Billie Eilish: Би хэнд ч ХЭЗЭЭ Ч дээрэлхүүлж байгаагүй


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-12-15

Өнгөрсөн жилийн Грэмми наадмаас “Шилдэг дуу”, “Шилдэг цомог”, “Шилдэг дуу бичлэг”, “Шилдэг залуу уран бүтээлч” гэсэн дөрвөн дээд шагнал хүртсэн дуучин Billie Eilish-ийн VOGUE сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.


VOGUE: Арванхоёрдугаар сарын нэгэн хүйтэн өглөө.

Billie Eilish АНУ-ын Лос Анжелес хотод байрлах гэртээ ээж, аавтайгаа хамт амьдардаг. Хэрвээ та нар түүний өмнөх ярилцлагуудыг уншсан бол ярилцлагаа хаана өгөх дуртайг нь мэдэж байгаа байх. Тэр гал тогооны өрөөнийхөө цонхны дэргэдэх сандал дээр суугаад бидэнтэй ярилцсан юм. Энэ хугацаанд хатагтай Maggie (Eilish-ийн ээж) үе үе орж ирж хяналт тавьж байлаа.

Өнгөрсөн оны Coachella наадам дээр бага байхаасаа хайрласаар ирсэн дуучинтайгаа уулзаж буй өхөөрдөм Billie Eilish-ийг анзаараагүй хүн цөөн биз ээ. Түүний хүүхэд ахуй үеийн шүтээн нь дуучин Justin Bieber байсан учраас унтлагын өрөөнийх нь хана тэр чигтээ Justin-ий зургуудаар дүүрэн байсан аж. Мөн түүний ах Finneas энэ бүх цаг үед хамгийн сайн найз нь байсан төдийгүй Eilish-ийг урлагийн амьдралд хөтөлсөн хүн юм.

- Хүмүүс байнга дотуур хувцас өмсдөг шиг би үргэлж л дуулж явдаг байсан.


VOGUE: Eilish долоон настайдаа анхны дуугаа зохиосон төдийгүй YouTube хуудаснаас бичлэг үзэж төгөлдөр хуур болон гитар тоглож сурчээ.

- Бага байхад дуулах авьяастай хүүхдүүд “Би дуулъя” гэж хэлээд л хүн болгонд дуулж өгдөг байсан. Тэгээд хүмүүс алга ташихаар ээж нь “манай хүүхэд тийм хүн болно” гэх мэтээр онгирдог. Гэхдээ би хэзээ ч өөрийгөө тийм төрлийн хүүхэд гэж бодож байгаагүй.

VOGUE: Patrick (Eilish-ийн аав) Hanson хамтлагийн түүхийг уншаад хүүхдүүд гэрээр боловсрол эзэмшвэл /Homeschooling/ илүү эрх чөлөөтэй төдийгүй өөрсдийн сонирхол дээр тулгуурлан суралцана гэж итгэж байжээ. Тийм ч учраас Eilish болон Finneas нар гэрээсээ суралцсан байна. 

- Би сургуульд яваагүйдээ баярладаг. Хэрвээ явсан бол одоогийнх шигээ амьдрахгүй байх байсан. Заримдаа сургуулийн шүүгээтэй болоод, сургуулийнхаа бүжгийг хийгээд, багшийнхаа үгийг сонсохгүй ангидаа чанга чанга инээхийг хүсдэг байсан. Сургуулиас иймэрхүү зүйлс л миний сонирхлыг татсан.


VOGUE: Eilish багадаа үнэхээр хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. Тиймээс эцэг эх нь түүний эрч хүчийг зөв зүйлд зарцуулахын тулд бүжгийн анги, гимнастикийн дугуйланд явуулдаг байв. Гэхдээ O’Connel-ийнхон тийм ч чинээлэг байгаагүй учраас тэдгээр газруудад ажиллаж, цалин авахын оронд Eilish-ийг дугуйланд хамруулдаг байжээ. Мөн Billie Eilish Сан Паскуалын морины жүчээнд очиж морь унадаг байв.

- Тэр үед над руу харж байсан баян охидын харцыг мартаж чаддаггүй. Намайг дээрэлхээгүй ч гэсэн тэдний харцнаас олон зүйл мэдрэгдсэн. Гэхдээ би хэнд ч хэзээ ч дээрэлхүүлж байгаагүй. 


VOGUE: Түүний ээж Maggie: “Надтай уулзсан хүмүүс ихэвчлэн сайхан зүйлс хэлдэг. Жишээ нь, нэг охин түргэн тусламжийн машинаар эмнэлэгт таван удаа хүргэгдэж байсан ч Eilish-ийн дууг сонсдог болсноосоо хойш бүх зүйл нь хэвийн болсон гэсэн” хэмээв.

Мөн Maggie-гийн хувьд өсвөр насны хүүхдийн эцэг эх байх нь хамгийн хэцүү зүйл гэсэн юм. Учир нь Billie-гийн өрөөнийхөө ханан дээр бичсэн зүйлс ээжийнх нь санааг зовоодог байв. Тухайлбал, “Би яагаад амьд байгаа юм?” гэсэн бичгийг хараад маш их айж байжээ. Мөн Eilish-ийн “Listen Before I Go” дууны үг ч Maggie-д төдийлөн таалагдаагүй аж. Тиймээс тэрээр: “Би дууных нь үгийг ойлгохын тулд илүү их хичээх хэрэгтэй юм шиг байна” гэж хэлсэн юм.

Billie-гийн хувьд багаасаа урлагийн ертөнцөд хөл тавьсан учраас багагүй стресс мэдэрсэн нь лавтай.

- Би зүгээр л өөрийнхөө бие галбирыг үзэн яддаг байсан. Мэдээж арай өөр биетэй төрчихсөн бол хамаагүй дээр зүйл хийх байлаа. Би модель болохыг хүсдэг байсан ч намхан бас булцгар. Миний бодлоор бие организм маань үеийнхнээсээ арай эрт хөгжсөн байх. Яагаад гэвэл намайг 9 настай байхад хөх ургаж, 11 настай байхад анхны сарын тэмдэг ирсэн. Бие минь тархинаасаа түрүүлээд хөгжөөд л байсан. 


VOGUE: Тэр үргэлж л нэг төрлийн сул хувцас өмсдөг хэдий ч загварт хайртай хүн. Ердөө дөрвөн настай байхаасаа л унтлагын хувцас, дотуур хувцас зэргээ өөрөө сонгодог байжээ. Мөн арван гурван настай байхаасаа эхлэн худалдаж авсан хувцасныхаа загварыг өөрчилдөг болжээ.

- Би зүгээр л тиймэрхүү зүйлс хийхийг хүссэн, бас хийсэн. 9, 10 настайдаа өмсдөг байсан хувцаснуудаа бодохоор ёстой аймшигтай санагдаж байна.  Гэхдээ л би өөрийнхөө хүссэн зүйлийг өмсдөг болохоор жаргалтай байдаг.

VOGUE: Eilish өөрийнхөө дуунуудыг гэртээ л хийчихдэг.

- Би студийг үзэн яддаг. Өдрийн гэрэлгүй байвал надад бүр ч таалагддаггүй. Дуу бичүүлэх бүхээгийг ч үзэн яддаг. Мэдээж студид олон янзын уран бүтээлч, продюсерүүдтэй хамтран ажиллаж байсан. Гэхдээ аль нь ч Finneas-тай хамт дуу бичүүлдэг шиг мэдрэмж төрүүлдэггүй.

VOGUE: Billie Eilish анхны бүрэн хэмжээний цомгоо гаргахаасаа өмнө л тэрбум давсан хандалт авчээ. Түүний уран бүтээл хуучны поп хөгжмийг орчин үеийн болгосон гэмээр санагддаг. Тэр алдартай болохыг хүсдэг гэдгээ ч нуудаггүй аж.

- Тэр (алдартай болох) бол миний хүсэж байгаа бүх зүйл. Хүмүүст өөрсдийнх нь дагаж мөрддөг дүрэм байдаг болохоор намайг дүрэм зөрчигч гэдэг. Яг үнэндээ хэн ч надад тэрийг дагаж мөрд гэж хэлээгүй. Тиймээс би өөрийнхөө хүссэн зүйлийг л хийдэг. 


VOGUE: Түүний аялан тоглолтод дээд зэргийн бүжгийн үзүүлбэр багтдаггүй боловч гайхалтай гэмээр амжилттай болж өнгөрдөг. Жишээ нь, “Where Do We Go?” аялан тоглолтоороо 500,000 тасалбар борлуулсан байна. Нөгөөтээгүүр, Billie бол  үе тэнгийнхнийхээ адил өөр нэгэн уран бүтээлчийн "шүтэн бишрэгч" нь. Тэрээр Rihanna-г бурхан хэмээн тодорхойлсон юм. Шууд утгаараа бурхан гэж ойлгож болно. Мөн 11 настай Eilish-ийн цамцан дээр Justin Bieber-ийн зураг байсан юм.

- Би шүтэн бишрэгч охины хувьд зарим алдартнуудад яг ямар асуудал байгааг, юу нь болохгүй байгааг ойлгодоггүй байсан. Үнэндээ алдартай хүмүүсийг хараад хөөрхөн, туранхай гэдгээс өөр зүйл боддоггүй байлаа. Гэхдээ өсөж том болохын хэрээр “өө, тэдэнд ч бас асуудал байдаг юм байна” гэдгийг ойлгосон. 

Billie Eilish-аас биеэ дааж, ганцаараа амьдрах хүсэлтэй байгаа эсэхийг нь асуухад өөрийг нь ширтэж буй эцэг эх рүүгээ хараад “Азаар би эцэг эхдээ хайртай. Тэдэнтэй байх дуртай. Надад машин л байхад болно. Би энд байх дуртай” гэж хэлсэн юм.

#Дуу хөгжим #Billie Eilish #Ярилцлага