Үсчин байсан залуу Холливудын хүсэмжит жүжигчин болсон түүх


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2020-12-22

“Crazy Rich Asians” киноны Ник Ян, “A Simple Favor” киноны Шон Таунсенд болон инээдмийн романтик төрлийн “Last Christmas” киноны Томын дүрээр алдаршсан Хенри Голдины товч намтрыг хүргэж байна.

Малайз гаралтай Британи жүжигчин, загвар өмсөгч, телевизийн хөтлөгч Хенри Эван Голдин нь 1987 оны хоёрдугаар сарын 05-нд төржээ. 

Зүүн Малайзын Саравак мужийн Бетон хотод төрж өссөн Хенригийн ээж Маргарет Ликан Голдин нь Малайзын уугуул Ибан угсааны хүн юм. 

"Crazy Rich Asians" киноны хэсэг

Харин түүний аав Клайв Голдин Англи хүн бөгөөд гэр бүл нь Английн Суррей рүү нүүхээс өмнө Теренгану мужид таван жил амьдарсны эцэст Баруун Малайз руу нүүжээ.

Энэ үед Хенри 8 настай байсан ба Уорвикийн дунд сургуулийг төгссөнийхөө дараа Лондонгийн Слоан гудамжинд үсчнээр ажиллаж байв. Ингээд тэрээр хоёр жилийн дараа 21 насандаа Малайзын нийслэл Куала Лумпур хот руу кинонд тоглохоор нүүсэн байна.

Хенри 2017 оны гуравдугаар сард “Crazy Rich Asians” киноны гол дүрийн сонгон шалгаруулалт тэнцэхээс өмнө хэд хэдэн телевизийн уран бүтээлд тоглож байв.

Тэрээр анх кино бүтээх продакшны нягтлан бодогч Лиза Ким Лин Куаны тусламжтайгаар найруулагч Жон Муррей Чугийн анхаарлыг татсан бөгөөд зан чанар болоод сэтгэл татам байдал нь сонгон шалгаруулалтад тэнцэхэд нөлөөлсөн аж.

Ranker-ын хамгийн хүсэмжит Ази жүжигчнээр нэрлэгдсэн Хенри Малайзын хамгийн царайлаг залуу шагналыг 2010 онд хүртэж, 2011, 2012 онд нэр дэвшиж байсан.

Warner Bros компанийн бүтээсэн “Crazy Rich Asians” кино 2018 оны наймдугаар сарын 15-нд АНУ, Канадад нээлтээ хийсэн ба нээлтээ хийсэн долоо хоногтоо кино театруудад ашиг орлогоороо тэргүүлсэн.

Харин сарын дараа тэрээр Анна Кендрик, Блейк Лайвли нартай хамт “A Simple Favor” кинонд Шон Таунсендын дүрийг бүтээсэн юм.

"A Simple Favor" киноны хэсэг

“Crazy Rich Asians” киноны амжилтын ачаар Хенри “A Simple Favor” киноны найруулагч Пол Фейгтэй дахин хамтран ажиллах болсон нь “Last Christmas” кино байв. “Game of Thrones” киноны Дейенерис Таргариены дүрээрээ алдартай Эмилиа Кларктай хамт тоглосон уг инээдмийн романтик төрлийн бүтээл нь тухайн үедээ Box Office-ын жагсаалтыг тэргүүлж байсан билээ.

"Last Christmas" киноны хэсэг

Түүний тоглосон киноноос хамгийн сүүлд гарсан нь Мэттью МакКонахи, Хью Грант, Мишел Докери нарын хамт тоглосон “The Gentlemen” кино юм.

Хенри өөрийн эхнэр, Тайваний телевизийн хөтлөгч Лив Лотой 2011 оны шинэ жилийн баярын өдрөөр анх танилцсан. Улмаар 2015 онд сүй тавьж, 2016 оны наймдугаар сард Малайзад гэрлэсэн юм.

Гэрлэхийнхээ өмнө Хенри Борнео арлын цөлд “бежалай” хэмээх Ибан угсаатны эрийн цээнд хүрэх ёслолыг үйлджээ. Ингэхдээ зураг авалтын төхөөрөмжөө өөрөө авч яван “Surviving Borneo” хэмээх баримтат шоуг хийсэн ба уг бүтээл нь “Discovery Channel Asia” сувгаар гарч байсан юм.

Хоёр сарын турш зэрлэг байгальд үргэлжилсэн уг аяллынхаа эцэст тэрээр уламжлал ёсоор бежалай шивээсийг баруун гуя дээрээ хийлгэсэн аж.

Тэрээр одоо “Monsoon” хэмээх телевизийн цуврал болон 2021 онд гарах “Snake Eyes” кинонд тоглож байгаагаас гадна “Crazy Rich Asians” киноны дараагийн ангид өмнөх дүрээ бүтээхээр болжээ.

#Кино урлаг #Жүжигчин #Амжилт