Үр бүтээмжийг тань ЭРС НЭМЭГДҮҮЛЭХ зургаан төрлийн хөгжим


Хөгжмийг дан ганц өөрийгөө зугаацуулах гэж сонсохоос гадна эмчилгээний зорилгоор, нэн ялангуяа сэтгэлийн хямралаа тайтгаруулж гүнзгий төвлөрөхийн тулд сонсох нь бий. Зарим тохиолдолд бүтээлч сэтгэлгээгээ өдөөж, үр бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд ч сонсдог байна. Энэ нь үр дүнтэй болохыг олон судалгааны үр дүн баталдаг.

Хичээл сургууль орж буй эдгээр өдрүүдэд үр бүтээмжээ нэмэгдүүлж, илүү сайн төвлөрөхийг хүсэж байгаа бол дараах зургаан төрлийн хөгжмийн сонсоод үзээрэй.

1. СОНГОДОГ ХӨГЖИМ

Сонгодог хөгжим тархины үйл ажиллагаа болон ажлын үр бүтээмжид гайхалтай эерэг нөлөө үзүүлдэг гэдэг нь үе үеийн судалгаагаар батлагдсаар ирсэн. Сонгодог хөгжим сонссоноор тайвширч стресс буурах бөгөөд үүнийг “Моцарт эффект” гэдэг аж. 

Нэгэн сонирхолтой судалгаагаар Людвиг ван Бетховены "Fur Elise"-ийг сонссон оюутнууд шалгалтан дээрээ энгийн үеийнхээс 12 хувиар илүү амжилт гаргаж байжээ. 

Үр бүтээмжээ нэмэгдүүлэхэд тань туслах сонгодог хөгжмүүд: 

  • BACH CLASSICAL STUDY PLAYLIST

  • CLASSICAL MUSIC FOR STUDYING

  • MOZART PIANO CLASSICAL MUSIC

2. БАЙГАЛИЙН ЧИМЭЭ

Далайн давлагаа, горхины хоржигноон гэх мэт байгалийн дуу чимээг сонсох нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг нь мөн л хэд хэдэн судалгаагаар тогтоогдсон байна. Хур тунадас, урсгал усны чимээ нь тайвшруулдаг бол амьтдын гаргадаг чимээ нь эсрэгээрээ анхаарал сарниулдаг гэнэ. 

Ренсселаерийн Политехникийн хүрээлэнгийн судлаачид байгалийн дуу чимээ нь сэтгэл хөдлөл, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг болохыг олж тогтоожээ. Судалгаанд нэгэн байгууллагын ажилчдыг оролцуулсан бөгөөд тэдэнд байгалийн чимээг тасралтгүй сонсгоход үр дүнд нь ажилчид илүү өндөр үр бүтээмжтэй, эерэг сэтгэл хөдлөлтэй байсан байна. Байгалийн чимээ нь хүмүүс хоорондын яриа, компьютерийн гарны чимээг сарниулсан бөгөөд энэ нь дан ганц үр бүтээмжтэй ажиллахад нөлөөлөөд зогсохгүй тэдний танин мэдэхүйн чадварт эерэг нөлөө үзүүлж байжээ.

Санал болгож буй байгалийн чимээ:

  • ДАЛАЙН ДАВЛАГАА

  • БОРОО

  • УРСГАЛ УС

3. КИНОНЫ ХӨГЖИМ

Хачирхалтай сонсогдож магадгүй ч киноны хөгжмийг сонсох нь бидэнд ямар нэгэн чухал зүйл хийж буй мэт мэдрэмж төрүүлдэг байна. Туульсийн, үлгэрийн гэмээр хөг аязууд нь орчноос тасарч төвлөрөхөд тань үлэмж хэмжээгээр тусална.

Хэрвээ та ядарсан, бага зэрэг сэтгэлээр унасан байгаа бол таныг эрч хүчтэй болгож, сэтгэлийг тань тайвшруулах эдгээр хөгжмүүдийг сонсоод нэг үзээрэй.

Санал болгож буй киноны хөгжмүүд:

  • “INCEPTION” (2010)

  • “THE SOCIAL NETWORK”

  • “THE BOURNE IDENTITY” (2002)

4. ВИДЕО ТОГЛООМЫН ХӨГЖИМ

Видео тоглоом нь таван мэдрэхүйг сайжруулж, тоглогчийн ямарваа нэгэн зүйлд сатааруулахгүйгээр өгөгдсөн даалгаварт бүхий л анхаарлаа хандуулж чадахаар бүтээгдсэн байдаг. Видео тоглоомын хөгжим хурдан хэмнэлтэй байдаг нь дараагийн алхмаа хурдтай хийхэд тань туслах зорилготой юм.

Тодорхой нэг зүйл дээр төвлөрөх, түүнийгээ хурдтай урагш ахиулахад тань энэ төрлийн хөгжим зайлшгүй туслах болно.

  • BATTLEFIELD ONE

  • FINAL FANTASY 7

  • ASSASSIN'S CREED 2

5. МИНУТАД 50-80 ЦОХИЛТТОЙ ДУУ

Танин мэдэхүйн зан үйл судлаач Emma Gray хөгжмийн стрийминг үйлчилгээний "Spotify" компанитай хамтран хөгжмийн ашиг тусын талаар судалжээ. Судалгааны үр дүнд тэрээр минутад 50-80 цохилттой хөгжим сонсох нь тархийг альфа байдалд оруулдаг болохыг олж мэдсэн байна. Хүний сэрүүн байх үеийн тархины долгион 14-30 герцийн хооронд байдаг бөгөөд үүнийг бета байдал гэж нэрлэнэ. Харин тархины долгион 7-14 герц болж удааширвал бид маш тайван, илэн далангүй болох бөгөөд үүнийг альфа байдал гэдэг байна.

Эрдэмтдийн хэлж байгаагаар альфа байдал нь бидний төсөөлөл, ой тогтоолт, зөн совинтой холбоотой үйл ажиллагаануудыг идэвхжүүлдэг аж. Бид байнга сонсдог, дасал болсон хөгжмөө сонсож байхдаа тухайн хөгжимдөө анхаарахгүйгээр гүнзгий бодолд автдаг бөгөөд үүнийг хөгжмөөс үүдсэн альфа төлөв гэж нэрлэдэг. Тиймээс "улиг болсон", хурдан хэмнэлтэй дуунуудыг сонсох нь ой тогтоолтод эерэг нөлөөтэй байх нь.

Минутад 50-80 цохилттой дуунууд:

  • JUSTIN TIMBERLAKE - MIRRORS

  • BRUNO MARS - THE LAZY SONG

  • ADELE - CHASING PAVEMENTS

6. ДУРТАЙ ХӨГЖИМ

Майамигийн их сургуулийн профессор Tereza Lesiuk-ийн явуулсан судалгаагаар дуртай хөгжмөө сонсонгоо ажлаа хийсэн хүмүүс огт хөгжим сонсохгүйгээр ажилласан хүмүүстэй харьцуулахад гүйцэтгэлийн хувьд харьцангуй өндөр байсан бөгөөд шинэ санаа ч илүү сайн гаргаж байсан байна. Харин хөгжим сонссон ч тодорхой үр дүн гаргаж чадаагүй оролцогчдыг судалж үзэхэд сонссон хөгжим нь хэт хурдан хэмнэлтэй, анхаарлыг нь сарниулахуйц дууны үгтэй байсан нь ажиглагдсан гэдэг.

Тиймээс анхаарлаа төвлөрүүлэхийг хүсвэл хэмнэл нь намуухан, үггүй аялгуунууд сонсохыг зөвлөж байна.

Эх сурвалж: Entrepreneur

#Үр бүтээмж #Анхаарал төвлөрөлт #Зөвлөгөө