Энэ онд нээлтээ хийх WEBTOON зохиолоос сэдэвлэсэн кинонууд


Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгос улс дэлхийн жишигт нийцсэн чанартай уран бүтээлүүд туурвиж, кино урлагаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэхэд хилсдэхгүй биз ээ. Үүний нэгэн жишээ бол цахим комик хэмээгддэг webtoon-ээс сэдэвлэн бүтээгдсэн “Sweet Home” (2020) цуврал юм. Уг цуврал цацагдсан даруйдаа олон зуун мянган үзэгчдийг байлдан дагуулж, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аван 2020 оныг амжилтаар дүүрэн үдсэн билээ. 

Ингээд 2021 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж буй webtoon-ээс сэдэвлэсэн таван уран бүтээлийг танилцуулъя. Үзэгчид эдгээр бүтээлүүдэд чамгүй өндөр хүлээлт үүсгээд байгаа гэсэн шүү.

“SUNBAE DON’T PUT ON THAT LIPSTICK”

Энэхүү цувралыг Naver Webtoon дээрх “She Would Never Know” хэмээх комикоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд комикын нэрийг цувралын албан ёсны нэрээр сонгожээ. Яг л “True Beauty” цувралыг “The Secret of Angel” гэж нэрлэсэн шиг.

Гол дүрүүдэд SF9 хамтлагийн дуучин Rowoon болон жүжигчин Won Jin Ah нар тогложээ. Хайр дурлал, инээдэм хосолсон тус цуврал насны зөрүүг үл харгалзан бие биедээ татагдах Chae Hyeon Seung, Yoon Song Ah  нарын хайрын түүхийг өгүүлэх аж. Цуврал энэ оны нэгдүгээр сарын 18-наас эхлэн JTBC сувгаар цацагдаж эхлэх юм.

“RAW/ FRIGHTENING COHABITATION”

Гол дүрүүдэд жүжигчин Jang Ki Yong болон Girl’s Day хамтлагийн гишүүн Hyeri хамтран тоглох ажээ. Үйл явдлын тухайд хүн болох хүсэлтэй есөн сүүлт үнэг Shin Woo Yeo-гийн мөрөөдлийг биелүүлэх цорын ганц үнэт чулууг Lee Dam хэмээх нэгэн коллежийн оюутан санамсаргүй залгиснаар өрнөнө. Чулууг залгисан энгийн хүн нэг жилийн хугацаанд л амьд явдаг аж. Иймд тэд асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтран амьдарч эхлэх ба тэдний хайрын түүх үүгээр эхэлнэ.

Цуврал 2020 оны сүүлээр үзэгчдийн хүртээл болохоор яригдаж байсан ч энэ оны эхний хагас хүртэл хойшилсон байна.

“HELLBOUND”

Ижил нэрт комикоос сэдэвлэн хийгдэж буй тус цувралын найруулагчаар “Train to Busan” (2016) болон “Peninsula” (2020) киног найруулсан Yeon Sang Ho ажиллаж байгаа юм.  Гол дүрүүдэд Yoo Ah In, Park Jung Min, Kim Hyun Joo болон Won Jin Ah зэрэг жүжигчид тоглох ажээ.

“Hellbound” бол ертөнцийн төгсгөлийг харуулсан далд утга санаа бүхий цуврал юм. Тэнгэрийн элч нар хүмүүсийг тамд унагах боловч эцсийн мөчид хүн төрөлхтөн өөрөө жинхэнэ хараал гэдгээ ухаарна. Netflix дээр байрших уг цуврал нийт зургаан ангитай байх бөгөөд нээлтээ хийх хугацаа нь хараахан тодорхой болоогүй байгаа юм.

“OMNISCIENT READER”

“Omniscient Reader’s Viewpoint” комикоос сэдэвлэн хийгдэхээр яригдаж буй энэхүү кино нь бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Одоогоор жүжигчдийн бүрэлдэхүүн хараахан зарлагдаагүй ч энэ ондоо багтаан нээлтээ хийх төлөвтэй байна.

Дуртай вэб романыхаа ертөнцөд өөрийгөө олж харсан залуугийн амьдралд тохиолдох адал явдлыг харуулах уг кино сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна. 

“YUMI’S CELLS”

Naver webtoon дээр 2015 оноос хойш таван жилийн турш тасралтгүй нийтлэгдсэн “Yumi’s Cells” нь яах аргагүй хамгийн алдартай комикуудын нэг билээ. Цувралын гол баатар болох Yumi-гийн дүрийг залуу жүжигчин Kim Go Eun бүтээх юм.

Yumi бол 30 гаруй настай жирийн нэгэн бүсгүй бөгөөд маш жижигхэн зүйлээс аз жаргал, таашаал авч чаддаг нэгэн. Түүний амьдралд тохиолдож буй зүйлсийг маш сонирхолтой өнцгөөс харуулдаг тул үзэгч таныг хором ч уйдаахгүй гэдэгт итгэж байна. Цуврал энэ оны эхний хагаст цацагдаж эхлэх ажээ. 

Эх сурвалж: Allkpop

#Кино урлаг #Webtoon