Ц.Шинэбаяр: Оюутны зээлийг тэгш бусаар, ЯЛГАВАРЛАН олгож байна


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-12-18

Оюутны хөгжлийн зээлийг хүсэлт гаргасан бүх оюутанд бус зөвхөн тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжлээр суралцдаг оюутнуудад олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Өмнө нь шаардлага хангасан оюутан болгон уг тэтгэлэгт хамрагдах боломжтой байсан билээ. Оюутнууд энэхүү шийдвэрт дургүйцлээ илэрхийлэн, мэргэжлээр “ялгаварлаж” байна хэмээн үзэл бодлоо хуваалцсаар байна. Энэ талаар оюутны хөгжлийн зээл авсан, МУИС-ийн ОУХНУС-ийн IV дамжааны оюутан Ц.Шинэбаяртай ярилцлаа. 


YOLOОюутны хөгжлийн зээлд хэзээнээс хамрагдсан бэ? Одоо хэдэн сая төгрөгийн зээл буюу өртэй байна вэ?

- Би оюутны хөгжлийн зээлд 2018 оноос эхлэн 2.5 жилийн хугацаатайгаар хамрагдсан. Одоогийн байдлаар найман сая гаруй төгрөгийн зээл авсан байна.

YOLO2018 оноос зээлд хамрагдсан гэхээр 2017 онд буюу хичээлийн эхний жилд төлбөрөө хувиасаа төлсөн гэсэн үг үү? Тухайн үед төлбөрөө хэрхэн зохицуулсан бэ?

- Тийм. 2017 оны сургалтын төлбөрийг аав маань зээл авч, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж төлсөн. Банкны зээлийн хүү өндөр. Харин оюутны зээл ямар ч хүүгүй гэдэг нь том давуу тал болж байсан юм.


YOLOТэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зээл олгох болсон нь танд хэрхэн нөлөөлөх вэ?

- Оюутны зээл санхүүгийн асуудлыг маань хөнгөлж байсан. Гэсэн хэдий ч саяхан гарсан энэ шийдвэр надад болон надтай адил бэрхшээлтэй мянга мянган оюутнууд, тэдний ар гэрт санхүүгийн дарамтыг үүсгэж байна. Дүү бид хоёр хоёулаа оюутан. Миний хувьд удахгүй их сургуулиа төгсөнө. Манай гэр бүлд хоёр оюутны сургалтын төлбөрийг шийдэх боломж, бололцоо байхгүй учир зээлдээ хамрагдаж чадвал төлбөрийн асуудлаа шийдэж, сургуулиа төгсөж чадна. Айл өрх бүрд мөнгө, санхүүгийн асуудал үүсэж байгаа энэ нөхцөлд боловсролын зээлийг тэгш бусаар, ялгаварлан олгож байна. Энэ нь зээлийн гэрээгээ зөрчиж байгаа үзэгдэл юм. 


YOLOЭнэ зээлд хамрагдсан оюутнууд нэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Бусад оюутнууд хэрхэн хүлээж авч байна вэ?

- Уг зээлээр төлбөрөө төлсөн оюутнууд хамтран цахим орчинд зохих хэмжээгээр үйл ажиллагаа явуулж, өөрсдийнхөө санал сэтгэгдэл, дуу хоолойг олон нийт болон эрх барих дээд байгууллагуудад хүргүүлсээр байна. Оюутны хөгжлийн зээлд төлбөр төлөх боломжгүй олон оюутан хамрагддаг. Тухайлбал өрх толгойлсон, ганц бие ээж ч энэ зээлд хамрагдан суралцаж байсан. Гэвч зээл олгохгүй болсноор сургуулиасаа чөлөө авах, цаашдаа сургуулиасаа гарах нөхцөл байдал үүсэж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй ээж болон дөрвөн дүүтэйгээ амьдардаг нэгэн оюутан хичээлийнхээ хажуугаар ажил хийж хэрэглээнийхээ мөнгийг олдог. Оюутны хөгжлийн зээл түүний хувьд сурч боловсрох ганц боломж нь байсан. Түүний сурлагын голч дүн сайн, нийгмийн идэвхтэй, түүнчлэн дадлага хийсэн байгууллагаасаа ажилд орох урилга авсан хэдий ч гэнэтийн энэ шийдвэрээс болж сургуулиасаа завсардаж, чөлөө авах болсон. Энэ мэтчилэн маш олон оюутнуудад сургалтын төлбөрийн асуудал үүсэж тэдний сурах эрхийг хязгаарлаж байгаа нь хүндрэлтэй байна.


YOLOХөл хориотой энэ үед оюутны зээлээс төсөв танахгүйгээр хэрхэн өөрчилбөл зохистой гэж бодож байна вэ? 

- Яг тэр, энэ гэж хэлэхгүй ч онц шаардлагагүй, цаг үедээ тохирохгүй асуудлуудад төсвийг тэрбум тэрбумаар нь тусгасан байсан. Үүний оронд олон мянган оюутнууд болон тэдний ар гэрт санхүүгийн дарамт учруулахгүйгээр зээл олгох боломж байсан шүү дээ. Яагаад заавал боловсролын төсвөөс танаж байгааг ойлгохгүй байна. Ямар ч хүнд хэцүү цаг үед боловсролдоо хөрөнгө оруулалт хийж байсан түүх бидэнд бий. Боловсролын салбарыг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Өнөө үед боловсролыг анхааран авч үзэхгүй байгаа нь ард иргэдээ соён гэгээрүүлэх, боловсролтой иргэн болгох эрхэм үнэт зүйлсээс ухарч байна гэж би хувь хүний зүгээс харж байна.


YOLOЭнэ талаар оюутан, залууст хандаж хэлэх үг юу байна вэ?

- Нийгэмд тулгамдаж буй асуудлыг оюутан, залуучууд хамтран хэлэлцэж, шийдвэрлэж байх нь тухайн нийгмийг хөгжүүлэх үндэс гэж үздэг. Орчин үед сэхээтнүүд тэмцэхгүйгээс болж нийгэмд маш олон асуудлууд бий болж, шийдэгдэхгүй явсаар байна. Сэхээтэн буюу боловсрол эзэмшиж буй хүн бүхэн үг, үзэл бодлоо илэрхийлж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж байх нь нийгмийг зөв хандлагад оруулах нэг алхам юм. Тиймээс оюутнууд нэгдэн нийлж, одоо тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадах юм бол бид хамгийн зөв нийгмийг бүтээж чадах болно. Мөн оюутны хөгжлийн зээлээр суралцдаггүй оюутнууд ч энэ асуудалд байр сууриа илэрхийлж, оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах тал дээр хамтран ажиллах нь зээлээр суралцдаг оюутнууддаа маш том хувь нэмэр үзүүлж байгаа хэрэг юм. 

YOLOТэгвэл уг шийдвэрийг гаргасан засгийн газарт уламжилж хэлэхийг хүссэн зүйл байна уу?

- Засгийн газраас оюутны хөгжлийн зээлийг тэгш хүртээмжтэй олгож, гаргасан шийдвэрээ дахин нэг авч хэлэлцэхийг хүсэж байна. Энэ хүнд хэцүү цаг үед оюутны хөгжлийн зээлээр сурах нь маш олон оюутнуудад сургалтын төлбөрийн асуудлаа шийдэж, сурах итгэл, ирээдүйн зорилгоо биелүүлэх нэг хүчин зүйл болдог байсан. Засгийн газраас арга хэмжээ удахгүй авч, зээлээр суралцаж буй мянга мянган оюутнуудын төлбөрийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.


#Ярилцлага #Боловсол #Зээл