“The Call” киноны талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-12-02

Бид өмнөх дугаараараа “Tale of the Nine Tailed” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа нээлтээ хийгээд удаагүй ч олны анхаарлыг ихэд татаад буй “The Call” киног онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 7.2/10

Цацагдсан огноо: 2020 оны арваннэгдүгээр сарын 27

Үргэлжлэх хугацаа: 114 минут

Үйл явдал: Хоёр өөр цаг хугацаанд оршиж буй хоёр бүсгүй ер бусын байдлаар утсаар холбогдоно. Ийнхүү тэд нэг нэгнийхээ өнгөрсөн болон ирээдүйг өөрчилснөөр киноны үйл явдал өрнөнө.

КИНОНЫ САНАЛЫГ ШУУД ТАТГАЛЗСАН

Жүжигчин Park Shin Hye энэхүү киноны саналыг хүлээн авах үед маш завгүй байсан тул шууд татгалзсан гэдэг. Гэвч уг киноны найруулагч Seo Yeon-ы дүрд зөвхөн Park Shin Hye-г л тоглуулах хүсэлтэй байсан тул түүний цагийн хуваарьт тохируулж зураг авалтынхаа хугацааг хойшлуулсан байна. Ийнхүү бидний харж байгаачлан жүжигчин бүсгүй уг киноны саналыг хүлээн авч гол дүрд нь тогложээ. 

КИНОНЫ ЭХ ХУВИЛБАР

Уг кино нь “The Caller” (2011) киноны шинэчлэгдсэн хувилбар юм. Хэдий уг хоёр кино утгын хувьд төстэй ч үйл явдал болон дүрүүдийн зан төлөв нь багагүй ялгаатай ажээ.

ОЛНЫ ХАЙРЫГ ХҮРТСЭН JEON JONG SEO

Кинонд Young Sook-ын дүрийг бүтээсэн жүжигчин Jeon Jong Seo нь 2018 онд кино урлагт хөл тавьсан залуу жүжигчин хэдий ч жүжиглэх чадвар нь үзэгчдийн дунд ихээхэн сайшаагдаж байгаа билээ. “Тэр өөрөөсөө хэд дахин олон жилийн туршлагатай жүжигчин Park Shin Hye-гээс ч илүү гэрэлтэж байна”, “Кино урлагт дахин нэг сайн жүжигчин нэмэгдэх шиг боллоо”, “Түүний жүжиглэлт үнэхээр галзуу” гэх мэт маш олон сэтгэгдлүүдийг үзэгчид үлдээсээр байгаа аж.

NETFLIX-Д НЭЭЛТЭЭ ХИЙСЭН

Энэхүү кино нь өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөгдөж байсан хэдий ч “COVID-19” цар тахлаас болж хойшилсоор эцэст нь видео стрийминг үйлчилгээний “Netflix”-д нээлтээ хийсэн ажээ. Тиймээс та бүхэн энэхүү бүтээлийг Netflix-ээс дуу, дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боломжтой.

НАЙРУУЛАГЧ

Кино багийнхны ихэнх нь нас залуу хүмүүс байсан бөгөөд найруулагч Lee Chung Hyun гэхэд л дөнгөж 30 нас хүрч яваа гэнэ. “The Call” нь түүний хоёр дахь уран бүтээл аж. Кино шүүмжлэгчид түүнийг нас залуу хэдий ч шинэлэг шийдэлтэй, гайхалтай бүтээлүүдийг туурвиж чадах ирээдүйтэй найруулагч хэмээн үзэж байгаа гэнэ. 

ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ ДҮРҮҮД

Ихэнх кино, цувралууд нэг эрэгтэй гол дүртэй байдаг бол уг кинонд эрэгтэй гол дүр байхгүй аж. Өөрөөр хэлбэл киноны гол дүрүүд дан эмэгтэйчүүдээс бүрдсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байгаа гэнэ. Харин туслах дүрийг бүтээсэн эрэгтэйчүүд нь улсдаа алдартайд тооцогддог жүжигчид билээ. 

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Бидний мэдэхгүй баримтууд #The Call