngjae захирлыгаа дагахаа больсон төдийгүй дууг нь ковер хийсэн бичлэгээ ч устгасан байна. Үүгээр ч зогсохгүй Bambam болон Youngjae нар J.Y.Park-тай авахуулсан зургуудаа устгажээ.

Харин нэгдүгээр сарын 10-ны өдөр Dispatch сайтаас:

- “GOT7 хамтлагийн гишүүд хоорондоо маш дотно. Тэд хамтдаа үлдэхийг хүссэн боловч энтертайнментийнхаа саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс өөр өөрсдийн замаар явахаар болжээ” хэмээн мэдээлсэн байна.

Өмнө нь маш олон сайтуудын мэдээлж байсанчлан Dispatch сайт ч GOT7 хамтлагийн бүх гишүүд өөр өөр энтертайнментэд орж байгаа талаар нийтэлжээ. Тухайлбал, Jinyoung BH энтертайнменттай, Yugyeom AOMG компанитай гэрээгээ байгуулсан.

Youngjae Sublime Artist агентлагтай ярилцаж байгаа бол JB өөрийг нь бие даасан уран бүтээлчийн хувьд дэмжиж өгөх компани хайж байгаа аж.

Харин Jackson өөрийн Team Wang төслөө үргэлжлүүлэх бол BamBam Тайланд болон Өмнөд Солонгос улсад бие даан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж MakeUs энтертайнметтай гэрээ хийхээр ярилцаж байгаа гэнэ. Мөн Mark-ийг АНУ-руу нүүж, YouTube сувгаа идэвхтэй ажиллуулахаар төлөвлөж байгаа гэжээ.

Энэ мэдээллийн дараа JYP энтертайнментаас дараах тайлбарыг өгсөн байна. Үүнд:

- “Бид GOT7 хамтлагийн гишүүдийг ямар нэг компанитай гэрээ байгуулсан гэдэг мэдээллийг баталгаажуулах боломжгүй байна. GOT7 хамтлагтай гэрээгээ шинэчлэх талаар бидний байр суурь тодорхой болсны дараа та бүхэнд мэдээлэх болно” гэжээ.

Энэ мэдэгдлийн дараа GOT7 хамтлагийн гишүүд өөрсдийн цахим хаягтаа #GOT7FOREVER хаштагийг ашиглан хамтлагийнхаа зургийг нийтэлсэн юм. Мөн хамтлагийн гишүүн Mark:

- “Өнгөрсөн долоон жил миний амьдралын хамгийн сайхан жилүүд байлаа. Юу ч төгсөөгүй, энэ бол зөвхөн эхлэл. Бид эцсээ хүртэл өөрсдийнхөө хамгийн шилдэг хувилбарыг та бүхэнд үзүүлэх болно” хэмээн жиргэжээ.

Ийнхүү нэгдүгээр сарын 10-ны өдөр #GOT7FOREVER хаштаг Твиттерт трэнд болсон байна. Өмнө нь тус хамтлагийн шүтэн бишрэгчид JYP энтертайнментаас GOT7 хамтлагийн үйл ажиллагааг тогтвортой байлгаж, илүү их анхаарал тавьж өгөөч хэмээн давлагаалж байсан юм. Харамсалтай нь тус энтертайнментийн зохион байгуулалт, GOT7 хамтлагт тавьж буй анхаарал халамж өнөөдрийг хүртэл дэндүү муу байсан хэмээн олон хүмүүс шүүмжилсэн байна.

JIMIN ӨӨРИЙГӨӨ НИЙГМЭЭС ТУСГААРЛАЖЭЭ

Саяхан интернет хэрэглэгчдийн дунд Shin Jimin хэрхэн амьдарч байгаа талаар хүчтэй хэлэлцүүлэг өрнөжээ. Мэдээж түүний шүтэн бишрэгчид түүнийг хаана, юу хийж байгааг ихээхэн сонирхож байгаа нь гарцаагүй.

Өнгөрсөн оны долдугаар сард AOA хамтлагийн гишүүн Jimin хамтлагийнхаа өмнөх гишүүн Mina-г арав гаруй жилийн турш дээрэлхэж байсан нь ил болсноор Jimin-ий урлагийн карьер төгссөн юм. Ийнхүү түүний харьяалагдаж байсан FNC энтертайнментаас уучлалт гуйж Jimin-ийг урлагийн ертөнцийг орхисон гэдгийг мэдэгджээ. Энэ үйл явдлын дараа Jimin өөрийн цахим хаягуудыг устгасан бөгөөд идэвхтэй ажиллуулж байсан YouTube сувгаа ч хаасан юм.

Харин энэ оны эхээр Daily News сайтаас Jimin-ийг хэрхэн амьдарч байгаа талаар нийтлэл гаргажээ. Тэд Jimin-ийн ойрын хүмүүсийг эх сурвалжаа болгосон бөгөөд Jimin өнгөрсөн онд холбогдсон асуудлаасаа хойш ойр дотныхоо хүмүүстэй огт уулзаагүй гэнэ. Мөн FNC энтертайнменттай нэг ч удаа холбоо бариагүй бөгөөд олон нийтээс өөрийгөө тусгаарлаж ганцаараа амьдарч байгаа гэжээ.

SHINEE ХАМТЛАГ ЦОМОГ ГАРГАНА

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр SHINee хамтлагийг тун удахгүй шинэ уран бүтээл гаргана хэмээн мэдээлжээ. Энэ талаар SM энтертайнментаас албан ёсны тайлбар хийсэн бөгөөд тэд:

- “SHINee хамтлаг шинэ цомог гаргахаар бэлдэж байгаа нь үнэн. Бүх зүйл тодорхой болсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” гэсэн байна.

SHINee хамтлаг сүүлийн гурван жилийн турш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Кпоп сонсогчдын зүгээс тус хамтлагийн шинэ цомогт өндөр хүлээлт тавьж байна.

SUPER JUNIOR ХАМТЛАГ ЦОМОГ ГАРГАХ ӨДРӨӨ ХОЙШЛУУЛЛАА

Super Junior хамтлаг энэ сард “The Renaissance” нэртэй арав дахь бүрэн хэмжээний цомгоо гаргахаар төлөвлөж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан байна. Тэдний харьяалагддаг Label SJ агентлагаас дараах мэдэгдлийг хийжээ. Үүнд:

- “Бид нэгдүгээр сард цомгоо гаргахаар бэлдэж байсан ч та бүхэнд илүү чанартай үзүүлбэр үзүүлэхийн тулд цомог цацагдах хугацааг хойшлуулахаар шийдлээ. Super Junior хамтлагийн арав дахь бүрэн хэмжээний цомгийг хүлээж байсан шүтэн бишрэгчдээс нь уучлалт хүсье.

Super Junior хамтлагийн гишүүд болон Label SJ хамтран тус хамтлагийн шинэ цомог дээр хичээнгүйлэн ажиллаж байгаа. Бид та бүхнийг нөхцөл байдлыг ойлгож, дэмжинэ гэж найдаж байна”.

Ийнхүү Super Junior хамтлаг хоёрдугаар сарын 16-ны өдөр шинэ цомгоо худалдаанд гаргахаар болсон байна.

DARA АМЬТДЫГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГТ ХАНДИВ ӨГЧЭЭ

2ne1 хамтлагийн гишүүн Sandara Park буюу Dara Кёнги мужийн Намянжү хотод байрладаг “Амьтдыг хамгаалах нийгэмлэг”-т хандив өгсөн байна.

Тэрээр Инстаграм хаягтаа ийн бичжээ:

- “Өнөөдөр DrDOG байгууллагын хамт Намянжү хотын “Амьтдыг хамгаалах нийгэмлэг”-ээр зочилсон юм. Хүнд хэцүү нөхцөлөөс аврагдаж, эрүүл өсөж торниж буй нохой муурнуудад хоол тэжээл хандивлалаа. Тэд үнэхээр эгдүүтэй юм аа. Маш олон бяцхан амьтад гэр бүлээ хүлээж байна! Гэрийн тэжээвэр амьтан үрчилж авах гэж байгаа хүмүүс эхлээд сайн бодоорой. Дараагийн удаад надтай хамт энд ирж болох уу гэж асуусан олон хүн байсан. Энэ дэлхий дээр сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгааг ойлголоо. Үнэхээр сэтгэлд дулаахан өдөр байлаа. Бие биенээ хайрлаж, эрүүл энх байцгаая”.

LISA “YOUTH WITH YOU” НЭВТРҮҮЛЭГТ МЕНТОР ХИЙНЭ

BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa БНХАУ-ын “Youth With You” нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарт ментор хийхээр болжээ. Тус нэвтрүүлгийн зүгээс:

- “2021 онд манай бүжгийн ментор Lisa-гийн үзүүлбэр үргэлжлэх болно. Түүнтэй хамт бүжиглэж, багт наадам хийхэд бэлэн үү?” хэмээн бичжээ.

Lisa уг нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын бүжгийн ментороор ажилласан бөгөөд гуравдугаар улиралд ч ментор хийхээр болсон байна. Одоогийн байдлаар нэвтрүүлгийн зураг авалт хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа ч Lisa ирэх сард бие даасан уран бүтээл гаргахаар бэлдэж байгаа юм.

Эх сурвалж: Allkpop, Dispatch

#Кпопын эргэн тойронд