ЗАХИДАЛ: Арванхоёрдугаар сарын захидлын хариу №3


ССҮТөв | YOLO.MN
2020-12-25

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Одоо эргээд түүнийг боддог боллоо

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би 11-р ангид сурдаг. Дөрвөн жилийн өмнө зусланд явахдаа нэг хөвгүүнийг олж харсан юм. Хараахан танилцаагүй ч гэсэн дандаа судалж, түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг байсан. Сошиал хаягийг нь олоод чат бичиж, танилцаад ойр зуурын юм бичдэг болсон юм. Мэдэх тусам зан чанар, хувь хүний бодол нь таалагдаж байлаа. Өөр сургууль бас уулзах хэмжээний дотно биш учраас өдөр болгон тааралдаасай, ганцхан секунд ч болов харах юмсан гэж боддог байсан. Тэгээд ч үнэхээр хааяа таардаг байсан. Хэсэгтээ л түүнээс өөр зүйл бодогдохгүй хэцүү.

Сүүлдээ түүний төлөө өөрийгөө голж, удаан хугацаанд сэтгэл гутралтай байж, үүнийгээ ч анзааран аль болох өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хичээж, өдөрт чадахаараа өөрийгөө завгүй байлгадаг болсон. Миний сэтгэл санаа ч дээрдэж зорилготой болсон. Түүнд өөрт нь сайн гэдгээ хэлээд найзын харилцаатай үлдэхээ ч ойлгуулсан. Үүнээс өөр зүйл хүсэхгүй гэж бодсон учраас ямар нэгэн ачаа миний нуруунаас авагдах шиг санагдаж хөнгөрсөн.

Сургуулиасаа шилжихээр шийдэж, шилжтэл тэр дахиад гараад ирсэн. Бид нэг сургууль болж таарсан. Бидний гэр ойр учраас хамт ч явдаг боллоо. Дотно болсоор л байв. Тэр эмэгтэй хүүхдийг их хүндэлдэг, тиймдээ ч олон эмэгтэй найзуудтай. Намайг ч хүндэлдэг болохоор түүнээс нь би их айсан. Учир нь надад эргээд түүнээс мэдрэмж төрөөд байсан учраас. Гэхдээ тэр өөр охинд сайн. Түүнийг нь мэддэг ч больж чадахгүй, хэлдэг үг хийдэг үйлдэл зэрэг нь дандаа найдлага төрүүлдэг. Энэ нь намайг болиход саад болоод байгаа мэт санагдаж байна. Энийг нь хэлье гэсэн ч намайг ойлгохгүй, харилцаа маань дуусгавар болно гээд айж байна. Одоо эргээд түүнийг боддог болж. Үүнээс цааш надад ямар байгаагаа яаж хэлэхээ мэдэхгүй, юу хийхээ ч мэдэхгүй байна. Надад эргээд хүнд ачаа үүрүүлсэн мэт дандаа гунигладаг боллоо.

ЗӨВЛӨГӨӨ: Хэн нэгнээс хүссэн үедээ сэтгэлээ татаж авах хэцүү

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хэн нэгэнд бид татагдах үед тархинд окситонин, индорфин гэх мэт дааврууд ялгарч байдаг. Энэ бидний ухамсаргүйн түвшинд явагдаж байгаа физиологийн үйл явц тул бид хүссэн үедээ өөрчилж чадахгүй. Ийм учраас хэн нэгнээс хүссэн үедээ сэтгэлээ татаж авахад хэцүү. Өөрөөр хэлбэл тодорхой хугацаа хэрэгтэй гэсэн үг юм.

Гэхдээ өмнө нь нэг удаа өөрийгөө илэрхийлж, өөрөө шийдвэр гаргасан байна шүү дээ. Дотроо бодогдож байгаа зүйлээ хэлж, шийдэлд төвлөрөх нь өөрт ямар амар бөгөөд хэрэгтэй байгааг өөрийн биеэр мэдэрсэн байна. Өөрөөр хэлбэл чи өөрөө гарц гаргалгааг мэдэж байна гэсэн үг юм. Тэр хөвгүүний үйлдэл чамд найдлага төрүүлж байна гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу? Чи юу гэж бодож байна вэ? Сайн эргэцүүлж бодоод шийдвэрээ гаргаарай. Дахин сэтгэлээ илчлээд бүтэлгүйтвэл найзын харилцаагаа хүртэл алдахвий гэдгээс айж байна гэж ойлголоо. Гэхдээ тэр хөвгүүн үнэхээр өөр охинд сайн, өөр охинтой үерхвэл найзын хувиар хажууд нь хамт байсаар байхад бэлэн үү? Өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэр хөвгүүн ямар ч шийдвэр гаргасан хүндлээрэй. Бид хэн нэгний сэтгэлийг хүчээр өөрийн болгох боломжгүй шүү дээ. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Заримдаа аавыг үзэн ядаад, заримдаа өрөвдөөд...

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Би яагаад ч юм аавтайгаа цуг байхаар нэг л тухгүй, хийхийг хүсэж байгаа зүйлээ хийж чадахгүй, баригдмал байгаад байх юм. Заримдаа аавыг үзэн ядаад л, заримдаа өрөвдөөд ч байх шиг. Гол нь аав намайг нээх дарамтлаад байдаггүй л дээ. Гэхдээ нэг загнахдаа маш муухай, хараалын үг хэрэглээд л. Тэр нь надад үнэхээр таалагддаггүй. Загнадаг гол шалтгаан нь юу гээч? Би ямар ч буруу үйлдэл хийгээгүй байхад зүгээр байгаа намайг “юу ч дуугарахгүй юм, чиний уурлахаас хэн айдаг юм гээд л эхэлнэ дээ.

Би тэгээд байнга хэрэгтэй хэрэггүй юм яриад суух ёстой юм шиг л. Хүн чинь бас ярьмааргүй үе гэж байдаг биз дээ. Надаас гол нь асуулт асуугаагүй хэрнээ л дуугарахгүй юм гээд зандраад байдаг. Мөн уурлаагүй байхад уурлалаа гээд л. Аавыгаа хайрлах хэрэгтэйг би мэднэ. Би багахан ч болов хайрладаг. Гэхдээ л аавтай байхад би хүссэн үйлдлээ хийж хүссэн юмаа ярьж чаддаггүй нэг л баригдмал. Тиймээс би аавтай цуг байх дургүй . Яг яах ёстой юм болоо?

ЗӨВЛӨГӨӨ: Харилцааны асуудлыг харилцаагаар л шийднэ

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Харилцааны асуудлыг харилцаагаар л шийдэх боломжтой. Харилцааны явцад таагүй мэдрэмж төрүүлсэн үйл явдал гарах үед бид гадагш илэрхийлж гаргах биш дотроо тэвчээд өнгөрөх тохиолдлууд байдаг. Тэвчээд өнгөрөх нь ямагт зөв байж чаддаг уу? Зарим үед дотроо тэвчээд өнгөрөх нь зөв байдаг байж болно. Гэвч дотор хуримтлагдсан мэдрэмжээ ил гаргаж тайлбарлаагүй л бол бидний дотор таагүй мэдрэмж маань байсаар л байдаг. Тиймээс нөхцөл байдал илүү хүнд болохоос өмнө аавтайгаа харилцахад юунаас болж таагүй мэдрэмж авдаг талаараа аавдаа хэлэхийг хичээгээрэй.

Мөн аав нь яагаад чамайг уурлаагүй байхад хүртэл уурлаад байна гэж хэлдэг вэ? Энэ талаар бодож үзсэн үү? Чиний биеийн хэлэмж, харц, дуу хоолойн өнгө аавд нь буруу ойлголт төрүүлээд байгаа юм болов уу? Асуудалд санаа зовж байна гэдэг сайн хэрэг. Санаа зовж байна гэдэг шийдэхийг хүсэж байна гэсэн үг. Тиймээс өөрийн зүгээс хийх боломжтой үйлдлийг хийж эхлэхийг зөвлөж байна. Харилцаанд аль нэг талын 100 хувь буруу гэж байдаггүй. Үл ойлголцлоос /буруугаар ойлгох, асуудлыг өөрсдийн өнцгөөс хүлээж авах/, нэгэнтэйгээ ярилцаагүйгээс мөн юу таатай, юу таагүй мэдрэмж төрүүлдэг талаараа нэгэндээ хэлж, илэрхийлээгүйгээс ихэвчлэн харилцаанд асуудал үүсдэг.

Эхний оролдлогоор бүтэхгүй байж болно. Тэглээ гээд шантрах хэрэггүй. Өөрийн мэдрэмжийг илэрхийлэх үед өмнө нь ааваасаа авч байсан мэдрэмжээс болж гомдсондоо хоолой чинь зангирч магадгүй. Аавдаа намайг загнахдаа муухай үг хэлдэгт гомддогяагаад намайг зүгээр байхад загнадаг юм бэ, надаас юу хүсэж байна вэ гэх мэт хэлэхийг хүссэн, асуухыг хүссэн зүйлээ хэлэхийг хичээгээрэй.

Гэхдээ өөрийн мэдрэмжийг илэрхийлэхдээ зөвөөр илэрхийлэхгүй бол эсрэг тал буруугаар хүлээж авах, цаашлаад маргаанаар өндөрлөх эрсдэлтэй. Огт юм ярихгүй байх нь сэтгэл хөдлөлийн зөв илэрхийлэмж биш бөгөөд хэчнээн чимээгүй байсан ч бидний бие өмнөөс ярьж байдаг. Болж өгвөл сэтгэлзүйн хувьд тайван байх байх үедээ өөрийгөө илэрхийлээрэй. Хэрвээ хэлэхэд хэцүү байвал захидал бичээд өгч болно шүү. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Өөр хүн ярьж эхэлмэгц уур маш их хүрдэг

Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. ойрд яагаад ч юм уурлаж бухимдах минь нэмэгдсэн. Өмнө нь уурлаж байхдаа тайвширдаг байсан ч энэ удаад яг л сэтгэцийн өвчтэй хүн шиг ямар нэг тод сэтгэгдэл толгойд төрөх үед гэнэт нүүр хувирч бухимдаж, заримдаа дүүгийн хэлсэн үг, харсан харц уур хүргэм нэг л цохиод авмаар санагддаг. Жишээ нь гэхэд дүүтэйгээ чихэр идэх үед дүү “амаа ангай гэхэд амьсгаа боогдож, нүүр хувирч дүүгээ өөрийн эрхгүй загнадаг. Хааяа гэрийнхний хийж буй үйлдэл их уур хүргэдэг. Жишээ нь ариун цэврийн өрөө орохдоо хаалга хаахгүй бол гар нүүрээ угаах үед нь хаалгыг нь очоод цөм цохиод хаамаар. Эхээс хоёулаа болоод ч тэр үү, доороо дүүгүй болоод ч тэр үү, хамаатны дүүгийн хийж буй үйлдэл таалагддаггүй. Бас хэлээ хазаж яриад байгаа хүүхдийг хархаар уур хүрч эхэлдэг.

Хааяа байсан юм байрандаа байхгүй үед ч стресстдэг. Өглөө босоод цайгаа уухад хэн нэгэн нь зүссэн талхаа хугалж идээд, тэрийгээ талхны саванд орхих үед галзуурах шахам болдог. Өөрийгөө тайвшруулах гэж дотроо тоо тоолж тайвшрахыг хичээдэг. Хүмүүсийн хийж буй хөдөлгөөн гэнэт толгойд тод сэтгэгдэл төрүүлж эхлэх мөчид л би уурлаж бухимддаг.

Ээж аавтайгаа өсөөгүй болоод ч тэр үү тийм сонин болдог болов уу гэж эргэлзэх юм. Ганцаараа байхад үнэхээр гоё санагддаг. Харин гэрийнхэнтэйгээ эсвэл өөр хүн ярьж эхэлмэгц уур хүрдэг. Хааяа хааяа сонсоход зүгээр байдаг ч тэдний хийж буй үйлдэл гэнэт л уур хүргэдэг. Заримдаа нам цохиод хаямаар санагддаг. Өөрийгөө яагаад ингэж уурлаж бухимдаж байгаагаа мэдэхгүй юм. Хааяа сэтгэцийн өвчтэй хүн шиг санагддаг. Би яг яах ёстой вэ? Надад туслаач!

ЗӨВЛӨГӨӨ: Энэ их уур бухимдлын цаана өөр зүйл бий юу? 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн уур бухимдлыг хянахыг хичээж байгаа бололтой. Уур бол шууд илэрч байгаа анхан шатны сэтгэл хөдлөл биш юм. Уур гэсэн сэтгэл хөдлөлийн цаана тодорхойгүй байдал, харилцааны таагүй үйл явдал, гомдол, цөхрөл гэх мэт гадагш илэрхийлэгдэж гараагүй сэтгэл хөдлөл байх нь олонтаа.

Өөрийн чинь энэ гаргаад байгаа уур бухимдлын цаана өөр зүйл байгаа юу? Гэрийнхэнтэйгээ ойлголцохгүй байх, өөрийн чинь бодлыг сонсохгүй байх гэх мэт үйл явдлууд тохиолдсон уу? Олон удаагийн давтамжтай харилцааны таагүй зүйл болж байсан уу? Хэрэв харилцааны асуудал гарсан бол өөрийн мэдрэмжийг тухай бүрд илэрхийлж байсан уу?

Өөрт төрсөн мэдрэмжийг цаг тухайд нь гаргаж байх нь бидний сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж байдаг. Мөн бид өөрсдийн бодлоосоо болж уурлах тохиолдлууд ч бий. Бүх зүйл байрандаа байх ёстой, миний хэлснээр байх ёстой, төгс байх ёстой, яагаад ийм амархан зүйлийг хийж чадахгүй байгаа юм бэ гэх мэт “ёстой” гэх бодлууд мөн нөлөөлж байдаг. Гэтэл бүх зүйл, бүх хүмүүс үргэлж бидний хүслээр байх боломжгүй. Тиймээс өөрийн чинь уур бухимдлын цаана ямар үйл явдал эсвэл ямар бодлын алдаа байж болох вэ?

Бид уурлахаараа өөрт тохирох тайвшрах аргуудын тусламжтайгаар сэтгэл зүйгээ тогтвортой болгодог. Харин тайвширсныхаа дараа сая яагаад уурласан бэ гэдэг асуултыг орхигдуулах гээд байдаг талтай. Яагаад уурласан бэ гэдгээ эргэцүүлэхгүй байх нь нэг асуудлаасаа болж олон удаа уурлах эхлэлийг тавьдаг. Уурлах зүйл байхгүй байхад л яагаад ч юм уур хүрээд байх нь уурлах болсон шалтгаанаа тодорхойлоогүй, шийдэлд төвлөрөхгүй байгаатай холбоотой байх боломжтой. Шалтгаанаа олсон бол шийдэлд төвлөрөх нь чухал юм. Тухайн асуудлыг шийдэхэд өөрийн зүгээс хийж болох зүйлс юу байгааг тодорхойлж мөн бусдаас хамаарч байгаа тохиолдолд тэдэнтэй ярилцах аргыг сонгохыг зөвлөж байна. Дахин захидал илгээх бүрэн боломжтой шүү. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Би ADHD-тэй

Сайн байна уу? Би 17 настай, төгсөх анги. ЭЕШ болон SAT өгөхөөр төлөвлөж байгаа юм. Би ADHD-тэй гэдгээ саяхан олж мэдсэн юм аа. Эм болон бусад сэтгэлзүйн эмчилгээ авч үзээгүй. Яаж ч хичээгээд өдөрт юу ч хийж амжихгүй, хийх ёстой хичээлүүд олон байгаа ч нэгийг нь ч хийж амжаагүй. Бас нэмэгдсээр л байгаа нь бүүр ч хиймээргүй санагдуулж байна. Ямар ч төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөгөө дагаж чадахгүй байх юм. Энэ үед ямар хэцүү байгаагаа үгээр ч илэрхийлж чадахгүй байна.

Ирээдүйд хийх гэснээ хийж чадах болов уу? ЭЕШ-ээ олигтой өгч чадах болов уу? Энэ янзаараа юу ч хийж чадахгүй юм шиг санагдаж байна. Ер нь ADHD-тэй бол яах ёстой байдаг юм бол оо? Зөвлөгөө өгөөч?

ЗӨВЛӨГӨӨ: Захидлаас ADHD-тэй гэж тодорхойлох боломжгүй байна

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Яагаад ADHD-тэй гэж бодсон бэ? Оношлуулсан уу? Мэргэжлийн хүнд хандсан уу? Захидлаас шууд ADHD мөн эсвэл биш гэж тодорхойлох боломжгүй байна. Хаанаас мэдээлэл авсан бэ? Шинж тэмдгүүдээс нь хэд нь илэрч байна вэ? Захидлаа илүү тодорхой бичээрэй. 

Хэдэн минут, хэр хугацаанд тогтвортой сууж чаддаг вэ, хэр удаан анхаарлаа төвлөрүүлж чадаж байна вэ, сэтгэлзүйн хувьд хөөрсөн үедээ тайвшрахад хэр хугацаа зарцуулж байна вэ гэх мэт анхаарал төвлөрөлт болон хэт хөдөлгөөний /тогтворгүй, огцом/ ямар шинж тэмдгүүд илэрч байна вэ? Өөрт илэрч байгаа шинж тэмдгээ дэлгэрэнгүй бичээд дахин захидал бичээрэй. Мөн мэргэжлийн хүнд хандаж оношлогоо хийлгүүлэх бүрэн боломжтой байдаг шүү.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Шилжмээр байна гээд хэлчихвэл урам нь хугарах болов уу?

Сайн байна уу? Би одоо 13 настай, өөрийнхөө толгойгоор сургуульд орно гэдэгтээ бараг л бууж өгсөн охин. Герман хэл заадаг сургуульд сурдаг. Бараг найман жил сурч байгаа мөртлөө одоо болтол анхан шаттайгаа явсаар байгаа. Өөрөө ч тийм дуртай биш.

5-р ангиасаа хойш баахан сургуулиуд руу шалгалт өгөөд алинд нь ч тэнцээгүй болохоор бууж өгсөн. Тэгээд сүүлдээ гэрийнхээ ойролцоох сургууль руу шилжье гэж бодсон ч саяхан аавынхаа хэлсэн үгнээс болоод гэнэт л эргэлзчихлээ. Дүү нартайгаа, аавтайгаа амьдардаг болохоор надад ихэнх юманд гомдоллоод байх эрх байхгүй л дээ. "Та нарыг л сайн хүн болгох гээд...", "Та хэд л аятайхан сураад, боломжийн амьдардаг болчихвол..." гэдэг аавынхаа үгийг сонсохоор зүгээр хэлээ сураад гадаад явмаар ч юм шиг.

Бас үнэхээр олон жил найзалсан найзуудтайгаа муудсан, эвгүй үгнүүд сонсчихсон болохоор харах болгонд уйлах гээд байгаа. Энгийн сургууль руу шилжмээр байна гэдгээ аавдаа хэлчихвэл урам нь хугарах болов уу? Яах ёстой вэ? Надад туслаарай.

ЗӨВЛӨГӨӨ: Асуудлаас зугтах нь түр зуур тайвшруулах ч...

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Сургуулиасаа шилжих гол шалтгаан нь найзуудаас нь болсон уу? Эсвэл герман хэлнээс болсон уу? Найзуудтайгаа ойлголцохыг хүсэж байгаа юу? Найзуудтайгаа ярилцаж үзсэн үү? Ямар учраас тийм үг хэлэх болсон талаар нь асууж чамд үүнээс үүдэж ямар мэдрэмж төрж байгааг тайван, намдуу өнгөөр хэлж ярилцахыг хичээгээрэй. Тэднээс холдож асуудлаас зугтах нь түр зуур чамайг тайтгаруулах ч гомдлыг бүр мөсөн арилгахгүй болов уу. Гэвч ярилцлаа гээд төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй ч байж болно. Гэхдээ найз нөхдийн харилцаагаа авч үлдэх гэж хичээсэн учир сэтгэл санаа нь арай дээрдэх болов уу. Сайн эргэцүүлж бодоод ярилцах эсэхээ шийдээрэй.

Герман хэл сурахад хэцүү учраас дургүй болсон уу? Эсвэл герман хэлэнд дургүй болохоор сурахад хэцүү байна уу? Хэрэв герман хэлийг сурахад хүндрэлтэй байгаа бол тэрхүү хүндрэл нь юунаас шалтгаалж байгааг тодорхойлоорой. Тухайлбал багшийн заах арга барил нь чиний сурах арга барилтай нийцэхгүй эсвэл герман хэлээ давтах хангалттай цаг гаргахгүй байх, хойшлуулах гэх мэт олон шалтгаантай байж болно. Дээрх шалтгаанаар үүссэн бол багшийн заах арга барилаас үл хамааран өөрөө хувьдаа давтах боломжтой ба хичээлийн бус цагаар бататгах зүйлсээ багшаасаа асууж ярилцаж болно. Эсвэл герман хэл сурах хүсэлтэй хүүхдүүдтэй хамтарч хичээлээ хийх аргыг ашиглаарай. 

Харин герман хэлэнд дургүй бол аавтайгаа ярилцаад үзээрэй. Ярилцахдаа би шилжмээр байна гэдэг шийдвэрээ хэлэхээс өмнө ер нь чамд сүүлийн үед ямархуу байна вэ? Сэтгэл санаа хэр байна вэ? Юу тохиолдсон бэ? Цаашдаа яах хүсэлтэй байна вэ? Энэ сургуульд байхад ямар мэдрэмж төрүүлж байгаа вэ гэх мэт өөрт тохиолдоод байгаа зүйлсийнхээ талаар болон юу мэдэрч байгаагаа ярилцахыг хичээгээрэй.

Аавтайгаа хамтдаа шилжих эсвэл сургуульдаа үлдэх хоёр шийдвэрийнхээ давуу, сул тал мөн шилжвэл ямар ашигтай вэ? Үлдвэл ямар ашигтай вэ? Шилжвэл ямар эрсдэлтэй вэ? Үлдвэл ямар эрсдэлтэй гэдгийг ярилцаарай. Эрсдэлийг сайн тооцож ямар нэгэн асуудал тулгарвал тэрийг яаж шийдэх талаар гаргалгаа гаргаарай. Аль болох сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Мөн герман хэлнээс өөр сурахыг хүсдэг гадаад хэл байдаг уу? Өөрөөсөө асуугаад үзээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Миний дотор маш олон өөр хүмүүс байгаа юм шиг

Сайн байна уу? Би 14 настай. Миний бодол маш их хэлбэлздэг. Яг л өөр өөр зан чанартай хүмүүс миний дотор байгаа ч юм шиг. Асуултад "Тийм бас үгүй" гэдэг хариулт өгмөөр санагддаг. Мундаг гэж боддог хүмүүсийг харахаар "Би яг энэ хүн шиг болно", "Миний л амьдрал. Би яагаад бусад хүмүүсийг дуурайж амьдрах ёстой гэж? Өөрийнхөө хийх зүйлсийг олох нь хамгийн чухал" иймэрхүү тэс өөр бодол орж ирдэг.

Би бодлоо шууд хэлчихдэг болохоор буруу ойлголцох зүйлс олон байдаг. "Хоёр нүүртэй амьтан" гэж хэлүүлсэн тохиолдол ч байгаа. Энэ асуудлыг би яаж шийдэх хэрэгтэй вэ? Удах тусам ямар ч утгагүй санагдаад байх боллоо.

ЗӨВЛӨГӨӨ: Нэг зүйлд баригдахгүй чөлөөтэй сэтгэж байгаа чинь сайн хэрэг

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Өсвөр насанд дөнгөж л нийгмийн дүрэм журам, хэм хэмжээтэй танилцаж олон зүйлсийн талаар эргэцүүлж эхэлдэг. Харин ийнхүү нэг зүйлд баригдахгүй, чөлөөтэй бодож байгаа чинь сайн хэрэг. Чиний итгэл үнэмшил, үзэл бодол тогтож байгаа үйл явц гэж хэлж болох юм. 

Нөгөөтээгүүр өөрийн гэсэн зарчим байхгүйгээс аль нэгийг нь сонгож чадахгүй байх тохиолдлууд бий. Өсвөр насанд мөн өөрийгөө таних, олох аялал хийж буй учраас эргэлзэх тохиолдлууд цөөнгүй гардаг. Өөрөөсөө болон ойр дотнын хүмүүсээсээ миний давуу болон сул тал юу вэ? Юуг сайжруулах шаардлагатай вэ? Ерөнхий ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Ямар чадвартай вэ гэх мэт өөрийнхөө талаар асуугаарай. Чиний өөрөө ч олж хараагүй зүйлсийг бусад хүмүүс олж харсан байдаг. Бүгд үнэн байхгүй ч яах хэрэгтэй вэ? Гэдэг асуултад хариулт олоход тусална гэж найдаж байна.

Аливаа зүйлд хариу үйлдэл үзүүлэхдээ тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автаж, удаан бодохгүйгээр шууд хариулт хэлэх нь дээрх үл ойлголцлыг бий болгож байдаг талтай. Тиймээс төдийлөн итгэлтэй бус байгаа бол эсвэл эсрэг тэсрэг хоёр бодол төрж байгаа бол сэтгэл хөдлөлдөө автаж шууд хэлэлгүй, бодож эргэцүүлээд хариу үйлдэл үзүүлэхийг хичээгээрэй. Зарим тохиолдолд би хараахан шийдээгүй байна гэж хэлж болно. Эсвэл надад хоёрдмол бодол төрж байна гэдгээ шууд хэлэх нь бусдыг дагаж үзэл бодлоо өөрчлөөд байгаа бус аль аль бодол нь чамд төрж байгааг илэрхийлэх юм шүү. 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter