ЗАХИДАЛ: Арваннэгдүгээр сарын захидлын хариу №3


ССҮТөв | YOLO.MN
2020-11-20

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Үерхэж байхдаа огт сэтгэлгүй байсан хэрнээ...

Сайн байна уу? Би 4-р курсийн оюутан. Дөнгөж оюутан болоод бүжгийн тэмцээнд орох гээд бэлдэж байхад манай ангид бүжиглэдэг, хөөрхөн банди шилжиж ирсэн юм. Тэр тухайн үед надад сайн болчихсон гээд “хамт бүжиглэе”, “хамт явъя” гээд байнга дагадаг байлаа. Нэг л мэдэхэд бид хоёр үерхсэн. Гэхдээ тэр үед би түүнд сайн байгаагүй. Удаа ч үгүй бид хоёр салсан.

Харин одоо би түүнийг байнга боддог. Үерхэж байхдаа огт сэтгэлгүй байсан хэрнээ одоо бодоод, санаад байдаг болчихлоо. Очоод сайн гэдгээ хэлмээр байгаа ч өөр найз охинтой болсон байна лээ. Тэр залуу бид хоёр одоо нэг сургуульд сурч байгаа. Харин найз охин нь хотод сурдаг.

Ийм хэцүү үед би яг яах ёстой вэ? Уг нь өөрт нь хайртай гэдгээ хэлж үзсэн ч “тийм байх өө” гээд огт итгээгүй. Тоглоом л гэж боддог байх. Хайртай гэдгээ өөрт нь уулзаж байгаад хэлсэн нь дээр үү эсвэл ингээд орхисон нь дээр болов уу? Яаж ч чадахгүй байдалд байгаад байна.

ЗӨВЛӨГӨӨ: Эргэж нийлсэн ч удалгүй хөндийрөх тохиолдлууд бий

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Та хоёр ямар шалтгааны улмаас салсан бэ? Одоо ямар шалтгааны улмаас чи түүнд татагдсан гэж бодож байна вэ? Заримдаа бид өмнө нь тухайн хүнээс анзаарч байгаагүй шинж чанарыг анзаарсан үедээ түүнд нь хэт төвлөрч шийдвэрээсээ эргэж буцах гээд байдаг талтай. Бас тэр үедээ салах болсон шалтгаанаа ч мартчихдаг. Үүнээсээ үүдээд эргэж нийлсэн ч удалгүй бие биенээсээ хөндийрөх тохиолдлууд гардаг.

Тиймээс өмнө нь тэр хүний юу нь чамд таалагддаг байсан, юу нь таалагддаггүй байсан бэ? Одоо юу нь таалагдаж байгаа вэ? Одоо тэр хүнийг хүлээн зөвшөөрч хайрлаж чадах уу? гэх мэтчилэнг харгалзаж үзээд өөрийнхөө хувьд харамсахгүй гэсэн шийдвэрээ гаргаарай. Хэрэв түүнд сэтгэлээ илчлэхээр шийдсэн бол уулзаж байгаад хэлээрэй. Учир нь харилцааны 93 хувийг үгэн бус харилцааны хэлбэр буюу дуу хоолой, харц, биеийг хэлэмж илэрхийлдэг бол үлдсэн 7 хувийг хэлж байгаа үгс дангаараа эзэлдэг. Тиймээс уулзаж байгаад хэлэх нь харилцан ойлголцоход тус болох болов уу. Харин ярилцсаны дараа тухайн хөвгүүн ямар ч шийдвэр гаргасан хүндэтгээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Найзууд маань намайг амиа хичээсэн гэдэг

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Манай найзууд намайг ерөөсөө хүндлэхгүй юм. Намайг байнга л “амиа хичээсэн, чи ер нь аягүй балиар амиа” гэдэг. Өөрийнхөө үзэл бодлыг хэлэхэд яг аль нь зөв гэдгийг мэдэхгүй байж өөрсдийнхөө үзэл бодлыг үргэлж тэргүүнд тавиад, “чи дуугүй бай, чи битгий хуц” гэх мэтийн үгсийг хэлж бусдын өмнө байнга эвгүй байдалд оруулдаг.

Би өөрөө даалгавраа хийсэн ч гэсэн бусдадаа явуулах боломж байдаггүй болохоор үүнээс болж намайг үргэлж амиа хичээсэн гэж хэлдэг. Зүгээр л зогсож байхад “холд, холдооч дээ, зайл даа” гэх мэтээр зандрангуй дуугарч, надтай үргэлж дээрэлхэх өнгө аястай яриад байна. Юм асуувал үргэлж уурлаж уцаарлана. Энэ хандлага нь даалгавар гэх мэтийн зүйлстэй холбоотой байх гэж боддог.

Өмнө жилүүдэд надаас даалгавраа хуулдаг байсан учраас хүндэлж харьцдаг байсан байх. Сайн хүүхдүүдтэй найзлах ёстой гэдгийг хичээлдээ сайн хүүхэдтэй л найзлах ёстой гэж улиг болгож бодсоор байгаад ийм байдалд хүрчихэв үү? Үнэндээ энэ хүүхдүүдтэй найзлаад өөрийнхөө зан аашийг маш их эвдсэнээ одоо л ойлгож байна.

Үүнээс гадна маш их асуудал байгаа. Мэдээж хүн бүхэнд маш их асуудал байдаг гэдгийг үргэлж ойлгож, бусдыг тийм байдлаас нь харахыг хүсдэг боловч найзуудыгаа тийм талаас нь үнэндээ харж чадахгүй нь. Би ч гэсэн сэтгэл зовоосон маш их асуудалтай, стресстэй байгаа ч гэсэн бусдад уураа гаргаж хараал хэлдэггүй шүү дээ. Өсвөр нас цаашид хэн болохыг тодорхойлдог үе гэж интернэтээс уншиж байсан болохоор одоо өөрийнхөө хувь хүнд анхаарч эхэлж байгаа. Ийм үед би энэ найзуудыгаа яах ёстой вэ? Харилцаагаа таслах ёстой бол яаж гэдгийг нь хэлж өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Чамд тухгүй байвал хөндийрч болно

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Ямар ч харилцаа харилцан хүндлэлийн дор явагддаг. Хэдий бидний хамгийн дотнын хүн байсан ч тусдаа хувь хүн гэдгийг харгалзаж үзэл бодол, байр сууринд нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Найзуудынх нь харилцаа, хандлага нь чамд таагүй санагдсанд харамсалтай байна. Гэвч чи энэ байдлаа тэдэнд хэлээгүй бололтой. Тэдний ингэж аашилж байгаа нь чамд таалагдахгүй байгаа ч тэд чиний бодож байгаагаас өөр шалтгаанаар чамд уурлачхаад яаж илэрхийлэх аргаа мэдэхгүй ингээд байгаа ч юм билүү. Тиймээс эдгээр үйлдлүүд нь чамд ямар санагдаж байгаа, тэд яагаад ингээд байгаа талаарх учир шалтгааныг намдуу өнгөөр асуугаад үзээрэй. Ингэх нь харилцан ойлголцоход туслах чухал алхам шүү.

Гэхдээ нөхөрлөлийн харилцаа ч гэсэн үргэлж бүтэмжтэй байдаггүй. Мэдээж чамд тухгүй байвал хөндийрч болно. Тийм бол шууд биш, бага багаар харилцаагаа хөндийрүүлээрэй. Тухайлбал, хамт гадуур гардаг цаг, утсаар ярьж чат бичдэг цагаа бага багаар холдуулаарай. Ингэх нь шууд харилцаагаа таслахаас хамаагүй дээр байдаг. Мөн хүн болгонд өөрсдийн гэсэн үүрэг даалгавар, хариуцлага оногддог. Тэр болгоныг хүн өөрөө л үүрэх хэрэгтэй байдаг. Тийм учир зарим тохиолдолд чи заавал бусдын өмнөөс хариуцлага хүлээж, өмнөөс нь даалгаврыг нь хийж явуулах шаардлагагүй. Мэдээж чамд үгүй гэж хэлэх эрх бий. Заримдаа “үгүй” гэж хэлэх нь чамайг хувиа хичээсэн хүн болгодоггүй гэдгийг санаарай. Харин үүний оронд даалгавраа хийхэд нь тусалж, хамтдаа ярилцан бодож чадахгүй бодлого, ойлгохгүй байгаа зүйлсээ хамтран хийж мэдсэн зүйлсээ хоорондоо хуваалцан ярилцаж болно. Харин өмнөөс нь даалгаврыг нь хийж, хуулуулах зэрэг нь тийм ч тохиромжтой зүйл биш шүү.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Сайн гэдгээ хэлээд байхад үл тоогоод байна

Сайн байна уу? Танд энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе. Би 10-р ангид сурдаг, 15 настай. Энэ жил ерөөсөө нэг л болж өгөхгүй байгаа юм шиг санагдах болсон. Нэг өдөр би ээжтэйгээ хамт өдөржин юм эмхэлж цэгцэлсэн юм. Орой нь ээждээ “миний гараас нэг л юм гарч өгөхгүй байгаа юм шиг, гарсан ч нэг л сэтгэлд хүрэхгүй, хүссэн хэмжээндээ хийж чадахгүй санагдаад байна” гэтэл, “гараас чинь юм гарч л байна шүү дээ, чи надад баахан л тусаллаа шүү дээ, шилжилтийн наснаас болоод ингэж байгаа байх аа, удахгүй зүгээр болно, битгий тоо” гэсэн. Гэвч нэг л биш ээ. Зүгээр л би гэдэг хүн өөрийгөө бусдад нээж, чөлөөтэй байж эхэлж байхдаа ингэхээр сонин юм аа. Би яачхаад байгаа юм бол гээд өөрийгөө ойлгохгүй байна.

Хоёрт гэвэл крашийн маань тухай л даа. Бид хоёр харилцаад нэг их удаагүй, өөрөөр хэлбэл долоо ч хоноогүй байгаа. Өөрийгөө талтай гэдгийг мэдэгдсэн ч мэдэхгүй царайлаад байгаа юм уу, үнэхээр мэдэхгүй байгаа юм уу гэдгийг нь мэдэхгүй. Надад өөрийнхөө крашийн тухай ярьсан. Өнөөдөр бид хоёр анх удаа сургууль дээр маш богинохон хугацаанд уулзсан юм. Сайн уу гэхээр нь хариу мэндлээд, жаахан юм яриад зогсож байвал крашдаа бэлэг өгсөн талаараа хэлдэг юм даа. Тэгээд л би нэг их тоохгүй царайлаад, жаахан өөр юм яриад гэр лүүгээ харьцгаасан. Гэртээ хариад чатлаад, бараг л талтай гэдгээ илэрхийлээд байхад сийндээд, эсвэл ойлгохгүй байгаа юм шиг байгаад байх юм. Би түүнд сэтгэлээсээ сайн болчихсон бололтой. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Үйл явцад нь анхаараад үзээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа.

Үйл явцад анхаарч байна уу эсвэл шууд үр дүнд анхаарч байна уу гэдгээ ажиглаад үзээрэй. Зарим үед бид хүрэх гэж байгаа үр дүнгийнхээ үйл явцад биш гарах үр дүнг л бодоод байдаг. Ингэснээр бодит байдал болоод бидний төсөөлөл хоорондоо таардаггүй. Үүний улмаас болж бид бухимддаг. Тэгэхээр хийхийг төлөвлөсөн ямар ч зүйлийнхээ үйл явцад илүү анхаарлаа хандуулахыг хичээгээрэй.

Сайн хүндээ талтай гэдгээ илэрхийлсэн бололтой, тийм үү? Чи өөрийн зүгээс хийж чадах зүйлээ хийж чадсан байна. Энэ байхад хангалттай. Мэдрэмжээ нуусан биш илэрхийлж чадсан байна. Энэ бол харилцааны чадвар юм. Хайр сэтгэлийн харилцаа нэг талаас биш хоёр талаас хамааралтай байдаг. Тэгэхээр дан ганц өөрийн чинь хүслээр шийдэгдэх боломжгүй. Энэ магадгүй хатуу сонсогдож байгаа байх. Үнэхээр өөрт чинь хариу өгөөгүй бол түүнийг хүчлэх хэрэггүй. Харилцагч талынхаа шийдвэрийг хүндэлдэг байгаарай. Ингэснээр өөрийгөө ч хэцүү байдлаас чөлөөлж байгаа хэрэг юм. Чамд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Өөрт нь хайртай гэдгээ илэрхийлсэн ч тоохгүй байна

Сайн байна уу? Би 24 настай, эрэгтэй. Би Монголд байхдаа охидод дурладаг ч, дурлалын хугацаа маань тийм ч удаан үргэлжилдэггүй байсан. Би хүнд тэгтлээ их дурлаж үзээгүй явсан юм. Гэтэл түрүү жил Чехед ирээд өнгөрсөн хавар нэг охинд дурлаад /царайнд нь дурлаагүй ч, бусад бүх зүйл нь надад таалагдсан болохоор би царайг нь хүртэл бусад охидоос хамгийн царайлаг, хамгийн гоё үнэртэй, хамгийн гоё биетэй, хамгийн гоё хоолойтой, хамгийн ухаалаг/ гэх мэтээр өдөр бүр, цаг, минут бүр түүнийг бодож явдаг.

Би араас нь бараг л жил шахуу гүйж байна. Би өөрийгөө өөрт нь хайртай гэдгээ зөндөө илэрхийлсэн ч тэр намайг тоохгүй байна. Тийм болоод ч тэр үү миний сэтгэл санаа үргэлж дорой, өөдрөг бус, хэцүү санагдах боллоо. Тэр надаас хэдэн насаар дүү хэдий ч би түүнийг хамгийн их хайртай хүнээр л харж явдаг. Би тэр охинтой уулзахаараа л жаргалтай болж, түүнээс ирэх мессеж, дуудлага, зураг бүрийг үргэлж харж санаж явдаг юм.

Европт багаасаа өссөн охин монгол охидоос арай өөр санагдах юм. Би түүнд маш их сэтгэл гаргаж хайртай гэдгээ илэрхийлдэг ч, тэр надад хэзээ ч сэтгэл гаргаж байгаагүй, намайг үргэлж үл тоож харьцах юм. Надад энэ бүхэн маш хэцүү байна. Яг үхмээр санагдах юм. Бас маш их ганцаардаж, үргэлж тэр охин бодолд минь бодогдоостой. Хэдэн сарыг яг юунаас аз жаргал авахаа мэдэхгүй өнгөрөөж байна. Бас тэр намайг тоохгүй байх бүрд сэтгэл санаа ямар ч эрч хүчгүй, урамгүй болж би удалгүй тамхинд орсон. Байнга бодогдоод унтаж чадахгүй үе тохиолдох бүрд би өөрийгөө согтоон байж хүчилж унтдаг. Өмнө нь би зүгээр л "хүн" байж чаддаг байсан. Энэ охинд дурласнаас хойш өөрийгөө ч бараг танихаа байгаад байна. Та бүхэн надад зөвлөгөө өгч тус болооч?

ЗӨВЛӨГӨӨ: Ингэлээ гээд буруу зуршлаар өөрийгөө тайвшруулах гэж хичээх нь хэр зөв бэ?

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хэн нэгнээс татгалзах хариу авах нь бие махбодын өвдөлт мэдрэхтэй адил хэцүү мэдрэмжийг бидэнд өгдөг. Нэг үгээр сэтгэлийн өвдөлт бие махбодын өвдөлттэй адилхан гэсэн үг. Өөрийн зүгээс хийж чадах зүйлүүдээ хийгээд байхад татгалзсан, тодорхойгүй хариу авч байгаа болохоор хэцүү бөгөөд өвдөлттэй мэдрэмж авч байгаа болов уу. Хэн нэгнийг хайрлалаа гээд эргүүлээд тэр хүнээсээ өгсөн шигээ мэдрэмж авахгүй үе гэж байдаг. Энэ их хатуу сонсогдож байгаа байх. Төсөөлөл болоод бодит байдал хоёр хоорондоо тохирохгүй байх үед бид бухимддаг. Анхаарлаа ухаалгаар төвлөрүүлж чаддаггүй. Гэхдээ ингэлээ гээд өөрийгөө шийтгэж байгаа юм шиг буруу зуршлаар өөрийгөө тайвшруулах гэж оролдох нь хэр зөв бэ?

Өөрийн зүгээс хийж чадах зүйлээ хийсэн үү? Мэдрэмжээ илэрхийлсэн үү? Өөрийн зүгээс хийж чадах зүйлийг хийсэн байхад хангалттай. Өөрийн өгсөн мэдрэмжийг буцаагаад тэр хүнээсээ хүсэх нь нэг төрлийн хувиа хичээж байгаа явдал. Хайр сэтгэлийн харилцаа зөвхөн нэг хүнээс хамаардаггүй, хоёр талаас хамаардаг. Түүний сонголтыг хүндлэх нь нэг талаар хайртай байсны илэрхийлэл юм. Өөрийн чинь сэтгэлийг цаашид ч хүлээн зөвшөөрөхгүй байвал яах вэ? Түүний сонголтыг хүндлээд явуулж чадах уу? Нэг харилцаа дуусах нь шинэ харилцаа эхлэх эхлэл нь болж байдаг. Магадгүй түүнийг явуулах нь өөрийгөө хэцүү байдлаас чөлөөлөх арга зам байж болох юм. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Сэжиг өгсөн ч нэг их тоогоогүй

Би хэлний нэг сургалтад явдаг юм л даа. Манай ангид надаас 2 насаар ах банди байдаг. Хэдий надаас 2 насаар ах ч их хүүхдээрээ санагддаг л даа. Бид хоёр ч танилцаад хэдэн сар өнгөрч, тэр юм асуух болохоороо дандаа над руу бичих болж харилцахад ч таатай хөгжилтэй болж эхэлсэн (гэхдээ тэрэнд ямар байсныг мэдэхгүй) Би ч бага багаар бодсоор байгаад, уулзсаар байгаад сайн болчихсон. Тэрэнд сайн гэдгээ гаднаа илэрхийлэхгүй ч дотроо бол тэрэнд үнэхээр сайн. Би тэрэнд жоохон сэжиг өгсөн ч тэр нээх тоогоогүй ээ. Би ч надад сайн байсан бол ингэхгүй л дээ гэж бодсон. Тэгээд ер нь мартъя гэсэн ч мартаж чадахгүй юм. Ядаж байхад шинээр орж ирсэн нэг охинтой их дотно байдаг гэдгийг мэдсэн. Тэрнээс хойш өөрийгөө доогуур үнэлж гуниглаж эхэлсэн. Одоо яах вэ? Мартаж чадахгүй юм.

ЗӨВЛӨГӨӨ: Тэр хүн ямар ч сонголт хийсэн сонголтыг нь хүндлээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн мэдрэмжийг илэрхийлсэн ч тоогоогүй гэж байна. Гэхдээ нөгөө харилцагч тал маань өөрийг чинь баттай ойлгосон болов уу? Магадгүй анзаараагүй бол яах вэ? Шууд бус аргаар илэрхийлж байгаа бол тухайн хүн маань өөрийн чинь санааг шууд ойлгох боломж хэр их вэ? Хэрэв үнэхээр өөрийн сэтгэлийг ойлгуулахыг хүсэж байвал өөрийн мэдрэмжийг нуух хэрэггүй болов уу. Энэ нь шууд сэтгэлээ хэл гэсэн үг биш. Түүнтэй сайхан хандаж, мэндэлж, юу хийж байна гэдгийг асууж байгаарай. Энэ энгийн үйлдлүүд бидэнд сайхан мэдрэмж төрүүлж байдаг шүү дээ. Ямар сонголт хийх нь өөрийн чинь сонголт. Харин тэр ямар ч сонголт хийсэн түүний сонголтыг хүндлээрэй. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter