Jesy Little Mix хамтлагийг ОРХИНО


Миау | YOLO.MN
2020-12-15

Их Британийн охидын Little Mix хамтлагийн гишүүн Jesy Nelson хамтлагаасаа гарахаар болжээ.

Энэхүү харамсалтай мэдээг Little Mix хамтлаг албан ёсны Твиттер хуудсаараа мэдэгдсэн бөгөөд:

- “Бүтэн есөн жилийг гайхалтайгаар өнгөрөөснийхөө дараа Jesy маань Little Mix хамтлагаа орхихоор шийдлээ. Энэхүү шийдвэр бид бүгдэд маш хүндээр туссан боловч цаашид түүнд тусалж дэмжсээр байх болно.

Түүнийг сэтгэцийн эрүүл мэнддээ шаардлагатай арга хэмжээг авах нь зөв гэдгийг ойлгож байна. Гэсэн ч бид гурав Little Mix хамтлагтайгаа хийх аяллыг дуусгахад бэлэн биш байна.

Шүтэн бишрэгчдийн маань хувьд Jesy хамтлагаа орхих гэж буй нь тийм ч таатай мэдээ биш. Гэхдээ бид та бүхэндээ маш их хайртай шүү. Бас өдийг хүртэл дэмжсээр ирсэнд чинь үнэхээр их талархаж байна.

Та бүхэнтэйгээ аялан тоглолтуудаар уулзахыг тэсэн ядан хүлээж байя.

Хүндэтгэсэн,
Jade, Perrie болон Leigh-Anne xxx” хэмээн бичжээ.

Харин Jesy өөрийн Инстаграм хуудсанд дараах захидлыг нийтэлсэн байна. Захидалд:

- “Little Mix хамтлагт өнгөрөөсөн есөн жил миний амьдралын хамгийн гайхалтай үе байлаа.

BRIT шагнал гардуулах ёслолоос шагнал авах, O2 цэнгэлдэх хүрээлэнд хийх тоглолтын тасалбар худалдаалагдаж дуусах гэх зэрэг миний хэзээ ч боломжгүй байх гэж бодож явдаг байсан зүйлийг ч бид боломжтой болгож чаджээ. Дэлхий даяар маш олон шүтэн бишрэгчид, найз нөхөдтэй боллоо. Үнэндээ намайг энэ дэлхийн хамгийн аз жаргалтай охин мэт мэдрэмжийг төрүүлж байгаад чинь талархаад баршгүй нь. Та бүхэн маань намайг үргэлж дэмжиж, урам өгдөг байсныг би хэзээ ч мартахгүй ээ.

Яг үнэндээ сүүлийн үед Little Mix хамтлагт байх нь миний сэтгэцийн эрүүл мэндэд тийм ч таатай биш байлаа. Охидын хамтлагийн гишүүн байх, маш өндөр хүлээлт дунд амьдрах зэрэг нь надад их дарамттай санагдсан юм.

Амьдралд бусдыг аз жаргалтай болгох гэж хичээхээс илүүтэйгээр өөртөө анхаарал тавьж, өөрийгөө халамжлах шаардлагатай үе гэж бий. Харин миний энэ үе ирсэн бололтой.

Ингээд маш олон зүйлийг бодож тунгаасны үндсэн дээр Little Mix хамтлагаас гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.

Мөн юу юунаас илүү Jade, Perrie, Leigh-Anne нартаа хэзээ ч мартагдашгүй, гайхалтай дурсамжуудыг хамт бүтээлцсэнд талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Та хэд маань мөрөөдлөө биелүүлж, олон хит дуунууд хийнэ гэж найдаж байна.

Хүндэтгэсэн,
Jesy” гэж бичжээ.

Little Mix охидын хамтлаг нь 2011 онд Их Британийн алдарт “The X Factor” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан бөгөөд 2017 онд Их Британийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтад багтсан бол 2018 онд Америкийн Forbes сэтгүүлээс гаргасан “30 хүртэлх 30” жагсаалтад багтсан аж. 

Эх сурвалж: CNN

#Дуу хөгжим #Little Mix #Jesy