Өөрийгөө хүндэлдэг хүний ДОЛООН шинж


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-11-18

Бид ухаан орсон цагаасаа эхлээд хүндлэл хайрын ёсонд суралцдаг. Гэвч ихэнх тохиолдолд гэр бүлээ, найз нөхдөө, өндөр настнуудаа гээд бусдыг хэрхэн хүндлэх талаар ойлголттой болоод үлддэг шүү дээ. Энэ нь мэдээж буруу биш ч хүн өөрөө өөрийгөө хүндэлж сурна гэдэг яг л үүн шиг чухал аж.

Хүндлэл гэдэг чамгүй өргөн ойлголт ч өөрийгөө тодорхой хэмжээнд хүндэлж, хайрлаж чаддаг хүмүүст дараах долоон нийтлэг шинж байдаг байна. 

ХООЛЛОХООСОО ӨМНӨ ШИРЭЭГЭЭ ЗАСАХ

Бид хайртай дотны хүмүүстэйгээ хооллохдоо ширээгээ засахаа мартдаггүй хэр нь ганцаараа хооллох үедээ ширээгээ барагтай л бол засдаггүйгээр үл барам ажлынхаа ширээн дээр хооллочихсон сууж байх үе бий. 

Хооллож байхдаа утас оролдож эсвэл зурагт үзэлгүйгээр тайван, анхааралтай хооллох нь таны хоол боловсруулах системийг сайжруулаад зогсохгүй өөртэйгөө харьцах харилцааг ч мөн сайжруулж өгдөг ажээ. Тиймээс ганцаараа хооллож байсан ч хоолны ширээнийхээ ард суугаад тухтай хооллож хэвшээрэй.

ТУХТАЙ УНТЛАГЫН ӨРӨӨ

Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Тиймдээ ч унтлагын өрөө болон унтах ор тань таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Ядаж л ор хөнжлийн даавуугаа сонгохдоо болгоомжтой хандаарай. 

Өдөрт дор хаяж зургаан цагийг дээр нь хөрвөөж өнгөрөөх даавуугаа аль болох чанартай байлгах нь чухал. Чанар муутай даавуу эсвэл удаан хугацаанд угаагүй дэрний уут арьсан дээр төрөл бүрийн харшил, батга гарах шалтгаан болдог.

Нойроо сайтар авахыг хүсвэл өөрт тохирсон ор, дэрийг сонгож унтлагын өрөөгөө тухтай байлгаарай!

ХУУЧИРСАН ХУВЦСАА ХАЯЖ СУРАХ

Зарим хүмүүс аль хэдийн элэгдэж муудсан эсвэл энд тэндээ цоорч ноорсон хувцсаа гэртээ өмсчихдөг. “Хэн ч харахгүй юм чинь” хэмээгээд углачихдаг эдгээр хувцаснууд бидний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг гэнэ.

Түмэн хүний өмнө тайзан дээр зогсож байсан ч, зурагтын урд буйдан дээр ганцаараа хэвтэж байсан ч ноорхой, хуучин хувцас өмсөх нь бидний өөрийгөө харах өнцөг, өөртөө итгэх итгэлд муугаар нөлөөлдөг. Тиймээс хугацаа нь дууссан хүнсээ хаядаг шигээ хуучирч элэгдсэн хувцсаа ч мөн хаяж сураарай.

БҮХ ЗҮЙЛД ШУУД ХАРИУЛАХ АЛБАГҮЙ

Халаасандаа хийсэн ч үргэлж дуугарч байдаг ухаалаг утсыг ашигласнаар хэн нэгнээс ирсэн зурвас, дуудлагыг үл тооход улам л хэцүү болсон. Тийм ч учраас бид юу хийж байгаагаас үл хамааран утсаа байн байн сөхөж, өдрийн туршид хэн нэгнээс зурвас, дуудлага ирсэн эсэхийг шалгадаг болчихсон шүү дээ. 

Гэвч өөрийнхөө цагийг үнэлдэг, зорилгоо чухалчилж чаддаг хүмүүс зарим зүйлсийг хэрхэн хойш тавихаа мэддэг. Танд ирсэн зурвас бүхэнд тэр даруй хариулах албагүй. Жишээ нь ажлын цаг дууссаны дараа ажилтай холбоотой зурвас, и-мэйлд хариулахгүй байж сурах нь хувийн амьдралаа ч цэгцтэй авч явахад тусалдаг. 

ЮУ ИДЭЖ БУЙГАА САЙТАР АНХААРАХ

Бидний эрүүл мэнд идэж ууж буй хүнсний бүтээгдэхүүнээс ихээхэн хамаардаг. Тиймээс биедээ юуг оруулж, ямар хүнс идэж буйгаа сайтар хянаж, бодолтой хандах нь чухал. Та тааралдсанаа л идчихдэг нэгэн бол өөрийгөө үнэхээр хайрладаг эсэх тань эргэлзээтэй юм. 

Биедээ тохирсон эрүүл хүнсийг олоод, тэдгээрээ тааруулж хэрэглэх нь таны өөртөө үзүүлж болох хамгийн том хүндлэл хийгээд хайр юм шүү.

БУСДЫН ТАЛААР ХОВ ЖИВ ТАРААХ

Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх маш олон “эрүүл” аргууд байдаг. Бусдын талаар хов жив тараах нь тэдний нэг биш гэдэг нь ойлгомжтой биз ээ. Харамсалтай нь энэ нь “Би тэднээс дээр л байгаа юм байна” гэх хэсэгхэн зуурын хортой мэдрэмжийг өгдөг тул өөртөө сайтар итгэж өгдөггүй хүмүүс хов жив ярих дуртай байдаг аж. 

Өөрийн цаг, энергиэ хэмнээд дам ярианаас холуур өнгөрч сураарай. 

ТОГТМОЛ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ

Эрүүл биед саруул ухаан оршино. Хэчнээн хийж гүйцэлдүүлэх хүсэл байгаад хийж дийлэх бие нь үгүй бол ямар ч агуу мөрөөдөл хөөс шиг л замхарч орхидог. Тиймээс өдөрт дор хаяж 30 минутыг идэвхтэй хөдөлгөөн хийж өнгөрөөгөөрэй. 

Боломжтой бол заланд очиж, боломжгүй бол гэртээ дасгал хийсэн ч болно. Цаг зав нь үнэхээр амжихгүй бол хааяа алхаж, цахилгаан шатаар бус шатаар дээш доош өгсөж байгаарай. 

Эх сурвалж: Bright Side

#Хувь хүний хөгжил #Зөвлөгөө