5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Орчин цагийн шилдэг анимэ: "Demon Slayer: Kimetsu no Yaiba"


“Японы бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой бүрэн хэмжээний анимэ” жагсаалтын хоёрдугаар байрыг өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийсэн “Demon Slayer: Kimetsu no Yaiba the Movie:Mugen Train” (2020) анимэ эзэлжээ.

Ашиг орлогоороо “Your Name” (2016)-г ардаа орхисон нь...

Энэхүү бүрэн хэмжээний анимэ нь 2019 онд гарсан “Demon Slayer” хэмээх цуврал анимийн үргэлжлэл юм. Уг кино энэ оны аравдугаар сарын 19-нд Япон улсад нээлтээ хийсэн даруйдаа 25.9 тэрбум иенийн ашиг олж, “Японы бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой бүрэн хэмжээний анимэ” жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байсан алдарт “Your Name” (2016) анимийг ардаа орхисон юм.

Уг жагсаалтыг “Ghibli” студийн “Spirited Away” (2001) анимэ 30.8 тэрбум иенийн ашиг орлогоор тэргүүлдэг билээ. Та бүхний харж байгаачлан энэхүү домогт уран бүтээлийг ч ардаа орхих магадлал өндөр байна.

Олон улсад нээлтээ хийж буй анхны улс нь Монгол...

Та бидний сайн мэдэх “Animax Mongolia” холбооны хамт олон өнгөрсөн сарын 21-ний өдөр уг анимийг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр нээх гэж байсан боловч хөл хорио тогтоосны улмаас нээлтийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон юм. Цар хүрээний хувьд “Тэнгис”, “Өргөө”, “Гэгээнтэн”, “Prime” зэрэг кино театрын бүх салбарууд болон Дархан, Эрдэнэт, Дорноговийн кино театруудаар гарахаар төлөвлөгдөж байсан аж.

Энэхүү уран бүтээл манай улсад товлосон хугацаандаа нээлтээ хийсэн бол олон улсад нээлтээ хийсэн анхны улс нь Монгол улс болох байжээ. Дэлхийн бусад орнуудын хувьд 2021 оноос эхлэн гарч эхлэх юм байна. Сонирхуулахад тус анимэ Монгол улсад нээлтээ хийвэл Монголын кино театраар албан ёсны эрхтэйгээр гарч буй анхны анимэ болох юм. 

Эх сурвалж: Anime Corner

#Demon Slayer #Анимэ #Кино урлаг