“The Penthouse: War in Life” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2021-01-06

Бид өмнөх дугаараараа “How the Grinch Stole Christmas” киноны талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа үзэгчдийн дунд нэлээдгүй шуугиан тариад буй “The Penthouse: War in Life” цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 7.9/10

Киноны үнэлгээ /AsianWiki/: 87%

Эхний анги цацагдсан огноо: 2020 оны аравдугаар сарын 26

Нийт ангийн тоо: 21

Үйл явдал: БНСУ-ын хамгийн баян, дээд зэрэглэлийн хүмүүс амьдардаг 100 давхар бүхий пентхаус барилгад Min Seol Ah хэмээх охин нас барна. Түүнийг хэн хөнөөсөн нь мэдэгдэхгүй байсан тул элдэв цуу ярианаас эмээсэн хэсэг бүлэг оршин суугчид нийлж түүний цогцсыг зөөн, амиа хорлосон мэт харагдуулах гэж хичээнэ. Гэвч Min Seol Ah охиныг пентхауст алуулж байхыг харсан гэрч гарч ирэх ба түүний хувьд Min Seol Ah маш чухал хүн байлаа. Ийнхүү эрх мэдэл, нэр хүндээ авч үлдэх гэсэн оршин суугчдад төсөөлөөгүй үйл явдлууд тохиолдож эхэлнэ.

ЭХНЭРИЙН УРХИ

Энэхүү цуврал нь өшөө авалт, санаанд оромгүй үйл явдлуудаараа үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байгаа билээ. Харин цувралын зохиолыг бид бүгдийн “Эхнэрийн урхи” хэмээх нэрээр нь сайн мэдэх “Temptation of Wife” (2008) цувралын зохиолч Kim Sun Oh бичжээ.

ЭРС ӨӨРЧЛӨЛТ

“Dream High” (2011) цуврал дээр сайхан сэтгэлтэй, гэнэн багшийн дүрд тоглосон жүжигчин Uhm Ki Joon-ы эрс өөрчлөлт үзэгчдийг гайхшруулжээ. Учир нь тэрээр энэхүү цувралд мөнгө, эрх мэдэлтэйн сацуу хорон санаатай Joo Dan Tae залуугийн дүрийг чадварлагаар бүтээж байгаа юм.

LEE JI AH

Кинонд Shim Su Ryeon-ы дүрийг бүтээсэн жүжигчин Lee Ji Ah-гийн хувийн амьдрал тус киноны үйл явдлаас ч илүү адармаатай гэнэ шүү. Тэрээр маш чинээлэг айлын охин ба 1997 онд тухайн үедээ БНСУ-ын хөгжмийн зах зээлийг эзэгнэж байсан Seo Tai Ji-тай нууцаар гэрлэж байжээ.

Тэрээр гэрлэхдээ батлуулах үедээ дөнгөж 19 настай байсан бөгөөд 2006 онд хосууд албан ёсоор салжээ. Гэвч энэ тухай 2011 онд хүртэл хэн ч мэдээгүй байсан ба Lee Ji Ah-г алдарт жүжигчин Jung Woo Sung-тай болздог байхад мэдээлэл цацагдаж байв. Энэхүү мэдээний дараа тэд мөн л хоёр тийш болсон гэдэг.

ҮЗЭГЧДИЙН ХУВЬ

“The Penthouse: War in Life” цувралын эхний анги 8.2 хувийн үзүүлэлттэй байсан бол 18-р ангийн үзүүлэлт 25.7 хүртэл өсөж, SBS телевизийн сувгийн хамгийн олон үзэгчтэй цувралуудын нэгээр тодроод байгаа билээ.

“SKY CASTLE”-ИЙГ ХУУЛБАРЛАСАН УУ?

Тус цуврал нь 2018 онд хит болсон “Sky Castle” цувралтай хэд хэдэн зүйлээрээ төстэй учир цуврал анх цацагдаж байхад “Sky Castle”-ийг хуулбарласан хэмээх цуу тарсан ч шинэ ангиуд гарах болгонд үзэгчдийн бодол өөрчлөгдөж эхэлсэн ажээ. “Баахан галзуу хүмүүс болон тэдний солиорлыг үзье гэж бодвол “The Penthouse: War in Life” цувралыг үзээрэй гэж зөвлөе. Бүх ангийг нь дуусгаж байж л санаа чинь амарна”, “Энэ цуврал “Sky Castle”-ыг бодвол илүү сонирхолтой юм” зэрэг сэтгэгдлүүдийг үзэгчид үлдээсээр байна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Энэхүү цуврал нь нийт гурван бүлэгтэй ба ирэх хоёрдугаар сард дараагийн бүлэг нь цацагдахаар болжээ. Иймээс бид хүлээх л үлдлээ.

Эх сурвалж: Soompi

#Бидний мэдэхгүй баримтууд #The Penthouse: War in Life