Чи миний Сантагаас гуйсан хүсэл


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-11-24

Буйдхан жижиг өрөө, булангийн ганцхан ширээ, тэсгэл алдарсан сэтгэл, тэвчиж ядсан цаг хугацаа. Түүнийг хүлээх догдлол, эвлүүлж ядах хэдэн үгс...

БҮСГҮЙН БОДРОЛ

2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр. Шинэ жилийн баяр тэр чигтээ ид шид ч юм шиг. Яагаад ч юм бэ, энэ өдөр шивнэсэн хүсэл бүхэн биелэх юм шиг санагдана. Хосуудын зургийг харан цагаахан атаархаж, хэзээ надтай ийм гайхалтай хайр учрах бол хэмээн бодлогоширч ханын цагаа ширтэж суулаа. Гурав, хоёр, нэг гээд хуучин бүхэн улиран одно. Нэг, хоёрын гурав аа гээд дахиад шинээр эхэлнэ.

Ахиад л хавар, зун, намар, өвөл. Ахиад л баяр жаргал, уйтгар гуниг хосолсон өдрүүд. Энэ шинэ жилээр би дэр нойтон хоносон шөнүүд, харуусан эмтэрсэн өдрүүддээ баяртай гэж хэлж, шинэ “Сайн уу”-г тосохоор шийдсэн. Явуулах ёстой зүйлсийг явуулахгүй бол ирэх ёстой нэгэн нь ирэхгүй шүү дээ. Намайг алдахаас айдаг хэн нэгэн гарч ирэх болов уу? Ам мурийж муудалцсан ч цэг тавих гэж яардаггүй, намайг энэ орчлонгийн хамгийн сайхан эмэгтэй гэж хардаг, надад шунан дурладаг, надаар амьсгалж, намайг хайрладаг тийм онцгой нэгэн бий болов уу?

Бурхан надад онцгой нэгнийг хадгалж байгаа гэдэгт итгэж байна. Энэ шинэ жилээр би намайг хайрлах тэр нэгнийг хүсэж байна.

ЗАЛУУГИЙН БОДРОЛ

2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр. Шархалсан зүрх, шантарсан итгэл. Итгэж явсан нэгэндээ итгэлээрээ тоглуулж, сэтгэлээ эмтлүүлсэн он жилүүд минь. Дахиж хэзээ ч, хэнийг ч ингэж их хайрлаж чадахгүй байх. Түүний сэтгэл татам инээмсэглэл, хэцүү ч гэсэн эгдүү хүрэм хурдан уур, таатай зөөлөн үнэрийг тодоос тод санаж байна. Заавал тогтоох ёстой томьёог хэдхэн хоноод мартдаг хэрнээ заавал ч үгүй мартахыг хүссэн нэгэн яагаад мартагддаггүй юм бол? Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа харвасан сум адил байхад мартах гэж хичээсэн энэ өдрүүд яагаад ийм тарчлам удаан байна вэ. Түүнтэй хамт байхад бүх зүйл болж бүтэж байсан мэт. Тэр байсан болохоор би дүүрэн байсан ч юм шиг. Өндрөөс ямар хурдтай унаж, шавар шалбаагт хутгалдаж болдгийн тод жишээ нь би болжээ. Тэр байхгүй болохоор дэврүүн сэтгэл минь хагасалж, хүсэл мөрөөдөл минь дундарсан юм гэж үү Үгүй ээ, тийм байх учиргүй. Алдаа болгонд минь түшиж, амжилт бүхэнд минь дэмжих нэгэн байж л таараа. Энэ шинэ жилээр би намайг дэмжиж, надтай хамт байх тэр нэгнийг хүсэж байна.

БҮСГҮЙН БОДРОЛ

... Буйдхан жижиг өрөө, булангийн ганцхан ширээ, тэсгэл алдарсан сэтгэл, тэвчиж ядсан цаг хугацаа. Түүнийг хүлээх догдлол, эвлүүлж ядах хэдэн үгс...

Шинэ он гараад аль хэдийнэ нэг сар өнгөрчээ. Би долоон хоногийн өмнө интернэтээр нэгэн залуутай танилцсан. Тархи минь эмэгтэй хүний бардам зан гаргахыг ятгавч, сэтгэл минь уулзах гэж яараад болохгүй юм. Бусдаас нэг л өөр. Хүйтэн хөндий ч юм шиг, нэг бодлын гал халуун хайраар намайг хайрлах ч юм шиг тийм сонирхолтой нэгэнтэй анх удаа уулзахаар орох дуртай кафеныхаа булангийн ширээнд ганцаараа сууна. “Тэр зургаасаа хэр өөр бол? Адилхан болов уу? Орж ирэхэд нь юу хийж байх вэ? Гэдийж суун, цэмцийгээд хүлээж байх уу?” гэх мэтчилэн тархинд хэдэн зуун бодол хөвөрнө.

Анхны болзоондоо цаг гаруй хоцорсон бүдүүлэг залууг хүлээж, нуруугаа цэхэлж суусаар хөших шахсан би номоо уншихаар бөгтийж, биеэ суллав. Яг л үүнийг хүлээж байсан мэт улаан куртик, цагаан малгай өмссөн тэрээр яаран орж ирлээ. Номоос уншиж, киноноос үзсэн жентельмэн занг түүнээс хүлээсэн ч эсрэгээрээ түүнийг түрүүлж гарахад хүчтэй савагдсан хаалганд нь цохиулах шахав. Багаасаа төсөөлдөг байсан романтик болзоо шиг минь цагаан морьтой ханхүү хаалга нээж, хүрмээ нөмөргөж, гарыг минь үнссэнгүй.

Харин цагаан малгайтай бүдүүлэг залуу хоцорч ирээд хэнэггүй загнав. Гэсэн хэдий ч энэ залуу сонирхлыг минь маш их татлаа. Кофе уунгаа ярих сонирхолтой ярианд нь шимтэж суухдаа яриагаа битгий дуусгаасай хэмээн бодно. Ямар ч баггүй, чин сэтгэлээсээ байх түүний дотоод сэтгэлд би татагдаад байх юм.

ЗАЛУУГИЙН БОДРОЛ

Бүтэн жил харж, татагдаж явсан охинтойгоо анх удаа уулзахаар яарч явна. Яарсан үед цаг хугацааны хурдан, замын түгжрэлийн удааныг яана. Хэдий яарсан ч машинаа өргөөд гүйж чадахгүй учраас хоцорч ирлээ. Булангийн ширээнд тэрээр ном уншиж сууна. Эсвэл намайг хүлээсээр ядарч, унтаж байгаа ч юм уу. Намайг хараад, инээмсэглэлээ. Гадуур хувцсаа өмсөхдөө үсээ гараараа шидлэн, анхаарлыг минь татах гэж оролдох нь эгдүүтэй ч юм шиг.

Энэ үйлдлээ ямар киноноос харсан юм бол доо. Өөрийгөө ертөнцийн төв мэт санадаг, учир нь олдохгүй охидын нэг эсэхийг мэдэхээр хаалгаар санаатай түрүүлж гарлаа. Чимээгүйхэн дагаж явахыг нь хараад өөрийн эрхгүй инээд хүрэв. Бүдүүлэгтээ биш шүү. Уучлаарай. Буруу сонголт хийсэн удаатай учраас эмээсэндээ л тэр юм шүү. Гэхдээ энэ охин надад ямар их таалагдаж байна гээч?

БҮСГҮЙН БОДРОЛ

Өдөр ирэх тусам түүнд улам их дурлаж, хайрлах юм. Түүний ачаар би дахин хүнд итгэж, хүнийг хайрлаж байна. Түүний дэмжлэгээр олон зүйлсэд суралцаж, “шинэ би” бий болж байна. Эрхлүүлэн үнсэж, нандигнан хайрлах их хайранд бялхаж, бялуурч, жаргалдаа умбах ийм байдаг байх нь ээ. Аав, ээжийн хайранд бялхаж, ах, эгчийн халамжид умбаж үзсэн ч өмнө огт таньдаггүй байсан хэн нэгнээр ингэтлээ хайрлуулж болдгийг мэдрэлгүй явжээ. Нэг л өдөр амьдралд чинь хэн нэгэн ороод ирдэг. Тэр хэн нэгэн чамайг ээж шиг чинь халамжилж, хайрлаж, эрхлүүлж бөөцийлнө.

Яг л аав шиг чинь хамгаалж, харамлаж, үргэлж бяцхан охин гэж харна. Тэр хэн нэгэн чамайг найз шиг чинь ойлгож, тусалж, урам өгнө. Харин одоо би онцгой нэгэн лүүгээ очихоор гоёлын даашинзаа өмсөж байна. Алдаа болгонд чинь түшиж, амжилт бүхэнд чинь туслах юм сан. Би онцгой нэгнээ олсон. Чи мэдэхгүй л байх даа. Чи бол миний Сантагаас хүссэн хүсэл.

ЗАЛУУГИЙН БОДРОЛ

Буйдхан жижиг өрөө, булангийн ганцхан ширээ. Тэсгэл алдарсан сэтгэл, тэмүүлэн яарсан үгс...

Түүнийг хүлээн анх уулзсан кафедаа сууна. Тэр намайг хүлээж байхдаа ингэж догдолж, сандарч байсан болов уу? Надад хайр дурлалыг үзэн ядах үе байсан. Гэхдээ үүнийг өөрчилсөн хүн бол чи. Яг энэ мэдрэмж хэзээ ч битгий дуусаасай. Өдөр болгон чамд шинээр дурлаж байна. Өнөөдрийг хүртэл чамд мэдрүүлсэн хайр бол миний сэтгэлд багтаж ядах чамайг гэх хайрын ердөө талын тал нь байх.

Хэрэв дааж чадна гэвэл би өгч чадахаасаа ч илүүг чамд өгөхөөсөө хэзээ ч буцахгүй. Чи надад хайртайгаас илүү би чамд хайртай. Чи ч итгэхгүй байх даа. Чи миний Сантагаас гуйсан хүсэл.

2020.11.20 20:20

 

#Шинэ жил #Хайр дурлал #Өгүүллэг