Монголын ОЛНЫ ТАНИЛ залуусын 2020 онд СУРСАН зүйлс


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-12-31

Шинэ жилийн баяр яг л ид шид шиг. Хоног тоолон догдлон хүлээж, хаа сайгүй гэрлэн чимэглэл анивчин, чихэр жимс, инээд хөөрт бялхах энэ баярт дургүй хүн ховор биз. Хүн бүхэнд хуучин оноо дэнслэн, шинэ оноо баяртайгаар угтах боломж олгодог нь шинэ жилийн баярын нэг онцлог. Тиймдээ ч бидний мэдэх олны танил эрхмүүд өнгөрч буй 2020 оноо дүгнэж, шинэ жилтэй холбоотой нандин дурсамжаасаа хуваалцсаныг оны сүүлийн өдөр та бүхэндээ өргөн барьж байна.

ЗАГВАР ӨМСӨГЧ С.ТӨГС: 2020 ОНД АМЬДРАЛЫН ЖИЖИГ ЗҮЙЛСИЙГ Ч ХАЙРЛАЖ СУРСАН.

Мартагдашгүй шинэ жилийн баяр:

Өмнө нь мартагдашгүй шинэ жил гэхээр багадаа ээжтэйгээ хамт Германд европ маягаар буюу найзуудын үдэшлэгт оролцож, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг байсан маань санаанд ордог байв. Тухайн үед би их жоохон байсан. Одоо бол Цэнгүүнтэй таван жилийн өмнө шинэ жилийн баяраар "Irish" пабд анхны болзоогоо хийж байсан маань санаанд ордог.

Шинэ жилийн баяртай холбоотой хөгжилтэй түүх:

Багадаа ээжтэйгээ хамт шинэ жилийн үдэшлэгт оролцож, нэг паб руу явсан юм. Ээж маань найзуудтайгаа юм ярьж, инээлдэх зуур би тэнд байсан мууртай тоглож өнгөрүүлсэн шинэ жил эргээд бодоход хөгжилтэй санагддаг.

2020 оноос сурсан гол зүйл:

Энэ жил гэрээсээ ажиллах шаардлагатай болсон учраас Youtube сувагтаа илүү анхаарч, сэтгэл гаргаж ажилласан. Түүнчлэн 2020 онд өмнө нь анзаардаггүй байсан жижиг зүйлс яг үнэндээ ямар том зүйл байсныг ойлголоо. Энэ онд манай салбарт зохиогдсон цор ганц загварын шоу нь “Carardli” брэндийнх байсан юм. Өмнө нь тайзны ард удаан хүлээж буйдаа цухалддаг байсан бол уг загварын шоугаар бүгдээрээ хамтдаа суух ямар гоё юм бэ гэдгийг анзаарсан. Кино театрт кино үзэх хүртэл хэчнээн жаргалтай үйл явдал байсан юм бэ. Би 2020 онд амьдралын жижиг зүйлсийг ч хайрлаж сурсан.

МОНГОЛ ТЕЛЕВИЗИЙН ХӨТЛӨГЧ, СЭТГҮҮЛЧ У.ЭРХБАЯР: ЗУРГИЙН ДУГУЙЛАНД ЯВЖ, ЗУРЖ ЭХЭЛСЭН

Мартагдашгүй шинэ жилийн баяр:

1997 онд сургуулийнхаа шинэ жилийн цэнгүүнд өвлийн өвгөн ааваас бэлэг авсан үе. Тухайн үед өвлийн өвгөнд итгэдэг байсан учраас яг тэр төрхөөр нь л төсөөлөх болсон. Тэр бэлэгт диско пичень, алим, мандарин, чихэр, ундаа байсныг тод санаж байна. Мандариныг нь хальслаад хувцасны шүүгээндээ хийхэд үнэр нь шингэж, шүүгээгээ нээх тоолонд жимсний сэнгэнэсэн үнэр үнэртдэг байлаа.

Мөн жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-нд манайх гацуураа засдаг байсан нь сэтгэлд хоногшиж үлджээ. Түүнчлэн “Өнөө өглөө” хөтөлбөрт хөтлөгч хийснээс хойш 31-ний өглөө шууд нэвтрүүлгээр оргилуун дарс буудуулж, бялуу зүсэн, баярын зоог бэлдэж, баярын уур амьсгалыг 00:00 цагаас өмнө мэдэрдэг болсон. Иймээс орой гэртээ очиход өглөө он солигдчихсон ч юм шиг мэдрэмж төрдөг.

Шинэ жилийн баяртай холбоотой хөгжилтэй түүх:

Багадаа шинэ жилийн өдөр ээж аав хоёртойгоо зах руу явсан юм. Гэтэл би төөрч, ээж аавдаа намайг орхиж явлаа гэж уурлан, айсандаа өмдөндөө шээж билээ. Аав ээж хоёр маань намайг олоход шээснээс болж өмдний нэг тал хүйтэнд хөлдчихсөн байсан.

2020 оноос сурсан гол зүйл:

Энэ онд хөл хориог эерэгээр ашиглахын тулд зургийн дугуйланд явж, зурж эхэлсэн. 2017 онд “Зорих зүг”, 2019 онд “Баярлалаа чамдаа” номоо гаргасан. Харин 2022 онд гурав дахь номоо өлгийдөж авахаар зорьж байгаа учраас энэ онд зохиол буюу санаан дээрээ ажиллалаа. Мөн өнгөрөгч есдүгээр сард кофе шоп нээж, албан ёсоор бариста болсон. Өглөө бүр уух дуртай кофегоороо бяцхан бизнесээ эхлүүлсэндээ баяртай байна.

ЖҮЖИГЧИН, ВЛОГГЭР Д.ӨСГҮҮНБИЛЭГ: ХЭН НЭГНЭЭС ХАМААРАЛГҮЙ АМЬДАРЧ СУРЛАА

Мартагдашгүй шинэ жилийн баяр:

Долоо билүү найман настайдаа өвлийн өвөөд итгэдэг байсан үеийн шинэ жил маань хамгийн сайхан. Гадаа том гацуурын хажууд оноо гаргасны дараа гэртээ орж ирэхэд гацуурын доор тэшүүр байсан. Тэрийг хараад өвлийн өвөө үлдээсэн байна гэж их баярлаж байлаа. Яг тэр жилийн дараагийн шинэ жилээс өвлийн өвөө байдаггүй гэж мэдсэн.

Шинэ жилийн баяртай холбоотой хөгжилтэй түүх:

Манай гэр бүл сүүлийн 10 гаруй жил шинэ жил тэмдэглээгүй учраас он солигдсоны дараа найзуудтайгаа уулзаж, цасаар байлдаж тоглодог уламжлалтай болсон. Энэ уламжлал маань хөгжилтэй санагддаг.

2020 оноос сурсан гол зүйл:

Энэ онд их сургуулиа төгссөн. Сургуулиа төгссөний дараа би мэргэжилдээ бууж өгч, оффисын ажилд орно гэж бодож байлаа. Харин одоо энэ шийдвэрээ дагалгүй, дуртай ажлаа хийж буйдаа баяртай байна. “100-ийн хайр” бол миний хувьд энэ жилийн хамгийн онцлууштай үйл явдал. Найзуудтайгаа хөдөө сүлжээгүй газраар яваад, 14 хоногийн дараа гэртээ ирэхэд Фэйсбүүк, Инстаграм дээр маш олон хүн дагаж, чат бичсэн байсан. Үүнийг хараад маш их баярласан.

Мөн 2020 онд анх хөл хорио зарлахад торонд байгаа шувуу шиг торноосоо гараад дүүлэн нисмээр санагддаг байлаа. Найзуудтайгаа уулзахгүй л бол хэцүү санагдаж байсан бол одоо гэртээ аль болох өөртэйгөө цагийг өнгөрүүлэхийг хүсэх болсон. Өөрөөр хэлбэл хамгийн их ганцаардсан мөртлөө ганцаараа байж, хэн нэгнээс хамааралгүй амьдарч сурсан жил байлаа.

ЗАГВАР ӨМСӨГЧ Э.ЭНХБОЛД: ДЭЛХИЙ НИЙТЭЭР СУРСАН ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ

Мартагдашгүй шинэ жилийн баяр:

Одоогоос 11 жилийн өмнө анх аав болж байлаа. Тэр шинэ жилээс хойш би жил бүр өвлийн өвгөн болж, хүүхдүүдэд бэлэг тараах болсон. Эхнэр маань төрөх дөхсөн, том гэдэстэй, хөөрхөн цасан охин болоод надад тусалдаг байв. Одоо бид зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг тараадаг болсон. Өмнө нь өвлийн өвгөн, цасан охин хоёр л байсан бол өдгөө хүүхдүүд маань захидал бичих, бэлэг бооход тусалдаг болжээ. Нэг ёсондоо өвлийн өвгөн бяцхан анаахайнуудтай болсон байна.

Шинэ жилийн баяртай холбоотой хөгжилтэй түүх:

Шинэ жилээр хүүхдүүд дээр өвлийн өвгөн болж очих хөгжилтэй бас аз жаргалтай байдаг. Охин маань таван настайдаа анх "өвлийн өвгөн биш аав байна" гэж хардаж байв. Сүүлдээ бүр гярхай болж, өмссөн гутлыг маань хүртэл ажиглаад “Аав мөн. Яг мөн байна” гэдэг болсон.

2020 оноос сурсан гол зүйл:

2020 оныг аюулыг боломж болгож чадсан жил гэж дүгнэж байна. Нийгмийн тодорхой бус нөхцөл байдал бизнесээ авч явахад хүндрэлтэй болгосон. Гэхдээ үүнээс айж, гараа хумхих биш боломж болгох арга эрэлхийлж ажилласны үр дүнд цаг үетэйгээ нийцсэн олон ажил явуулав.

Цар тахлаас үүдэж хүмүүс гэртээ их цаг өнгөрүүлж байгаа билээ. Иймээс гэр ахуйн бүтээгдэхүүний борлуулалт сайн байна. Үүн дээр тулгуурлаж бид шинэ жилийн хос хувцас, баярын ширээгээ чимэх чимэглэлүүд хийсэн. Энэ маань ч онож, захиалга ихтэй байна. 2020 ондоо зорилготой, нарийн төлөвлөгөөтэй байж, эрсдэлээ тооцох хэрэгтэйг сурсан. Мөн дэлхий нийтээр сурч, ойлгосон хамгийн чухал зүйл бол эрүүл мэнддээ анхаарах байсан. Иймээс эрүүл байж, гэр бүлийн аз жаргалыг эрхэмлэх хэрэгтэйг ойлголоо.

ЖҮЖИГЧИН Э.ПҮРЭВЖАРГАЛ: УХАМСАР, ХАРИУЦЛАГА БОЛ ЭХ ОРНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭДГИЙГ УХААРЛАА

Мартагдашгүй шинэ жилийн баяр:

Ээж, ах, дүү нартайгаа тэмдэглэсэн бүх шинэ жил хамгийн сайхан нь. Одоо ч түүний адил халуун ам бүлээрээ баярлаж өнгөрөөдөг.

Шинэ жилийн баяртай холбоотой хөгжилтэй түүх:

Хоёр жил дараалан бэлгийн тооноос хасагдаж байлаа. Ингээд ширээ засаж, баяр тэмдэглэх нэрийдлээр дүү нарынхаа бэлгийг хуурч аваад, идэж байлаа. Үүнээс үүдэн “муур багш” нэртэй болсон.

2020 оноос сурсан гол зүйл:

2020 он хувь хүний ухамсрыг шалгасан хүндхэн жил байлаа. Мөн олон шинэ ажил, уран бүтээлийн ард гарч хөдөлмөрлөсөн, эрүүл мэнд, гэр бүлээ бодож ухамсартайгаар ажилласан жил байв. Ирэх онд бүх зүйл сайхан болж, ажил хөдөлмөр нь нийт олондоо үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэ жил бүх нийтийн ухамсар, хариуцлага бол улс, эх орны аюулгүй байдал гэдгийг ухаарлаа.

ЗАГВАР ӨМСӨГЧ О.БИЛГҮҮН: ХУРИМТЛАЛ ҮҮСГЭЖ, ОНЛАЙН БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙГ ОЙЛГОСОН

Мартагдашгүй шинэ жилийн баяр:

Дөрвөн жилийн өмнө Хонг Конгд усан онгоц дээр шинэ оноо гаргасан маань мартагддаггүй. Хонг Конгийн ёслолын буудлагыг яг дэргэдээс нь харж байлаа.

Шинэ жилийн баяртай холбоотой хөгжилтэй түүх:

Шинэ жилээр үдэшлэг, хүлээн авалтуудад дуулна гэж боддог ч тийм зүйл болдоггүй нь харамсалтай бас хөгжилтэй.

2020 оноос сурсан гол зүйл:

Энэ жил хийхээр төлөвлөсөн томоохон ажлууд бүтэн жилээр хойшилсон. Мөн зун аялал жуулчлалын салбарт хөл тавьж, зуслан нээн, өөрөө ажилласан даа. Түүнчлэн 2020 онд хуримтлал үүсгэх хэрэгтэйг, мөн онлайн бизнес ирээдүйд эрэлттэй болох юм байна гэдгийг ойлгосон.

#Шинэ жил #Олны танил хүмүүс