2020 оны ШИЛДЭГ 10 кино


Энэ жил кино сонирхогчид төдийгүй уран бүтээлчдийн хувьд тийм ч таатай жил байсангүй. Учир нь цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс олныг хамарсан үйл ажиллагаа, кино зураг авалтууд хойшлогдож, үзвэр үйлчилгээ, кино театрууд бүгд үүд хаалгаа хаасан билээ. Цөөн хэдэн кино “Netflix”, “Hulu” зэрэг платформд байршиж, кино сонирхогчдын цангааг тайлж чадсан. Гэхдээ л бид интернетийн тусламжтайгаар цахимаар кино үзэж болдог ийм эринд амьдарч байгаа маань азтай хэрэг биш гэж үү?

Ингээд уншигч та бүхэндээ 2020 оны шилдэг 10 киног танилцуулж байна.

1. “TENET”

IMDb Үнэлгээ: 7.6/10

Тайлбар: "The Dark Knight" (2008), "Inception" (20010), "Interstellar" (2014), "Dunkirk" (2017) зэрэг кино бүтээлээрээ олон олон шагнал өргөмжлөлийг хүртэж байсан найруулагч Christopher Nolan бидний орон зай, цаг хугацааны талаарх ойлголтыг тэлэхүйц бас нэгэн сонирхолтой бүтээл туурвисан нь “Tenet” байлаа.

Тус бүтээл нь 225 гаруй сая ам.доллароор бүтэж, бүх цаг үеийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн кинонуудын нэг болсон. Жүжигчин John David Washington болон Robert Pattinson нарын гол дүрд нь тоглосон, цаг хугацааны аяллын талаар өгүүлэх адал явдалт уг бүтээл яах аргагүй кино сонирхогчдын хувьд энэ жилийн шилдэгт тооцогдох биз ээ.

2. “ONWARD”

IMDb Үнэлгээ: 7.4/10

Тайлбар: Tom Holland, Chris Pratt зэрэг алдартай жүжигчид дуу оруулсан Onward хүүхэлдэйн кино нь IMDb сайтаас 7.4 буюу энэ жил нээлтээ хийсэн кинонуудын дунджаас дээгүүр үнэлгээ авч чаджээ. Хүүхэлдэйн кино энэ оны эхний хагаст буюу гуравдугаар сард АНУ-д нээлтээ хийж, олон улсаас 141 сая ам.долларын ашиг орлого олсон байна.

Үйл явдал ах дүү хоёр элф аавынхаа сүнсийг биед нь эргүүлэн авчрах амаргүй аялалд гарснаар эхэлнэ. Бүх насныхан үзэхэд тохиромжтой тул баярын өдрүүдэд гэр бүлээрээ үзэхийг зөвлөж байна.

3. “THE CROODS: A NEW AGE”

IMDb Үнэлгээ: 7.0/10

Тайлбар: 2013 онд эхний анги нь цацагдсан даруйдаа олон улсаас нийт 587,2 ам.долаарын ашиг орлого олж байсан билээ. Харин дараагийн анги хийгдэх эсэх нь маш эргэлзээтэй байсан уг бүтээл долоон жилийн дараа ийнхүү хүүхэд, багачуудын хүртээл болж, кино шүүмжлэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авч чадсан байна.

Энэ удаад тэд өөрсдөөсөө илүү хөгжсөн, илүү ухаантай гэр бүлтэй учирч, олон сонирхолтой адал явдлуудтай учрах ажээ.

4. “GREENLAND”

IMDb Үнэлгээ: 6.4/10

Тайлбар: Байгалийн гамшигт үзэгдлийг даван туулж, амьд үлдэхийн төлөө тэмцэж буй нэгэн гэр бүлийн талаар өгүүлэх энэхүү бүтээл нь цар тахлын үед үзэгчдэд эх дэлхийгээ хайрлах мессежийг хүргэсэн чанартай бүтээл болж чадсан хэмээн кино сонирхогчид дүгнэсэн.

Хэдий 47 сая ам.долларын ашиг орлого олж, зардлаа хангалттай нөхөж чадаагүй ч үзэгчдээс чамлахааргүй өндөр үнэлгээ авч чаджээ.

5. “SOUL”

IMDb Үнэлгээ: 8.2/10

Тайлбар: 2020 онд “Pixar” кино компани энэрэнгүй сэтгэл, ухаарлын тухай өгүүлсэн нэгэн бүтээлийг олны хүртээл болгосон юм. 2020 оны шилдгүүдийн жагсаалтад багтсан тус киноны өмнөх хувилбар гэмээр “Onward” хүүхэлдэйн кино нь бүх насныхан үзэхэд тохиромжтой байсан бол “Soul” нь насанд хүрэгчид үзэхэд илүү тохиромжтой аж.

“Soul”-ийн гол дүр бол жазз клубд тоглохыг мөрөөддөг хөгжмийн багш юм. Гэвч тэрээр гэнэтийн ослоос үүдэн амиа алдсанаар энэхүү мөрөөдлөө биелүүлэх боломжгүй болно. Хүнийг юу бий болгодог, бидний мөрөөдөл хаанаас ундардгийг энэхүү бүтээлээс олж үзээрэй.

6. “THE CALL”

IMDb Үнэлгээ: 7.1/10

Тайлбар: “Netflix” дээр байршсан даруйдаа үзэгчдийн дунд багагүй шуугиан тарьж, чамгүй өндөр үнэлгээ авч чадсан энэхүү бүтээл нь 2020 оны шилдгүүдийн жагсаалтад багтсан цорын ганц Өмнөд Солонгос улсын бүтээл юм.

Хоёр өөр цаг хугацаанд оршиж буй хоёр бүсгүй ер бусын байдлаар утсаар холбогдон, нэг нэгнийхээ өнгөрсөн болон ирээдүйг өөрчилснөөр киноны үйл явдал өрнөнө.

7. “THE INVISIBLE MAN”

IMDb Үнэлгээ: 7.1/10

Тайлбар: Эхлэлээсээ төгсгөл хүртлээ хачирхалтай үйл явдлаараа үзэгчдийг соронз мэт татаж чадсан тус бүтээл энэ оны шилдгийн жагсаалтад орох нь зүй ёсны хэрэг билээ. “The Handmaid's Tale” хэмээх цувралаараа олонд танигдсан жүжигчин Elisabeth Moss энэ удаад аймшгийн төрлийн “The Invisible Man” кинонд гол дүр бүтээсэн нь түүний шүтэн бишрэгчдийн хувьд гайхалтай бэлэг болж чадсан.

Киноны хувьд 2020 онд хамгийн их хүлээлт үүсгэсэн бүтээлүүдийн нэг бөгөөд нээлтээ хийснээс хойш нийт 64,9 ам.долларын ашиг орлого олжээ

8. “I'M THINKING OF ENDING THINGS”

IMDb Үнэлгээ: 6.6/10

Тайлбар: Сэтгэл зүйн аймшгийн төрлийн тус кино нь алдарт найруулагч, Академийн шагналт Charlie Kaufman-ийн найруулсан бүтээл юм. Үйл явдлын хувьд Jessie Buckley гэх бүсгүй шинэ найз залуутайгаа хамт гэр бүлийнхэнтэй нь танилцахаар очих боловч түүнд хачин, сонирхолтой үйл явдлууд тохиолдож эхлэх болно.

9. “THE DEVIL ALL THE TIME”

IMDb Үнэлгээ: 7.1/10

Тайлбар: Үзэгчдийн дунд чамгүй өндөр хүлээлт үүсгээд байсан бас нэгэн уран бүтээл бол яах аргагүй “The Devil All the Time” билээ. Зохиолч Donald Ray Pollock-ийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн уг киноны үйл явдал дэлхийн хоёрдугаар дайны дараах АНУ-ын Охайо болон Виржиниа мужид өрнөдөг.

10. “ENOLA HOLMES”

IMDb Үнэлгээ: 6.6/10

Тайлбар: “Stranger Things” цувралаар олонд танигдсан жүжигчин Millie Bobby Brown энэ удаад алдарт мөрдөгч Sherlock Holmes-ийн дүү Enalo Holmes-ийн дүрийг бүтээсэн билээ. Номын зохиол болон дэлгэцийн бүтээлүүдэд тэр бүр дурдагдаж байгаагүй уг дүрд тохиолдох адал явдлуудыг үзэж амжаагүй байгаа бол он дуусахаас өмнө заавал үзэхийг зөвлөе.

Эх сурвалж: IMDb

#Шилдэг кино #2020