Бакалаврын түвшний ЭМЭГТЭЙ ОЮУТНУУДАД зориулсан "SUSI - 2021" хөтөлбөр зарлагдлаа


АНУ-ын Элчин сайдын яамнаас их, дээд сургуулийн эмэгтэй оюутнуудад зориулсан солилцооны хөтөлбөрийг зарласан байна.

“Study of the U.S. Institutes (SUSIs) for Student Leaders” нь 5-6 долоо хоногийн цуврал семинар, хэлэлцүүлэг, уншлага, бүлгийн танилцуулга, лекцээс бүрдсэн бүрэн тэтгэлэгт солилцооны хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь залуу эмэгтэйчүүдийн манлайлах ур чадварыг төлөвшүүлэх, олон нийтийн үйл ажиллагааны оролцоог дэмжихэд оршино.

Хөтөлбөр их, дээд сургуулийн зуны амралт буюу 6-8 дугаар сард зохион байгуулагддаг. Энэ хугацаанд манлайллын үйл ажиллагаа, орон нутгийн иргэдийн сайн дурын ажилд хамрагдах зэрэг боломжоор хангах аж. Уг хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-ын болон дэлхийн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, тэгш байдлыг хангах дотоодын ахиц дэвшил, өнөөгийн ололт амжилт, оролцоог судлах боломжтой юм.

Өргөдөл гаргагч дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Монгол улсад амьдарч буй 18-25 насны иргэн байх /эмэгтэй/

- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

- Эмэгтэйчүүдийн болон манлайллын чиглэлд сонирхолтой байх

- Их сургууль, олон нийтийн үйл ажиллагаанд манлайлах чадвартай байх

- АНУ-ын талаар судлах сонирхолтой байх

- Олон нийтийн болон сургуулиас гадуурх үйл ажиллагаанд тууштай оролцдог байх

- АНУ-д эсвэл эх орноосоо өөр газар аялж, сурсан туршлагагүй байх

- Дотуур байранд амьдрах учир бусадтай эвтэй байх зэрэг.

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны нэгдүгээр сарын 4-ний 08:30 минут. 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: Монгол дахь Америкийн Элчин сайдын яам

#тэтгэлэг #боломж #хөтөлбөр