5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Дэлгэцийн донтолт ямар шалтгааны улмаас бий болдог вэ?


Техник, технологи асар хурдтай хөгжихийн хэрээр бид хүссэн газраасаа интернетэд хурдан, шуурхай холбогдож, харилцаа холбоонд нэгдэн, дуртай зүйлсээ хийх боломжтой болсон билээ. Гэвч үүнийг удаан хугацаагаар хэрэглэх нь бие махбод болоод сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Магадгүй уншигч та ч бас өөрийн мэдэлгүй утсаа олон цагаар оролддог бол энэхүү нийтлэлд анхаарлаа хандуулахыг хүсье.

Бид энэ удаагийн дугаарт дэлгэцийн донтолт гэж юу болох, ямар шалтгааны улмаас бий болдог талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

ДОНТОЛТ ГЭДЭГ НЬ...

Донтолт бол нас, хүйс, боловсрол харгалзахгүйгээр хүний сэтгэцийн онцлог, нийгмийн бусад хүчин зүйлсээс шалтгаалан аливаа нэг зүйлээс хараат болохыг хэлдэг бөгөөд нэгэн төрлийн сэтгэцийн өвчин юм.

Донтолт нь:

- Эхний шатанд тухайн зүйлийг хийх явцад төрж буй сэтгэл хөдлөл, мэдрэмж таатай байна.
- Донтолтын хэмнэл үүсэх үед сэтгэл зүйн хувьд таагүй болно.
- Донтолт дахин давтагдаж, төлөвшдөг ба энэ үед хүний сэтгэл зүйд маш их нөлөөлдөг.
- Донтох эмгэгт автах үед аажим аажмаар бусдаас өөрийгөө тусгаарлана.
- Эцэст нь донтох эмгэг бие сэтгэлийг бүхэлд нь нөлөөндөө оруулдаг.

ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлгэцийн донтолт гэдэг нь ухаалаг гар утас, компьютер, таблет, зурагт зэрэг хэт ягаан туяа ялгаруулагч төхөөрөмж байнга үзэх хүсэлтэй болж, өөрийгөө хянах чадвараа алдахыг хэлнэ. Хүн өдөрт 4 болон түүнээс дээш цагаар дэлгэц үзэж байгаа бол дэлгэцэд донтох эрсдэлд орж байна гэсэн үг юм.

Дэлгэцийн донтолтод ихэвчлэн өсвөр насныхан өртдөг бөгөөд энэ нь сэтгэл гутралд орох, сэтгэл санаагаар унах, өөрийгөө бусдаас доогуур үнэлэх зэргээр сэтгэцийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг байна. 

ДЭЛГЭЦ ШИРТЭХ ДЭЭД ХУГАЦАА:

- 0 - 6 сартай нярай: Дэлгэц үзүүлж болохгүй.

- 6 сараас - 2 ой: Зөвхөн эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт дор утсаар дүрсээ харж ярих үед л харуулж болно.

- 2 - 5 нас: Өдөрт 30 минут.

- Бага ангийн сурагчид: Өдөрт 30 минутаас 1 цаг.

- Өсвөр нас, насанд хүрэгчид: Тодорхой заасан хугацаа байхгүй ч 5 болон түүнээс дээш цаг харах нь дэлгэцийн донтолт үүсгэдэг.

ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТ БИЙ БОЛГОЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС:

Дэлгэцийн донтолтыг дараах байдлаар ангилдаг:

Интернетэд донтох – Интернетээр өөрийгөө зугаацуулах, цаг нөхцөөх, хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл уншин олон цагаар суухыг хэлнэ.

Видео тоглоомд донтох – Дэлгэцийн донтолтод өртсөн арван хүн тутмын нэг нь видео тоглоомын улмаас донтдог байна. 

Хэн нэгний хараан дор албадлагын шинжтэй донтох – Цахимаар худалдаа, наймаа эрхлэх, ажлын шаардлагаар хэт удаан ширтэх нь мөн л дэлгэцийн донтолт юм.

Технологид хэт их донтох – Үүнд технологийн шинэ бараа, бүтээгдэхүүн зах зээлд гарч ирсэн даруйд худалдан авч, ажиллагаа, бүтцийг нь харах, туршиж үзэх зэрэг хамаарна.

Ухаалаг гар утсанд донтох – Дээр дурдсантай адил боловч ухаалаг утсан дээр олон төрлийн зүйл хийж болно. Тоглоом тоглох, кино, бичлэг үзэх, утсаар ярих, олон цагаар интернетээр хэсүүчлэх гэх мэт.

Олон нийтийн сүлжээнд донтох – Үүнд: Youtube, Instagram, Facebook зэрэг олон нийтийн сүлжээнд цагийн хязгаарлалтгүй орохыг хэлдэг бөгөөд хүн өөрөө ийм донтолтод өртсөнөө анзаардаггүй байна.

Бид дараагийн дугаарт дэлгэцийн донтолтын үед илрэх шинж тэмдгүүд болон тэдгээрийг хэрхэн таних тухай мэдээллийг хүргэх болно. 

Эх сурвалж: Psycom, NHA Health

#Сэтгэлзүй #Дэлгэц #Донтолт