Сэтгэл түгших эмгэгийн үед илрэх ШИНЖ ТЭМДЭГ ба үүнийг ТАНИХ АРГУУД


Сэтгэцийн эрүүл мэндийн тухай цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт сэтгэл түгших эмгэгийн үед илрэх шинж тэмдгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Сэтгэл түгших эмгэгийн шинж тэмдгүүдийг бие махбодод болон сэтгэцэд нөлөөлөх гэсэн үндсэн хоёр бүлэгт авч үздэг ажээ.

СЭТГЭЛ ТҮГШИХ ЭМГЭГИЙН ҮЕД БИЕ МАХБОДОД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

  • Амьсгал давчдах
  • Ам хатах
  • Хөлрөх
  • Даарах, чичрэх
  • Зүрх дэлсэх, зүрхний цохилтын хэм алдагдах
  • Нойр хүрэхгүй байх
  • Толгой, хүзүү хөшиж өвдөх
  • Дотор муухайрах, суулгах
  • Булчин чангарах
  • Хоол боловсруулах эрхтэн, ходоод гэдэсний үйл ажиллагаа доголдох
  • Ухаан алдах, толгой эргэх
  • Сулбайж, ядрах

СЭТГЭЦЭД ИЛРЭХ НИЙТЛЭГ ШИНЖ 7 ТЭМДЭГ

1. САНАА ЗОВОХ

Санаа зовох нь сэтгэл түгших эмгэгийн ерөнхий шинж тэмдэг бөгөөд зургаан сар ба түүнээс дээш хугацаатай үргэлжилбэл сэтгэл түгших эмгэг болсон хэмээн тодорхойлж болно. Олон зүйлд санаа зовох, стресс даах чадваргүй болох, зүрх дэлсэх, амьсгаадах, хөлрөх, гар хөл чичрэх шинж тэмдгүүд нь хүчтэй, байнга илэрч байвал сэтгэл түгших эмгэг үүссэн гэж үзнэ.

Харин дээрх шинж тэмдгүүд ямар нэг үйл явдал, гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр илрээд богино хугацаанд арилж байвал хэвийн сэтгэл түгшилт гэж ойлгож болно. Ихэвчлэн 65-аас доош насны хүмүүс сэтгэл түгших эмгэг тусах эрсдэлтэй байдаг. Тэр тусмаа ганц бие, нийгэм эдийн засгийн түвшин доогуур, стресс ихтэй хүмүүс өртөх нь элбэг ажээ.

2. СЭТГЭЛ ТҮГШИХ

Сэтгэл түгших үед зүрхний цохилт түргэсэх, хөлрөх, чичрэх, ам хатах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд мөн л сэтгэл түгших эмгэгийн нийтлэг шинж тэмдэг юм.

3. ТАЙВАН БУС БАЙХ, САНДРАХ

Тайван бус байх, сандрах нь ихэвчлэн өсвөр үеийнхэнд түлхүү илэрдэг байна. АНУ-ын сэтгэл түгших эмгэгтэй гэж оношлогдсон 128 хүүхдийн 74-д нь дээрх тэмдгүүд илэрчээ. Зөвхөн энэ шинж тэмдгээр сэтгэл түгших эмгэгийг оношлох нь хангалтгүй боловч хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмдэг юм.

4. АНХААРАЛ, ТӨВЛӨРӨЛТ МУУДАХ

Сэтгэл түгших эмгэгтэй хүмүүсийн дийлэнх нь төвлөрөх чадамж муутай, анхаарал нь амархан сарнидаг байна. Энэ нь сэтгэл түгших эмгэгтэй хүмүүсийн ажлын бүтээмжийг бууруулах сөрөг нөлөөтэй аж.

5. ЦОЧИМТГОЙ БОЛОХ

Энэ шинж тэмдэг нь сэтгэл түгших эмгэг туйлдаа хүрсэн буюу хүндэрсэн тохиолдолд илүү их мэдрэгддэг байна. Нөгөө талаас хүн уур уцаартай, бухимдсан үедээ аливаа зүйлд цочих хариу үйлдэл үзүүлэх хандлага ихэсдэг аж. Судалгаагаар 6000 гаруй насанд хүрэгчдийн 90 гаруй хувь нь сэтгэл түгших эмгэг нь хүндэрсэн үедээ маш их уур уцаартай байсныг тогтоожээ.

6. НИЙГМЭЭС ӨӨРИЙГӨӨ ТУСГААРЛАХ

Энэ нь бусад хүмүүс юу гэж бодож байгаа бол гэсэн бодлоос үүдэн өөрийгөө нийгмээс тусгаарлах үзэгдэл юм. Нийгмээс өөрийгөө тусгаарлах нь маш түгээмэл бөгөөд Америкийн насанд хүрэгчдийн 12 хувьд нь амьдралынх нь аль нэг үед нь тохиолддог байна.

Тус шинж тэмдэг ихэвчлэн амьдралын эхэн үед тохиох хандлагатай байдаг. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 50 орчим хувь нь 11 насандаа тусдаг бол 80 хувь нь 20 насандаа тусдаг аж. Ийм эмгэгтэй хүмүүс олон хүнтэй газарт очих эсвэл шинэ хүмүүстэй уулзахдаа ичиж,  чимээгүй байхыг эрмэлздэг. Тэд гадна талаасаа зовж шаналаагүй мэт харагддаг боловч дотроо маш их айдас, түгшүүрийг мэдэрдэг. 

7. ХЭТ ИХ АЙХ

Аливаа зүйлээс хэт их айх нь сэтгэл түгших эмгэгийн нэг төрөл буюу фоби юм. Үүнийг ухаалаг бус айдас ч гэж бас тодорхойлж болно. Энгийнээр тайлбарлавал фоби гэдэг нь тодорхой нэг объект эсвэл нөхцөл байдлаас хэт их айх айдас юм. Мэдрэмж нь маш хүчтэй бөгөөд өөрийгөө удирдахад бэрхшээлтэй байдаг. Фобиг дараах нийтлэг шинж тэмдгээр ангилдаг:

Амьтны фоби: Тодорхой амьтан, шавжаас айх айдас.

Байгаль орчны фоби: Хар салхи, үер гэх мэт байгалийн гамшигт үзэгдлээс айх айдас.

Цус, тариа, гэмтлийн фоби: Цус, тариа, зүү, гэмтлээс айх айдас.

Нөхцөл байдлын фоби: Онгоц, лифтээр зорчих гэх мэт зарим нөхцөл байдлаас айх айдас.

Агорафоби:

  • Нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахаас
  • Ил задгай газар байхаас
  • Хаалттай, давчуу орон зайд байхаас
  • Олны дунд байхаас
  • Гэрээсээ хол ганцаараа байхаас айх айдас хэмээн ангилдаг ажээ.

Сэтгэл түгших эмгэгийн үед дээр дурдсанаас гадна өөр маш олон тодорхойлоход төвөгтэй шинж тэмдгүүд илэрдэг ч ихэвчлэн эдгээр нийтлэг шинж тэмдгүүд илэрдгийг эрдэмтэд тогтоосон байна. Бид дараагийн дугаартаа сэтгэл түгших эмгэгтэй эсэхээ тодорхойлох сэтгэл зүйн тестийг бэлтгэн хүргэх болно.

Эх сурвалж: Healthline, Medical News Today

#Сэтгэлзүй #Сэтгэл түгших