Кпопын эргэн тойронд: BLACKPINK хамтлаг онлайн тоглолт хийнэ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-12-07

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

BLACKPINK ХАМТЛАГИЙН АНХНЫ ОНЛАЙН ТОГЛОЛТ “THE SHOW”

BLACKPINK хамтлаг YouTube хуудастай хамтран анхны онлайн тоглолтоо зохион байгуулахаар болжээ.

Тус хамтлагийн зүгээс арванхоёрдугаар сарын 27-ны өдөр онлайн тоглолтоо YouTube сувгаараа шууд дамжуулах бөгөөд үзэхийг хүссэн хүмүүс BLACKPINK хамтлагийн YouTube сувагт төлбөр төлж гишүүнчлэлээ баталгаажуулах ёстой аж. Хамтлагийн зүгээс:

- “Биднийг удаан хүлээсэн шүтэн бишрэгчдэдээ зориулж энэ жилийг онцгой зүйлээр дуусгахыг хүссэн юм. Манай тоглолтыг гэрээсээ ая тухтай үзнэ гэж найдаж байна. Бид амьдралынхаа гайхалтай нэгэн агшинг та нартайгаа хуваалцах болсондоо туйлын их баяртай байгаа. The Show болох хүртэл тэсэн ядан хүлээе” гэжээ.

BLACKPINK хамтлагийн тоглолт нь хоёр өөр төрлийн багцтай. Эхнийх нь стандарт багц буюу тоглолт үзэх, эможи ашиглах эрхтэй. Харин хоёр дахь нь BLACKPINK хамтлагийн тайзны ард өрнөж буй үйл явдлыг үзэх боломжтой юм байна. Үнийн хувьд ч ялгаатай бөгөөд эхний багц нь 29.99 ам.доллар бол хоёр дахь багц нь 39.99 ам.доллар аж.

PSY HYUNA-ГИЙН ШИНЭ ДУУН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр дуучин HyunA Инстаграм хаягтаа шинэ зураг хийжээ. Түүний зураг дээр P-Nation энтертайнментийн үүсгэн байгуулагч PSY байсан бөгөөд зургаа “Босстой хамт дуугаа бичиж байна” хэмээх тайлбартайгаар нийтэлжээ.

HyunA энэ оны наймдугаар сард шинэ цомог гаргах байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас цомгоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.

SONG MINO “ЗАГВАРЫН ЧИГ ХАНДЛАГА ТОДОРХОЙЛОГЧ” ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ

2008 оноос хойш зохион байгуулагдаж буй “Korea Fashion Awards” 2020 оны шилдгүүдээ тодруулжээ. Ийнхүү уг наадмаас энэ онд өмнөд Солонгосын загварын ертөнцөд үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлчдийг шалгаруулсны нэг нь WINNER хамтлагийн гишүүн Song Min Ho буюу Mino байв.

Тэрээр энэ оны “Загварын чиг хандлагыг тодорхойлогч” шагналын эзэн болсон бөгөөд түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнөд Солонгосын загварыг сурталчлах, олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзжээ. 

ГУЧИН ТАВ ДАХЬ УДААГИЙН “GOLDEN DISC AWARDS” ТУН УДАХГҮЙ

Кпоп сонсогчдын тэсэн ядан хүлээдэг “Golden Disc Awards” 2021 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулагдахаар болжээ. Уг наадмын шагналын эзнийг тодруулах үйл явц өнгөрсөн жилийнхтэй төстэй бөгөөд 60 хувь нь цомгийн борлуулалт, 40 хувь нь шүүгчдийн саналаар шалгарах юм байна. Мөн бусад шагнал гардуулах ёслолуудын адил онлайн хэлбэрээр болох аж.

XIUMIN ЦЭРГЭЭС ХАЛАГДЖЭЭ

EXO хамтлагийн гишүүн Xiumin цэргийн албаа хааж дуусгасан байна. Тэрээр өөрийг нь хүлээж байсан шүтэн бишрэгчдэдээ хандаж ийн бичжээ.

- “Хүмүүс ээ, би цэргээс халагдчихлаа. Та нар маань эрүүл энх, сайн байсан биз дээ? Намайг хүлээсэнд баярлалаа. Бид хүнд хэцүү үеийг давсан. Тэдгээр цаг үе ард хоцорч аз жаргалтай үе эхэлж байна” гэжээ.

Xiumin 2019 оны тавдугаар сард цэрэгт явсан бөгөөд хамтлагаасаа цэргийн алба хаасан эхний гишүүн болжээ. Одоогоор тус хамтлагаас Suho, D.O, Chen нар цэргийн алба хааж байгаа юм.

ROLLING STONE: 2020 ОНЫ ШИЛДЭГ 50 ЦОМГИЙН НЭГ НЬ “MAP OF THE SOUL:7”

Rolling Stone сэтгүүлээс энэ оны шилдэг 50 цомгийг нэрлэсэн бөгөөд BTS хамтлагийн “Map of the Soul:7” цомог тус жагсаалтын 16-р байранд орсон байна. Энэ нь тус жагсаалтад багтсан цорын ганц Кпоп хамтлагийн цомог юм.

Сэтгүүлийн зүгээс:

- “Өмнөд Солонгосын попын хаад АНУ-ыг байлдан дагуулахын тулд өөрсдийн хэлийг өөрчлөх шаардлага байсангүй. Тэд өөрсдийн бий болгосон дүрмээрээ байлдан дагуулжээ” хэмээн бичсэн байна.

“Map of the Soul:7” цомог нь энэ оны хоёрдугаар сарын 21-нээс зарагдаж эхэлсэн юм. Тус цомог ердөө л ес хоногийн дотор 4 сая гаруй хувь зарагдсан байдаг. 

Эх сурвалж: Allkpop 

#Кпопын эргэн тойронд