Кпопын эргэн тойронд: Оны шилдэг уран бүтээлч - HWASA


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-12-14

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

“THE FACT MUSIC AWARDS”: ОНЫ ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ - HWASA

Арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хөгжмийн шагнал гардуулах “The Fact” наадам шилдгүүдээ тодруулж, шагналаа гардууллаа. Тус наадам өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил SNSD хамтлагийн Seohyun болон Jun Hyun Moo нар хөтлөн явуулсан байна. Ийнхүү BTS хамтлаг дээд шагналын эзнээр гурав дахь жилдээ тодорлоо.

Харин энэ оны шилдэг уран бүтээлчдээр BTS, TWICE, MAMAMOO, Seventeen, Monsta X, Super Junior, IZ*ONE, TWICE, GOT7, NU’EST, Daniel болон Hwasa нар шалгарсан байна. Ийнхүү тус наадмын хувьд хамтлаг болон хамтлагийн гишүүн нь “Оны шилдэг уран бүтээлч” болж буй анхны тохиолдол нь MAMAMOO хамтлаг болон Hwasa нар байв.

Дуучин Hwasa-гийн хувьд энэ жил өөрийн бие даасан цомгийг гаргасан ба MAMAMOO болон Refund Sisters хамтлагийн гишүүний хувиар идэвхтэй үйл ажиллагаа явуулсан билээ.

Уг наадмын өмнө болсон “MAMA- 2020” шагнал гардуулах ёслол хамтлаг, дуучдад амралтын өрөө бэлдэж өгөөгүй гэдэг шалтгаанаар багагүй шүүмжлүүлсэн юм. Харин “The Fact” наадмын зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн хамтлаг, дуучдад зориулж тусгай өрөөнүүд бэлдэж өгсөн байв. Ийнхүү хүмүүс уг наадмын шагналын эзэд болон наадмын зохион байгуулалтад маш өндөр үнэлгээ өгч байгаа аж.

Та бүхэн уг наадмаас шагнал хүртсэн хамтлаг дуучдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

RAIN COMPANY ХӨВГҮҮДИЙН ШИНЭ ХАМТЛАГАА ТАНИЛЦУУЛЛАА

Дуучин Rain-ийн байгуулсан “Rain Company” энтертайнментаас хөвгүүдийн шинэ хамтлаг болох Ciipher хамтлагийг олон нийтэд танилцууллаа.

Ciipher хамтлаг нь долоон гишүүнтэй бөгөөд тус энтертайнментаас үүсгэн байгуулж буй анхны хамтлаг юм байна. Хэдийгээр хамтлагийн гишүүдийн мэдээллийг албан ёсоор зарлаагүй боловч Кпоп сонсогчид уг хамтлагт багтсан гишүүдийг төвөггүйхэн таньжээ. Учир нь эдгээр долоон гишүүн нь алдартай нэвтрүүлгүүдэд оролцож байсан аж.

Тухайлбал, “Under Nineteen” нэвтрүүлгийн Park Sungwon, “YG Treasure Box”-ийн Kil Dohwan, Keita “Produce 101” нэвтрүүлгийн Moon Hyun Bin, Lee Gwanghyun, “No Mercy” өрсөлдөөнт нэвтрүүлгийн Choi Seokwon зэрэг залуус уг хамтлагт оржээ. “Rain Company” энтертайнментийн зүгээс:

- “Ciipher хамтлаг ирэх оны эхээр албан ёсны уран бүтээлээ гаргана. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй албан ёсны вебсайтаараа дамжуулан өгөх болно” хэмээн мэдэгджээ. 

MINHO АЛБАН ЁСООР ИНСТАГРАМД НЭГДЛЭЭ

SHINee хамтлагийн гишүүн Minho албан ёсны Инстаграм хаягтай болсон байна.

Тэрээр төрсөн өдрөөрөө буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр V Live шууд дамжуулалтын үеэр шүтэн бишрэгчдэдээ албан ёсны хаягаа танилцуулжээ. Түүний Инстаграм хаягтаа хийсэн анхны зураг дээр нь хамтлагийнх нь гишүүн Taemin зүрхтэй эможи үлдээсэн бол Key: “Энэ жинхэнэ хаяг нь мөн үү? Нүүр зураг тавиарай” гэж сэтгэгдэл бичжээ.

Түүний Инстаграм хаяг нь @choiminho_1209 бөгөөд Инстаграмд нэгдсэнийхээ дараа хамтлагийн дөрвөн гишүүнээ дагажээ.

TVXQ ХАМТЛАГ 17 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭНЭ

Кпоп хөгжмийн томоохон төлөөлөгчдийн нэг, алдарт TVXQ хамтлаг үүсгэн байгуулагдаад 17 жил болжээ. Ийнхүү хамтлагийн гишүүд арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Beyond LIVE” шууд дамжуулалтын платформыг ашиглан шүтэн бишрэгчидтэйгээ уулзалт зохион байгуулахаар болсон байна. Тус уулзалтын тасалбар нь арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн худалдаалагдах аж.

TVXQ хамтлаг нь 2003 онд Jaejoong, Yunho, Junsu, Yoochun, Changmin гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдсан. Гэвч 2010 онд Jaejoong, Junsu, Yoochun нар хамтлагаасаа гарч JYJ нэртэй хамтлаг байгуулжээ. Ийнхүү Yunho, Changmin нар TVXQ хамтлагтаа үлдэж өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.

CHA EUN WOO “TRUE BEAUTY” ОЛОН АНГИТ КИНОНЫ ДУУГ ДУУЛНА

ASTRO хамтлагийн гишүүн Cha Eun Woo “True Beauty” хэмээх олон ангит киноны гол дүрд тоглож байгаа билээ.

Ийнхүү тус киноны албан ёсны дууг ч мөн Cha Eun Woo дуулахаар болжээ. Дуу нь хэдийгээр цацагдах нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Харин “True Beauty” олон ангит кино нь tvN телевизийн сувгаар долоо хоног бүрийн лхагва, пүрэв гарагт цацагдаж байгаа юм.

DARA: CL, MINZY ХОЁР ШИЛДЭГ СУРАГЧ БАЙСАН

Red Velvet хамтлагийн гишүүн өөрийн “Yeri’s Room” нэвтрүүлэгтээ 2NE1 хамтлагийн Dara-г оролцуулжээ. Нэвтрүүлгийн дундуур Yeri Dara-гаас “YG энтертайнментийн дадлагажигчид ямар дуун дээр бэлтгэл хийдэг вэ?” гэж асуусан байна.

Харин Dara-гийн зүгээс, “2NE1 хамтлаг BoA-гийн No. 1 болон Valenti хэмээх хоёр дуун дээр нь бэлтгэл хийдэг байсан” гэж хариулжээ. YG энтертайнмент бэлтгэлдээ SM энтертайнментийн дууг ашигладгийг мэдсэн Yeri ихэд гайхширсан байна. Мөн Dara үргэлжлүүлэн:

- “Бүх бэлтгэл хялбараас хүнд рүү шилждэг. Бид хамгийн анх No.1 дууг цээжлээд, бүжиглэнэ. Сайн хийж чадвал Valenti дууг сурдаг байсан. Гэхдээ Park Bom бид хоёр дуучин болтлоо No.1 дуун дээр бэлтгэл хийсээр байгаад таарсан. CL, Minzy хоёр манай шилдэг сурагч байсан болохоор дараагийн шат руу орж чадсан” гэжээ.

UHM JUNG HWA ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

Refund Sisters хамтлагийн гишүүн Uhm Jung Hwa тун удахгүй шинэ уран бүтээл гаргахаар болжээ.

Тэрээр арванхоёрдугаар сарын 22-ны өдөр шинэ дуугаа олны хүртээл болгох юм байна. Энэ нь түүний гурван жилийн дараа хийж буй уран бүтээл бөгөөд хамгийн сүүлд буюу 2017 онд “The Cloud Dream of the Nine” хэмээх цомог гаргасан аж.

Дуучин Uhm Jung Hwa 1987 онд өмнөд Солонгос улсын хөгжмийн ертөнцөд хөл тавьсан ба өдгөө 51 нас хүрч буй юм. Та бүхний мэдэж байгаачлан тэрээр дуучин төдийгүй алдартай жүжигчин билээ.

 “HIGH SCHOOL RAPPER” НЭВТРҮҮЛГИЙН МЕНТОРУУД ТОДОРЛОО

Mnet телевизийн сувгаас 2017 онд “SMTM” болон “Unpretty Rapstar” нэвтрүүлгийн шинэ хувилбар болох “High School Rapper” нэвтрүүлгийг танилцуулсан юм. Тус нэвтрүүлэг нь реппэр болох мөрөөдөлтэй ахлах сургуулийн суралцагчдад зориулагджээ. 

Ийнхүү Mnet телевизийн сувгийн зүгээс 2021 оны “High School Rapper” нэвтрүүлгийн менторуудыг танилцуулсан байна. Үүнд, Jay Park, PH-1, Woogi, The Quiett, Yumdda, Simon D, Loco, Changmo, Way Ched хэмээх реппэрүүд багтжээ. Loco:

- “Бусад уран бүтээлчдийн, ялангуяа залуу уран бүтээлчдийн дуунууд үргэлж л шинэлэг мэдрэмж төрүүлдэг. Би өөрөө ч бас их зүйл суралцаж байх гэж догдолж байна” гэжээ.

 Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд