Шинэ он гарахаас өмнө хийж АМЖУУЛАХ 7 зүйл


Хуучин оноо үдэх торгон мөч ойртож, 2022 он хаяанд иржээ. Харин чи шинэ оноо угтахад бэлэн үү? YOLO.mn сайтын зүгээс уншигч та бүхэндээ шинэ он гарахаас өмнө хийж амжуулах зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.

Он гарахад цөөн хоног үлдсэн байхад яаж амжуулах билээ гэж санаа зовж байж магадгүй. Гэхдээ эдгээрийг хийж амжуулахад тийм ч их цаг орохгүй гэдэгт итгэж болно шүү. Чамд амжилт хүсье!

1. И-MЭЙЛЭЭ ЦЭГЦЛЭХ

Ажлын и-мэйл, мэдээллийн сайтуудын өдөр тутмын и-мэйл, сурталчилгааны и-мэйл, сошиал платформуудын мэдэгдэл гээд замбараагүй олон төрлийн и-мэйлүүд бөөгнөрчихсөн байна уу? Тэгвэл шинэ он гарахаас өмнө и-мэйлээ цэгцэлж, хариу өгч амжаагүй захидалдаа хариу өгч, хэрэггүйг нь устгаж ангилаарай. Үүнд тийм ч их хугацаа зарцуулахгүй шүү дээ.

2. ГЭРТЭЭ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ

Бид өдөр тутамдаа гэрээ цэвэрлэдэг хэдий ч зарим хэсгийг нь нарийн цэвэрлэлгүй орхигдуулдаг. Зүгээр л тоосоо соруулж, хувцсаа угаах бус хувцасны шүүгээгээ цэгцэлж, хөргөгч доторхоо цэвэрлэж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийгээрэй. Ирэх оноо цэвэр, цэмцгэр угтахын зэрэгцээ сэтгэл санаа ч сэргээд сайхан биш гэж үү?

3. ХОЛБОО БАРИАГҮЙ УДСАН НАЙЗТАЙГАА ХОЛБОГДОХ

Хэрэв чамд удаан хугацаанд уулзаагүй, холбоо бариагүй найз байгаа бол баярын мэндчилгээ дэвшүүлэнгээ холбогдож яагаад болохгүй гэж? Хэдий удаан хугацаанд харилцаагүй ч халуун дулаан үгс хүн бүрийн сэтгэлийг бүлээцүүлдэг шүү дээ. Хуучин дурсамжаа ярилцан, нөхөрлөлөө сэргээх сайхан боломжийг бүү алдаарай. 

4. УТСАН ДОТОРХОО ЦЭВЭРЛЭХ

Шинэ он гарахаас өмнө заавал хийх зүйлсийн нэг бол утсан доторхоо цэвэрлэж, хэрэггүй зүйлсээ устгах. Хэрэггүй зураг, холбогдохоо больсон дугаарууд, ашигладаггүй аппликейшн гээд зай эзэлж буй зүйлсийг устгахыг зөвлөе.

5. ӨНГӨРСӨН ЖИЛЭЭ ДҮГНЭХ

2021 он чиний хувьд тийм ч гайхалтай жил байгаагүй байж болох ч талархах зүйлс олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс өнгөрөн одож буй жилээ дүгнэн, өөрт чинь тусалсан, дэмжсэн хүмүүст талархаж, өөрийн хийж бүтээсэн зүйлс, амжилтуудаа тунгаан тэмдэглэлийн дэвтэртээ бичээрэй.

Гэхдээ амжилт гэдгийг битгий том зүйлээр төсөөлөөрэй. Өглөө эрт босож сурсан чинь хүртэл амжилт юм шүү. Ингэж бичсэнээр чи шинэ оныг сэтгэл хангалуун угтах болно.

6. ШИНЭ ОНЫ ЗОРИЛТУУДАА ТОДОРХОЙЛОХ

Чи ирэх онд ямар зүйлс төлөвлөж, юунд хүрэхийг мөрөөдөж байна, түүндээ хүрэх зорилтуудаа жагсаан бичээрэй. Тухайлбал, энэ онд хүмүүс гэнэтийн эрсдэлийн сан цар тахлын үед нэн тэргүүний шаардлагатай зүйл гэдгийг ухаарч ойлгосон. Тиймээс ирэх онд үүсэж болзошгүй гэнэтийн эрсдэлд зориулж мөнгөн хуримтлал үүсгэж болох юм.

Түүнчлэн шинэ хэл сурах, хөрөнгө оруулалтын талаар мэдлэгтэй болох, сайн дурын ажил хийх, ажлын бүтээмжээ сайжруулах, унших номын жагсаалт гаргах гэх мэт зорилтуудаа бичээрэй. Миний хувьд уншигч та бүхэндээ ирэх жил олон сонирхолтой, хэрэгцээтэй мэдээллүүдийг тасралтгүй хүргэх зорилго тавьсан шүү!

7. ОНЫ СҮҮЛИЙН ӨДРИЙГ ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ ЗАРЦУУЛАХ

2020 оны сүүлийн өдөр буюу 31-нийг өдөржин утсаа оролдож өнгөрүүлэхийн оронд хайртай дотнын хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Гэрээс гарч болохгүй энэхүү нөхцөл байдалд баярын өдөр хэрхэн цагийг зугаатай өнгөрүүлж болох талаар сонирхолтой зүйлсийн жагсаалт гаргаарай. Тухайлбал, гэр бүлийнхэндээ зориулж өөрийн гараар бэлэг бэлдэх, амттай хоол бэлтгэх, хамтдаа баярын ширээгээ засан кино үзэх, тоглоом тоглох гэм мэтчилэн олон хөгжилтэй зүйлс хийж болно шүү дээ.

Хэрвээ ямар тоглоом тоглохоо хараахан бодож амжаагүй байгаа бол ЭНД дарж санаа аваарай. Шинэ оны мэнд хүргэе!

Эх сурвалж: Elite daily, Inc

#Шинэ он #Зөвлөгөө