Нойрмоглосон үед өөрийгөө сэргээх ҮР ДҮНТЭЙ аргууд


Ажил, хичээл, хурлын үеэр нойр хүрч, анхаарал сарних нь элбэг. Хөл хорио тогтоосны улмаас гэрээсээ ажиллаж, хичээллэж байгаа эдгээр өдрүүдэд нойрмоглож, залхуурч, төлөвлөсөн ажлуудаа амжуулж чадахгүй байгаа юм биш биз? Тэгвэл энэ үед дараах аргуудыг туршаад үзээрэй.

ХҮЙТЭН УСААР НҮҮРЭЭ УГААХ

Нойр сэргээх хамгийн сонгодог арга бол хүйтэн усаар нүүрээ угаах юм. Ингэснээр цусны эргэлт толгой руу чиглэж, хэсэг хугацаанд ч болов эрч хүчтэй ажиллахад тань тусална.

ДУГ ХИЙХ

Хэт их ачаалалтай үед хэсэгхэн зуур дуг хийх нь сэрээд илүү эрч хүчтэй ажиллахад тань үлэмж хэмжээгээр тусална. Ингэхдээ 20 минутаас илүүгүй хугацаанд дуг хийх ёстойг анхаараарай. Хэрэв үүнээс хэтэрвэл улам ядарч, нойрмоглодог байна.

КОФЕ УУХ

Кофены талаар хүмүүс маш олон өөр үзэл бодолтой байдаг. Зарим нь кофег эрүүл мэндэд муу, донтуулдаг гэдэг бол зарим нь кофегүйгээр амьдарлаа төсөөлж чаддаггүй.

Кофе, хийжүүлсэн ундаа, энергийн ундаа болон зарим төрлийн цайнд агуулагддаг кафейн нь хүний мэдрэлийн эсэд нөлөөлж, сэргээх нөлөө үзүүлдгээс гадна бодисын солилцоог эрчимжүүлж, анхаарал төвлөрөлт, эрч хүчийг нэмэгдүүлдэг байна. Судалгаагаар кафейныг тодорхой хэмжээнд зөв хэрэглэх нь биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй гэжээ.

УС УУХ

Насанд хүрсэн хүний биеийн 70 гаруй хувийг ус эзэлдэг бөгөөд энэ нь ус бидний биед ямар чухал гэдгийг харуулж байна. Усны дутагдлаас болж ядрах, толгой өвдөх, бухимдах зэрэг мэдрэмж төрдгөөс гадна заримдаа бид өлсөж байгаа эсвэл цангаж байгаагаа ч ялгаж чадахаа больдог. Усыг тогтмол уух нь цусны эргэлтийг сайжруулж, илүү идэвхтэй байхад тусална.

Гэхдээ хангалттай ус уусан эсэхээ мэдэж чадахгүй байна уу? Тэгвэл ЭНД дарж өдөрт уух усны хэмжээгээ тодорхойлоорой. 

ТОД ГЭРЭЛ

Харанхуй, бүдэг гэрэлтэй орчинд ажиллах нь нойр хүргэж, үр бүтээмжийг бууруулж хараа муутгах сөрөг үр дагавартай. Тиймээс илүү сэргэг, идэвхтэй байхыг хүсвэл цонхоор орж ирэх нарны гэрлийг нэмэгдүүлээрэй. Харин шөнийн цагаар ажиллаж байвал гэрлээ аль болох асааж байгаарай. Ингэснээр нойр хүрэх нь багасаж, илүү сэргэг байна.

АМНЫ ЗУГАА

Самар, овьёос, тараг, хэрчсэн ногоо, шинэ жимс, жимсгэнэ нь ходоодонд шингэхдээ биеэс маш бага энерги зарцуулдаг бөгөөд цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг. Тиймээс хичээлээ хийх, ажиллахынхаа өмнө хүнд, шингэхдээ удаан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй.

СОНИРХОЛТОЙ ЯРИА

Хурал, уулзалт бүр дээр нойр чинь хүрч, эвшээгээд байна уу? Ихэвчлэн хурал, уулзалт дээр хэн нэгэнтэй ярилцалгүй, зөвхөн сонсогчийн зүгээс оролцох бүрд ийм үр дагавар гардаг. Тиймээс аль болох бусадтайгаа сонирхолтой яриа өрнүүлж, өөрийгөө тухайн үйл ажиллагааны нэг хэсэг гэдгийг мэдрэх нь таныг сэргэг байхад тусална. Санал бодлоо илэрхийлж, бусад хүмүүстэй яриа эхлүүлэхээс хэзээ ч битгий эмээж байгаарай.

ТОГТМОЛ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

Хэсэг хугацаанд үр дүнтэй бус харин бүх л өдрийн турш эрч хүчтэй байлгах хамгийн эрүүл бөгөөд үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн хийх юм. Дугуй унах, хурдан алхах зэрэг таны бүхий л биеийг хөдөлгөдөг дасгал, хөдөлгөөнүүдийг тогтмол хийж байгаарай.

Эх сурвалж: 5 Minute Crafts

#Нойр #Хичээл #Сэргээх #Зөвлөгөө #Үр бүтээмж