Поп хөгжмийн түүхэнд РЕКОРД ТОГТООСОН уран бүтээлүүд


Миау | YOLO.MN
2020-11-28

Та урьд өмнө нь бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай дуу ямар дуу болох талаар бодож байсан уу? Аль эсвэл алдарт Billboard чартын “Шилдэг 100” шагналыг тэргүүлсэн хамгийн ахмад уран бүтээлч хэн болох талаар бодож байсан уу? Тэгвэл энэхүү нийтлэлээрээ та бүхэндээ поп хөгжмийн түүхэнд рекорд тогтоосон шилдэг уран бүтээлүүдийг танилцуулж байна.

1. “DYNAMITE”

Өмнөд Солонгосын хөвгүүдийн алдарт BTS хамтлагийн тогтоосон амжилт нэгээр зогсохгүйг та бүхэн мэдэж байгаа байх. Гэхдээ үүн дундаас онцлох рекорд бол тэдний видео контентын хамгийн том сан Youtube-д тогтоосон нэгэн рекорд билээ.

Тэд энэ оны наймдугаар сард англи хэл дээр дуулсан анхны дуу болох “Dynamite” дууныхаа бичлэгийг Youtube хуудсандаа байршуулсан бөгөөд уг бичлэг ердөө 24 цагийн дотор 101.1 гаруй сая хандалт /үзэлт/ авжээ.

Гэхдээ энэ нь тэдний хувьд цоо шинэ рекорд байгаагүй юм. Өөрөөр хэлбэл тэд 2018 онд дуучин Halsey-тай хамтран дуулсан “Boy With Luv” дууныхаа бичлэгийг байршуулан 24 цагийн дотор 74.6 гаруй сая хандалтыг авч, тус рекордыг эвдэж байсан билээ.

2. “ALL I WANT FOR CHRISTMAS IS YOU”

АНУ-ын нэрт дуучин Mariah Carey 1990, 2000, 2010, 2020 зэрэг нийтдээ дөрвөн аравны туршид Billboard-ийн “Шилдэг 100” жагсаалтыг тэргүүлсэн цорын ганц уран бүтээлч билээ. 

3. “CAN’T BUY ME LOVE”

Taylor Swift, Weekend, Outkast зэрэг цөөн хэдэн уран бүтээлчид л өөрийнхөө амжилтыг өөрөө эвдсэн байдаг. Гэхдээ The Beatles хамтлаг бол өөрсдийнхөө байрыг нэг бус, хоёр удаа эзэлсэн цорын ганц хамтлаг аж.

Тухайлбал, тэд 1964 оны хоёрдугаар сард “I Want to Hold Your Hand” уран бүтээлээрээ бүтэн долоон долоо хоногийн турш “Шилдэг 100” жагсаалтыг тэргүүлсэн бол “She Loves You” дуугаараа дахин хоёр долоо хоног тэргүүлсэн байдаг. Ингээд “Can’t Buy Me Love” дуугаараа тус жагсаалтыг дахин тэргүүлснээр уг жагсаалтыг гурав дараалан тэргүүлсэн түүхэн дэх цор ганц хамтлагаар нэрлэгддэг байна.

4. “OLD TOWN ROAD”

Залуу реппэр Lil Nas X “Old Town Road” дууныхаа анхны хувилбарыг 2018 оны арванхоёрдугаар сард цацаж байсан аж. Гэвч энэ уран бүтээлд коунтри дуучин Billy Ray Cyrus хамтрах хүртэл тийм ч олон хүнд хүрж чадаагүй гэдэг. Тухайлбал, Billy 2019 оны дөрөвдүгээр сард Lil Nax X-тэй хамтран уг уран бүтээлийн remix хувилбарыг гаргаснаар энэ нь бидний сайн мэдэх TikTok аплипкэйшн дээр meme болж, цаашлаад хэдэн зуун сая хүнд хүрж чаджээ.  

Энэхүү дуу 2019 оны дөрөвдүгээр сард Billboard-ийн “Шилдэг 100” жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд үүнээс хойш нийт 19 долоо хоногийн туршид буюу наймдугаар сар хүртэл уг жагсаалтыг тэргүүлсэн байна. Ингээд тэд Billboard-ийн “Шилдэг 100” жагсаалтыг хамгийн удаан хугацааны турш тэргүүлсэн гэх өргөмжлөлийг хүртжээ.

5. “ONE SWEET DAY”

“Old Town Road” дуунаас өмнө харин дуучин Mariah Carey болон Boys II Men хамтлагийн хамтарсан “One Sweet Day” уг рекордыг эзэмшиж байжээ. Энэхүү уран бүтээл 1995 онд цацагдаж байсан бөгөөд тухайн үед дуучин бүсгүй болон хамтлагийн залуусын аль аль нь өөрсдийн карьерын оргилд үедээ явж байжээ. Тиймдээ ч тэдний хамтарсан уран бүтээл хит болох нь мэдээжийн хэрэг байв.

“One Sweet Day” дуу 1995 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс 1996 оны гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 16 долоо хоногийн турш Billboard-ийн “Шилдэг 100” жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин Lil Nas X, Billy Ray Cyrus нар уг өргөмжлөлийг хүртэх хүртэл тэд 23 жилийн турш энэ өргөмжлөлийг эзэмшиж байжээ.

6. “WAP”

Реппэр Cardi B болон залуу реппэр Megan Thee Stallion нарын хамтарсан “Wap” уран бүтээл цөөнгүй рекордыг эвдээд амжсан. Үүн дундаас онцлох рекорд бол Billboard-ийн түүхэнд “Шилдэг 100” жагсаалтыг тэргүүлсэн анхны эмэгтэй рэп хамтрал болсон явдал юм. Мөн уг дуу олон нийтэд цацагдсан долоо хоногтоо хамгийн өндөр хандалт авсан буюу 93 гаруй сая удаа тоглогдсон уран бүтээл болжээ.

2010-аад онд реппэр Nicki Minaj хип хоп хөгжмийн ертөнцөд цоо шинэ өнгө төрх нэмэн орж ирж байсан бол одоо реппэр Cardi B-гийн үе тохиож байгаа бололтой. Тэрээр Billboard-ийн “Шилдэг 100” жагсаалтыг тэргүүлсэн хамгийн олон дуутай эмэгтэй реппэр билээ.

7. “POOR LITTLE FOOL”

Billboard-ийн бүх төрөл жанрын сингл дуунуудыг өрсөлдүүлдэг “Hot 100” буюу бидний хэлж заншсанаар “Шилдэг 100” чарт тэртээ 1958 оны наймдугаар сарын 4-ны өдөр үүссэн байдаг.

Тэгвэл уг чартыг тэргүүлсэн хамгийн анхны уран бүтээл бол дуучин Ricky Nelson-ий “Poor Little Fool” хэмээх дуу байжээ.

8. “MACARENA”

Испанийн Los del Rio хамтлаг анх 1995 онд “Macarena” дуугаа цацаж байсан ч Bayside Boys remix хувилбар нь цацагдах хүртэл онцын амжилт гаргаж чадаагүй аж. Улмаар уг хувилбар 1996 оны наймдугаар сард цацагдсанаар “Шилдэг 100” чартыг тэргүүлжээ. Ингээд тэд дуугаа цацсанаас хойш хамгийн удаан хугацааны дараа буюу долоо гаруй сарын дараа тус жагсаалтыг тэргүүлсэн хамтлаг болон түүхийн хуудаснаа бичигджээ.

Дараа нь тус уран бүтээл бас ч гэж 14 долоо хоногийн турш чартыг тэргүүлсэн байдаг. Eeey, Macarena!

9. “RADIOACTIVE”

Imagine Dragons хамтлагийн “Radioactive” дуу харин “Шилдэг 100” чартад хамгийн удаан хугацааны турш бичигдсэн дуугаар нэрлэгддэг гэнэ. Өөрөөр хэлбэл 2012 оны наймдугаар сард тус жагсаалтын 96 дахь байранд бичигдэхээс эхлэн 2014 оны тавдугаар сар хүртэл бүтэн 87 долоо хоногийн турш уг чартад байрласан байна.

Ойролцоогоор нэг жил найман сарын турш уг жагсаалтад багтсан ч харамсалтай нь тэдний уг дуугаараа жагссан дээд байр бол гуравдугаар байр байсан юм.

10. “CIRCLES”

Реппэр Post Malone-ийг чадварлаг уран бүтээлч гэдэгтэй маргах хүн цөөн болов уу. Түүний “Circles” уран бүтээл нийт 52 долоо хоногийн турш “Шилдэг 100” жагсаалтад багтсаны 39-д нь “Шилдэг 10”-т багтжээ. Ингээд тэрээр “Шилдэг 10”-т хамгийн удаан хугацааны турш багтсан уран бүтээлч болсон юм.

11. “STAY”

Maurice Williams and the Zodiacs хамтлагийн “Stay” дуу түүхийн хуудаснаа уг жагсаалтыг хамгийн богино хугацааны турш тэргүүлсэн хамтлагаар бичигджээ. Өөрөөр хэлбэл уг дуу ердөө 1 минут 38 секундийн туршид уг жагсаалтыг тэргүүлжээ.

12. “SHAPE OF YOU”

Хөгжмийн стрийминг үйлчилгээний Spotify сайтаас дуучин Ed Sheeran-ий “Shape of You” дуу тус сайт дээр хамгийн олон удаа буюу 2.5 гаруй тэрбум удаа тоглогдсон дуугаар тодорсон талаар мэдээлжээ.

13. “MY LIFE WOULD SUCK WITHOUT YOU”

Дуучин Kelly Clarkson-ий энэхүү уран бүтээл түүхэнд хамгийн олон байраар үсэрсэн уран бүтээлээр тодорчээ. Тухайлбал, уг дуу “Шилдэг 100” жагсаалтад багтсан эхний долоо хоногтоо 97-р байранд бичигдэж байсан бол дараа долоо хоногт нь тус жагсаалтыг тэргүүлсэн байна.  

Эх сурвалж: Insider

#Дуу хөгжим #Billboard #Рекорд