Залуу хүний ЗААВАЛ УНШИХ ном №7


“Залуу хүний заавал унших ном” цуврал ярилцлагын долоо дахь дугаарын эрхэм зочноор "Bat Solution Partners" компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, "Syndicate Talk" нэвтрүүлгийн хөтлөгч В.Ганзоригийг урьж оролцууллаа. 

Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд хийх зүйл олдохгүй байна гэж санааширч суугаа юм биш биз дээ? Одоо л “Залуу хүний заавал унших ном” цувралаар санал болгож буй номуудыг уншиж дуусгадаг юм шүү дээ. 

Санал болгож буй ном: "Power Shift: Knowledge, Wealth, and Violence at the Edge of the 21st Century"

Зохиолч: Alvin Toffler 

Төрөл: Түүх, нийгэм

Товч агуулга: Хүн төрөлхтөн эрх мэдэл, хүч чадал, эд хөрөнгөнөөс эрдэм мэдлэг рүү шилжиж буй тухай. 

YOLOБид энэ номыг яагаад унших ёстой вэ?

- Алвин Тоффлер тэртээ 1990 онд “Power Shift” буюу “Эрх Мэдлийн Шилжилт” номоо хэвлүүлж байсан бөгөөд уг номд эрх мэдэл нь хүчирхийлэл, эд баялаг, эрдэм мэдлэг гэсэн гурван зүйлээр дамжин хүмүүс хооронд шилждэг гэжээ. Хүй нэгдлийн үеэс хойш саяхныг хүртэл хүмүүс буу зэвсэг, булчин шөрмөсний хүчээр эрх мэдлийг булаан авдаг байсан. Одоо ч их гүрнүүд цөмийн зэвсгээр хөөцөлдсөн хэвээр л байна.

“Мөнгөөр асуудлыг шийдэж болж байвал тэр бол асуудал биш” гэсэн еврей хэлц үг бий. Тиймээс мөнгөтэй, эд баялагтай хүмүүс нийгмийн болоод дэлхийн бодлогыг тодорхойлоход шууд болон шууд бусаар оролцдог. Харин өдгөө эд баялаг бус эрдэм мэдлэг нь эрх мэдэл болох шилжилт улам бүр ойртсоор байна. Учир нь мэдлэг үгүй бол технологи үгүй, технологи үгүй бол мөнгө үгүй. 

YOLOТаны энэ номоос суралцаж, хэрэгжүүлж буй зүйл юу вэ?

- Бичигдээд аль хэдийнэ 30 жил өнгөрсөн ч дэлхий ертөнц, тэр дундаа Монгол улс тийм ч их өөрчлөгдөөгүй гэдгийг мэдрэх болно. Хүсээд байдаг нийгэм, дурлаад байдаг орчноо бүрдүүлэхийн тулд бид эрдэм, мэдлэгийг яагаад эрхэм болгох ёстой гэдгийн хариултыг авч чадна. Энэхүү номоос ойлгосон “Зогсолтгүй суралцаж, цаг үргэлж өөрийгөө хөгжүүлж байх ёстой” гэсэн зарчмыг сүүлийн 15 жилийн турш амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж байна.

YOLOЭнэхүү номын хамгийн дуртай ишлэл тань?

- “We are the products of power” буюу “Бид бүгд эрх мэдлийн бүтээгдэхүүн”. Та хүчирхийллийн бүтээгдэхүүн үү? Эсвэл эд хөрөнгөөс гаралтай эрх мэдлийн бүтээгдэхүүн үү? Аль эсвэл оюун ухаан, мэдлэг боловсрол таныг өлгийдөж авсан уу гэж өөрөөсөө болон бусдаас асуух их дуртай. 

YOLOНом уншихын ач холбогдлыг тодорхойлбол?

- “Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг ч энэ нь яг ямар ном уншихаас хамаарах болов уу. Өөр үзэл бодолтой, алс хол амьдардаг хүмүүстэй алган дээрээ тавьсан мэт ойроос уулзаж, үзэл бодлыг нь мэдэх боломжийг олгодгоороо ном гайхалтай.

YOLOНом ...-той төгс зохицдог.

- Ном шар айраг, эсвэл дарстай хамт гайхалтай төгс зохицдог.

YOLOСонсдог ном, цаасан ном, цахим номын алийг илүүд үзэх вэ?

- Цаасан номыг үргэлж илүүд үзнэ. 

YOLOНомоо хэрхэн уншдаг вэ?

Эхлээд номын агуулгыг нь заавал хардаг. Үнэхээр сонирхолтой ном байвал агуулгаас нь сонгож, түүж, хэсэгчилж уншдаг. Хүн гоё номыг эхнээс нь дуустал уншдаг. Харин би заримдаа ингэж тэсэхгүйгээр шууд төгсгөлийг нь түрүүлээд уншчихдаг юм. Төгсгөлийг нь мэдчихээд номын дунд хэсгийн үйл явдлыг таах дуртай. 

YOLOНомын хулгай, хулгай мөн үү?

- Манай үеийнхэн “Номын хулгай, хулгай биш” гэдэг үзлээр хүмүүжсэн. Гэвч оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн бүтээлийг хулгайлах нь яалт ч үгүй гэмт хэрэг мөн. Номыг бодитоор нь хулгайлах, аль нэг хэсгийг нь хуулбарлах зэрэг нь хулгайлахтай яг адилхан. Тиймээс номын хулгай бол хулгай мөн. 

YOLOТанай номын санд хэр олон ном байдаг вэ?

- Тоолж байсангүй. Барагцаалбал 500 орчим ном элбэг бий.

YOLOНомоо хүнд зээлүүлдэг үү?

- Буцаагаад олж авч чаддаггүй болохоор номоо бусдад зээлүүлэх дургүй. 

YOLOДуртай зохиолоороо кино бүтээх боломж олдвол ямар зохиолыг амилуулах вэ?

- Японы зохиолч Кудо Миёкогийн 30 жилийн өмнө бичсэн “Монголыг сэрээсэн ардчиллын салхи” хэмээх тэмдэглэл, дурдатгалаар кино хийх байсан. Тэр үеийн Монголыг өөрөө эргэж харах, мөн шинэ үеийн залууст мэдрүүлэх ёстой гэж боддог.

YOLOНомоо хэрхэн сонгож уншдаг вэ?

- Түүх, нийгэм, эдийн засаг, улс төр, хүний харилцаанд гарч байгаа өөрчлөлтүүдийг өгүүлсэн номыг илүү сонирхдог. Мөн менторуудаасаа ямар ном унших тухай зөвлөгөө авах дуртай. Тэдний санал болгосон номыг нь харин ямар ч эргэлзээгүйгээр уншдаг. 

YOLOЭх хэл дээр нь уншсан нь дээр үү, эх хэлээрээ уншсан нь дээр үү?

- Эх хэл дээр нь уншихыг эрмэлздэг. Голдуу англи хэлээр. Монгол хэл рүү хөрвүүлсэн зарим ном чанар муутай байдаг. Мэдээж монгол зохиолчдынхоо номыг эх хэлээрээ унших гоё. Нэмээд орос, хятад хэлээр ном чөлөөтэй уншиж сурахыг мөрөөддөг. 

YOLOЯрилцсанд баярлалаа. 

#Залуус #Ном