"Аав ээжийн маань салалт одоо надад хүндээр тусч байна"


Сондор | YOLO.MN
2016-09-13

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Багад минь тохиолдсон аав ээжийн маань салалт одоо л надад хүндээр тусч байна

Аав ээж хоёр дандаа надаа бие биенийгээ муулдаг. Би энэ байдлаас нь залхаж байна. Аавд “би одоо ээжийг муулахыг чинь би сонсмооргүй байна” гэж хэлсэн дахиж аав ээжийн тухай нэг ч үг унагахаа байсан.

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 14 настай. Намайг бараг 4-р ангид байхад аав ээж маань таарч тохирохгүй салсан юм.Тэр үед надад нэг их хүндээр тусаагүй. Жоохон байсан болоод ч тэр юм болов уу? Харин одоо жинхэнэ хүндээр тусаж эхэлж байна. Үйл явдлыг эхнээс нь тайлбарлавал миний аав ээж гэх хүмүүс салсан боловч сүүлийн үед их хэрүүл маргаантай болчихсон. (Би ээжийнхээ асрамжинд байдаг ч одоогоор аавынхаа талдаа амьдарч байгаа) Гол шалтгаан нь хүүхдийн тэтгэлэг гэх зүйлээс болсон юм. Тэрнийг манай ээж гэх хүн надад өгөхгүй дандаа өөрөө завшдаг байсан хэрэг. Аав энийг мэддэг ч дуугүй байдаг. Харин эмээ ах гэх хүмүүс аавыг авах ёстой хүн нь бид нарт байхад ээж нь авах эрхгүй гээд ингээд л бүх юм эхэлсэн юм даа. За тэгээд тэтгэлэг зогсоох талаар дахиад шүүх хурал болно гэх мэдүүлэг ээжид очиход ээж түүнийг үзэж над руу утсаар залгаад “Би үхнэ хатна чи муу п***а тэр мөнгөнөөсөө болж үхлээ юу ээжийгээ боддоггүй” гэх мэт үгсийг хэлж баахан хашхирав (бас тэрнийг би биш томчууд нэхсэн  шүү дээ). Уг нь ээж минь сайхан эмэгтэй байсан юм. Би бодохдоо тэр ганц биеийн зовлонгоос болоод ааш зан нь тийм муухай болчихсон учраас чи л ээжийгээ хайрлаж халамжлах ёстой гэж бодож ээж надад юу ч гэж хэлж намайг зодсон ч би дуугүй тэсдэг байсан.

Одоо харин тэсэхээ больчихоод байна. Аав ээж хоёр дандаа надаа бие биенийгээ муулдаг. Би энэ байдлаас нь залхаж байна. Аавд “би одоо ээжийг муулахыг чинь би сонсмооргүй байна” гэж хэлсэн дахиж аав ээжийн тухай нэг ч үг унагахаа байсан. Харин ээжид тэгэж хэлвэл бараг намайг дахиад л зодно. Гаднаас минь харахад эмээ өвөөгийн хамгийн эрх бондгор охин л гэж харагддаг байх л даа. Гэхдээ миний дотор зүгээр л хар гуниг там зодоон хэрүүлээр дүүрчихээд байна. Одоо энэ хэрүүл дууссан. Гэхдээ л би багын үетэйгээ адил хичээлээсээ өлсөөд ороод ирэхэд минь ээж минь хоолоо хийчихсэн цугтаа аавынхаа хоолыг хийж аав минь орой ажлаасаа орж ирж гурвуулаа цугтаа дэлгүүр хэсдэг цугтаа инээд хөөрөөр дүүрэн оройн хоолоо иддэг энэ үерүүгээ очихыг их хүсдэг үгүйлдэг болчихсон. Би найзууддаа сэмхэн атаархдаг. Энэ тухайгаа би анх удаа өөрийнхөө эмээдээ хэлж үзсэн. Тэр хэлэхдээ “Миний охин чи эмээ өвөөгийнхөө хүүхэд тэр хоёр аль хэдийн мөр мөрөө хөөсөн тэд чамд хамаагүй” гэж хэлсэн. Гэхдээ хэзээ нэгэн цагт эмээ өвөө минь бурхан боллоо гэхэд би хэн дээрээ байх юм бэ?

Үүнээсээ болоод зожиг болж бас их иддэг болж их идсэнээсээ болж таргалчихсан гэхдээ одоо л надад аав ээжийн салалт хүндээр нөлөөлж эхэлж байна. Би ганц олдох энэ хүүхэд насан дээрээ аав ээжтэйгээ сайхан аз жаргалтай дурсамжтай өнгөрүүлмээр байна. Би яавал дээр вэ? Гэхдээ одоо тэр хоёрын нийлэх ч өнгөрсөн байх л даа. Гэхдээ би яаж энэ зовлонг тоохгүй бодохгүйгээр өөрийнхөө сайхан амьдралыг бий болгох вэ. Сайхан амьдралаа бүтээх миний сайхан мөрөөдөлд энэ л бодол хар толбо суулгадаг. Би яах ёстой вэ? Надад туслалцаа үзүүлээч.

ЗӨВЛӨГӨӨ: Энэ болсон бүх явдлын буруутан бол ЧИ биш

Энэ бүх асуудлыг мөн өөрийн юу мэдэрч, юу хүсч байгаагаа өөртөө хадгалаад л байвал чамд улам хэцүү болох болов уу. Харин энэхүү асуудал энэ хэвээрээ удаан үргэлжлэх, эсвэл бүр дордвол сэтгэл зүйчид заавал хандаарай.

Сайн байна уу, Олон жилийн туршид өөртэйгөө ярилцаж, тэвчиж ирсэн чамаар бахархаж байна. Магадгүй чи амьдралынхаа хамгийн хүнд үеийг даваад гарсан ч байж болох юм. Чамд маш чухал ойлгох ёстой нэг зүйл байна. Энэ болсон бүх явдлын буруутан бол ЧИ биш.

Өөрийгөө буруутгаж, өөрийгөө үнэ цэнэгүй, азгүйд тооцох нь буруу. Ээж, аав хоёрын чинь салалт, түүнийг дагасан олон асуудал бол тэдний л асуудал. Чамд мэдээж нүдээр харж  сонсох хэцүү ч өдөр бүр чи өсөж том болж ухаан сууж, хатуужиж байгаа гэдгээ мартаж болохгүй. Хэцүү амьдрал дундаас тэсч гарсан хүн бүхэн дэлхий дээр хичнээн ихээр хүндлэгдэж, бусдад хэрэгтэй хүн болдогийг битгий мартаарай. Энэ бүх асуудлыг мөн өөрийн юу мэдэрч, юу хүсч байгаагаа өөртөө хадгалаад л байвал чамд улам хэцүү болох болов уу. Харин энэхүү асуудал энэ хэвээрээ удаан үргэлжлэх, эсвэл бүр дордвол сэтгэл зүйчид заавал хандаарай.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Teenagers #ЭцэгЭх