Залуу хүний ЗААВАЛ УНШИХ ном №8


Салбар салбартаа манлайлагчдыг урьж оролцуулдаг “Залуу хүний заавал унших ном” цувралын маань ээлжит дугаар уншигч та бүхэндээ хүрч байна. Энэ удаагийн хүндэт зочноор уншигч биднийхээ оюуныг олон гайхалтай зохиолоороо мялааж байдаг зохиолч М.Пүрэвмаа уригдан оролцлоо. 

Түүний санал болгож буй “Манго жимстэй цай” бүтээл нь “Монголын залуу охидын заавал унших ёстой номын жагсаалт”-д багтаж, хэвлэлтээс гарсан даруйдаа дуусдаг эрэлттэй номын нэг болоод буй. Алдсан хойноо ухаарах бус, алдахаасаа өмнө ойлгож, ухаараарай хэмээн бичсэн энэхүү номыг бүсгүйчүүд гэлтгүй залуучууд маань ч гэсэн уншаасай гэж хүсэж байна. 

Санал болгож буй ном: “Манго жимстэй цай”

Зохиолч: М.Пүрэвмаа

Төрөл: Уран зохиол

Товч агуулга: Нийгмийн хамгийн эмзэг сэдэв болох үр хөндөлтийн талаар өгүүлдэг бөгөөд үйл явдал нь АНУ-ын Нью-Йорк хотод өрнөнө. Гол дүрийн дөрвөн бүсгүйн хүмүүжил, хувь заяа, эмэгтэйчүүд болон эрчүүдийн нийтлэг алдааг ижил хэмжээнд хүүрнэн, түүний золиос нь болсон үр хөндөлтийн тухай тодоор дүрсэлдэг. Золгүй дурлал бүрийн эцэст бяцхан ургийн амьд үлдэх эсэх нь эргэлзээтэй болдог энэ нийгмийн сэтгэхүйг өөрчлөхийн төлөө бичигдсэн бүтээл.

YOLOБид энэ номыг яагаад унших ёстой вэ? 

- Үр хөндөлт энгийн үзэгдэл үү? Эсвэл...
Өдөр бүр охид 18 нас хүрч байна. Тэд "Манго жимстэй цай" буюу үр хөндөлтийн эсрэг бичигдсэн энэ уран зохиолын номыг хайж байна. Тэдний амьдралд, зүрх сэтгэлд, оюун ухаанд хэрэг болох бүтээл бичсэнээ сүүлийн хэдэн сар маш сайн ойлголоо.

YOLOТаны энэ номоос суралцаж, хэрэгжүүлж буй зүйл юу вэ? 

- Өөрийнхөө амьдралыг хамгаалж үлдэхийн чухлыг ойлгох болно.

YOLOЭнэхүү номын хамгийн дуртай ишлэл тань? 

- “Эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн том алдаа нь төлөвлөөгүй, ярилцаагүй, таниагүйгээс үүдэж үйлдсэн бүхнээ үрийнхээ амийг тасалж, асуудлыг шийднэ гэж үздэг явдал. Гэхдээ эцэст нь асуудал улам томорч өөрийгөө асар ихээр өвтгөж, туйлдуулдаг”.

 

YOLOНом ...-той төгс зохицдог.

- Ном кофетой хамт төгс зохицдог.

YOLOСонсдог ном, цаасан ном, цахим номын алийг нь илүүд үзэх вэ?

- Гүйнгээ, ажлаа хийнгээ, алхангаа сонсох боломжтой байдаг учраас сонсдог ном их таалагддаг. 

YOLOНомыг хэрхэн уншдаг вэ?

- Зохиолчийн бичлэгийн хэв маягийг харж уншдаг болсон. 

YOLOНомын хулгай, хулгай мөн үү?

- Мөн. 

YOLOТанай номын санд хэр олон ном байдаг вэ?

- Номын сан маань маш их номтой байсан. Уншиж дууссан зарим номоо хүмүүстэй солилцоод, байнга уншдаг чухал номуудаа л авч үлдсэн. Их ном цуглуулахдаа биш чухал номуудаа авч үлдэх нь зөв санагдсан.

YOLOНомоо хүнд зээлүүлдэг үү?

- Найз нөхдөдөө номоо зээлдүүлдэг. Уншсан номоо бусадтай хуваалцахаас хэзээ ч татгалздаггүй. 

YOLOДуртай зохиолоороо кино бүтээх боломж олдвол ямар зохиолыг амилуулах вэ?

- “Үр сад” ном маань найруулагчдын анхаарлыг татсан зохиол болсон учраас үүнийгээ дэлгэцийн бүтээл болгох хүсэлтэй байдаг. Магадгүй дараа жил гэхэд кино болсон байна байх. 

YOLOНомоо хэрхэн сонгож уншдаг вэ?

- Тухайн номыг уншсан хүмүүсийн сэтгэгдэл, сэтгэл хөдлөлийг ажиглахыг хичээдэг. Мөн зохиолчийг нь харж номоо сонгодог.

YOLOЭх хэл дээр нь уншсан дээр үү, эх хэлээрээ уншсан дээр үү?

- Хэлний мэдлэгтэй бол эх хэл дээр нь уншсан дээр. Мөн эх хэлээрээ ч унших хэрэгтэй.

YOLOЯрилцсанд баярлалаа. 

#Залуус #Ном