Кпопын эргэн тойронд: BIGBANG ирэх оны эхээр цомог гаргах магадлал ӨНДӨР


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-11-17

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

HANA FINANCIAL: BIGBANG ИРЭХ ОНЫ ЭХЭЭР ЦОМОГ ГАРГАХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА

Саяхан Hana Financial компанийн зүгээс YG энтертайнментийн 2021 оны төлөвлөгөөг танилцуулжээ. Энэ нь YG энтертайнментаас 100 хувь батлагдсан төлөвлөгөө биш боловч тухайн энтертайнментаас хийх хамгийн өндөр магадлалтай гэсэн үйл ажиллагаануудыг багтаасан юм.

Тайланд алдарт хөвгүүдийн хамтлаг болох BIGBANG хамтлаг ирэх оны эхээр шинэ цомог гаргах магадлал хамгийн өндөр байгаа талаар тусгасан байна. Тэд BIGBANG хамтлаг шинэ уран бүтээл гаргаж, аялан тоглолт хийвэл YG энтертайнментийн хувьцааны үнэ болон зах зээлийн үнэлгээ хэрхэн өсөх талаар таамаглал дэвшүүлжээ.

Тухайлбал, YG энтертайнмент энэ оны хоёрдугаар хагаст BLACKPINK болон TREASURE хамтлагийн цомгийн борлуулалтаас 10 тэрбум гаруй вонын цэвэр ашиг олсон байна. Мөн “BIGBANG хамтлаг ирэх онд аялан тоглолт хийвэл ойролцоогоор сая гаруй хүн үзнэ гэж төлөвлөсөн бөгөөд 2022 он гэхэд YG энтертайнмент 60 тэрбум вонын ашигтай ажилласан байх болно” гэж үзжээ.

ENHYPEN ХАМТЛАГИЙН ГИШҮҮД АХЛАГЧАА СОНГОЖЭЭ

I-LAND нэвтрүүлгээс төрөн гарсан ENHYPEN хамтлаг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр анхны уран бүтээлээ гаргахаар төлөвлөөд байгаа юм. Харин үүнээс өмнө хамтлагийн ахлагчаа сонгох шаардлагатай болсон бөгөөд Heeseung болон Jungwon нар нэр дэвшжээ. Ийнхүү Jungwon хамтлагийн ахлагч болсон бөгөөд Heeseung:

- “Би хамтлагийн ахлагч байхаас илүү хамтлагийнхаа том ахын хувиар бусдадаа туслах ёстой гэж бодсон” гэжээ.

Харин Jungwon-ийн зүгээс:

- “Би өөрийгөө ахлагч болно гэж бодоогүй болохоор их гэнэтийн байлаа. Харин одоо үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй боллоо. Би олноосоо хөндий ахлагч байхыг хүсэхгүй байна. Бүх гишүүдийг сонсож, санал бодлоо солилцдог нэгэн баймаар байна. Бүгдээрээ хамтдаа хичээцгээе” гэжээ.

ITZY ХАМТЛАГ ‘ELLE’ СЭТГҮҮЛИЙН НҮҮРИЙГ ЧИМЛЭЭ

JYP энтертайнментийн охидын хамтлаг болох ITZY хамтлаг "ELLE" сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарын нүүрийг чимжээ. Ингэхдээ тэд Burberry брэндтэй хамтран ажилласан бөгөөд гишүүн бүр өөрсдийн хэв маягийг харуулсан, халуун дулаан уур амьсгал мэдрүүлсэн зураг авалт болж өнгөрсөн байна.

Тэд хамтлагийнхаа цаашдын төлөвлөгөө, багийн ажиллагаа болон ур чадвараа сайжруулах шаардлагатай байгаа тухай ярьсан аж.

WHEEIN-ИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН БОЛСОН

Энэ сарын 12-ны өдөр MAMAMOO хамтлагийн дуучин Wheein хүзүүний бэртлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Ийнхүү "Kim Shin Young’s Noon Song Of Hope" нэвтрүүлэгт оролцоогүй аж. Харин MAMAMOO хамтлагийн шүтэн бишрэгчдийн зүгээс түүний биеийн байдлын талаар мэдээлэл өгөхийг шаардсан бөгөөд RBW энтертайнментаас дараах мэдэгдлийг хийсэн юм. Үүнд:

- “Сайн байцгаана уу. RBW энтертайнмент байна.

Бид Wheein-д санаа зовж байгаа шүтэн бишрэгчдэд нь зориулж албан ёсны мэдэгдэл хийж байна.

Wheein төлөвлөсөн хуваарийн дагуу бэлтгэл хийж байх үеэрээ хүзүүгээ гэмтээсэн. Улмаар эмнэлэгт хүргэгдэж шаардлагатай бүх нарийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бөгөөд аз болоход булчин нь бага зэрэг өвдсөн байна гэсэн. Тиймээс Wheein зохих эмчилгээг нь хийлгэж байгаа.

Хэдий тийм боловч Wheein цаашид сонор сэрэмжтэй байх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс хамтлагийн зарим үйл ажиллагаанаас завсарлага авч байгаа. Манай энтертайнментийн зүгээс Wheein-ийн биеийн байдлыг эн тэргүүнд тавих бөгөөд цаашдын үйл ажиллагаанд оролцох эсэхийг тухай бүрд нь мэдэгдэх болно.

Та бүхнийг энэ нөхцөл байдлыг ойлгоосой гэж хүсэж байна. Баярлалаа” гэжээ.

Харин арваннэгдүгээр сарын 13-ны өдөр RBW энтертайнментаас Wheein цаашид хамтлагийн үйл ажиллагаанд оролцох болсныг мэдэгджээ.

J.Y.PARK, PSY НАР ШҮҮГЧ ХИЙНЭ

Кпоп хөгжмийн томоохон төлөөлөгчид болох J.Y.Park болон PSY нар хамтран SBS телевизийн сувгийн "Loud" хэмээх нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахаар болжээ. Тус нэвтрүүлгээр хөвгүүдийн шинэ хамтлаг байгуулах бөгөөд 2000 оноос хойш төрсөн хөвгүүд оролцох боломжтой гэнэ шүү. 

Уг нэвтрүүлэгт оролцох хүмүүсийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл бүртгэх бөгөөд нэвтрүүлэг 2021 оны эхээр эхлэх юм байна.

ZUHO КИНОНД ТОГЛОЖЭЭ

SF9 хамтлагийн гишүүн Zuho "Meal Kid" хэмээх олон ангит кинонд хамтлаг нь тарсан ч өөрийнх нь карьер дуусаагүй гэдэгт бат итгэдэг Jaekyung хэмээх залуугийн дүрийг бүтээжээ. Уг олон ангит киноны гол дүрд B.A.P хамтлагийн гишүүн асан Dahyun тоглосон бөгөөд бизнес эрхэлж, амжилтад хүрэхийг хүссэн залуу үеийн төлөөлөл дүр болсон байна.

Zuho-ийн жинхэнэ нэрийг Baek Ju-ho гэдэг бөгөөд SF9 хамтлагийн гол рэппер, бүжигчин аж. Тэрээр 1996 онд төрсөн ба 2016 онд урлагийн ертөнцөд хөл тавьсан юм.

CL ШИНЭ ЦОМГОО ХОЙШЛУУЛЛАА

CL энэ сард гаргахаар төлөвлөж байсан "ALPHA" цомгоо түр хугацаанд хойшлуулжээ.

Тэрээр цомог гаргахаар бэлдэж байхдаа илүү олон зүйл нэмж, сайжруулах шаардлагатай гэж бодсон тул "ALPHA" цомгоо 2021 онд гаргахаар шийдсэн байна. Уг шийдвэрийг баг, хамт олонтойгоо зөвлөлдсөний үндсэн дээр гаргасан тул шүтэн бишрэгчдээсээ энэхүү нөхцөл байдлыг ойлгохыг хүсжээ. Мөн түүний шинэ цомогт зориулсан эд зүйлс өөрийнх нь албан ёсны сайтаар зарагдаж эхэлсэн тул шүтэн бишрэгчид нь хэдийд ч хамаагүй худалдан авалт хийх боломжтой аж.

TREASURE ХАМТЛАГ 700,000 ЦОМОГ БОРЛУУЛЖЭЭ

YG энтертайнментийн хөвгүүдийн шинэ хамтлаг болох TREASURE хамтлаг байгуулагдаад гурван сар болсон хэдий ч энэ хугацаанд 700,000 цомог борлуулжээ.

TREASURE хамтлагийн "The First Step: Chapter Three" цомог нь арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 210,000 хувь борлуулагдсан байна. Өмнөх хоёр хувилбарын хувьд аль хэдийнэ 500,000 хувь борлогдсон бөгөөд нийт цомгийн борлуулалт 700,000 хувь давжээ. YG энтертайнментийн зүгээс:

- “Гишүүдийн ихэнх нь өсвөр насны хүүхдүүд байгаа. Тиймээс бид шүтэн бишрэгчидтэй нь илүү нарийн холбоо тогтоож, хичээнгүйлэн ажиллах болно” гэжээ.

Мөн YG энтертайнментийн зүгээс 2021 он гарахад TREASURE хамтлагийн цомог нэг сая гаруй хувь борлуулагдах магадлалтай хэмээн тооцоолжээ.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд