ЗАХИДАЛ: Арваннэгдүгээр сарын захидлын хариу №2


ССҮТөв | YOLO.MN
2020-11-13

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Найздаа сайн болчихсон

Сайн байна уу? Би 16 настай, охин. Би өмнө нь хэн нэгнийг шохоорхож, дурлаж огт үзээгүй. Бас их эршүүд, бусдын бодлоос огт айдаггүй нэгэн байсан. Гэтэл би анх удаа хүнд чин сэтгэлээсээ дурлахдаа найздаа сайн болчихсон. Тэр надтай эрэгтэй найзтайгаа харьцдаг шигээ харьцдаг. Бас тэр надад өөрийнхөө сайн эмэгтэйн талаар байнга ярьдаг. Би бүр түүнд сайн эмэгтэйтэй нь уулзахад тусалдаг байсан. Гэтэл одоо надад үнэхээр хэцүү санагдаж байна. Буруудвал найзаа алдах юм шиг. Тэгээд түүний сайн эмэгтэйг өөртэйгөө харьцуулах тусам улам өөртөө дургүй хүрч байна. Би яг яавал дээр вэ? Энэ байдлаас гаргахад надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Хайр сэтгэлийн тал дээр тодорхой зөвлөгөө байхгүй ээ

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Бид сэтгэлээ хэнд, хэзээ алдахаа мэдэхгүй шүү дээ. Өмнө нь гаргаж байсан үйлдлээ бодож өөрийгөө зэмлэх хэрэггүй. Тухайн үеийн нөхцөл байдал ондоо байсан байна. Хайр сэтгэлийн тал дээр тодорхой зөвлөгөө байхгүй ээ. Өөрийн зүгээс юу хийж чадах вэ гэсэн зүйл дээр л ач холбогдол өгөхөд л хангалттай.

Өөрийгөө бусадтай харьцуулж шүүмжлэх хэрэггүй. Өөрөө тэр охины сайхан зүйлийг олж харж чадсан болохоороо өөрөө өөртэйгөө харьцуулаад байгаа болов уу? Бусдын сайн талыг харж чадсантай адил өөрийн сайн сайхан талыг харахыг хичээгээрэй. Өөрт чинь ч ялгаагүй сайхан тал бий. Өөрийгөө хайрласнаар хувийн үнэлэмж маань нэмэгдэж байдаг шүү дээ. Сэтгэлээ илчлэх эсэх нь чиний сонголт. Гагцхүү ямар ч үр дүнг хүлээж авч чадна гэсэн үедээ сонголт хийгээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Хамт ажилладаг ахдаа сайн болчихсон

Сайн байна уу? Би 16 настай. Юун түрүүнд танай хамт олонд маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Миний насанд дээр хайр ярих ахадсан хэрэг байх л даа. Би хэрэглээний мөнгөө олох зорилгоор амралтын өдөр ажил хийдэг юм л даа. Миний сайн болсон хүн бол хамт ажилладаг ах маань байгаа юм. /Надаас 4 насаар ах/ Анх ажилд орноос эхлээд надад мэдэхгүй зүйл дээр маш их тусалж анхаарал тавьдаг болсон. Надаас олон насаар ах, дээрээс нь маш их хичээл, их ажлын хажуугаар хүнд сайн болбол асуудлууд бүр хүндэрнэ гэдгийг би өөрөө сайн мэдэж байсан ба зайгаа барьж эхлэхэд тэр ах улам л анхаарал татаж ойртож эхэлсэн. 

Нэг орой ажлаа тараад санаандгүй таараад... Мэдээж хамт ажилладаг учраас танихгүй царайлж болохгүй гэж бодоод хамт алхангаа ярилцаад нэг л мэдэхэд би ам уралдаад ярьж байсан. /Би хүнтэй тэгж их юм яриад байдаггүй л дээ/ Яг тэр үед тэрний яриаг сонсоод жоохон татагдаад эхэлсэн. Би гаднах царай төрх гэхээсээ илүү хүнийг өөртөө хайртай, мөн муу зуршилгүй гэх мэт иймэрхүү зүйлсээр нь дүгнэдэг. Харин тэрнийг ажиглаад дүгнэсэн дүгнэлтээр тэр яг таарч байсан.Тэр намайг ирээдүйд ямар мэргэжилтэй болох талаар асууж, хичээлээ хийхэд минь хүртэл тусалж, анхаарал тавьдаг болсон. Бас ажлын бусад хүмүүстэй юм яриад байдаггүй мөртлөө надтай маш их зүйл ярилцаж бусад хүмүүс инээдтэй зүйл ярьж байхад инээдэггүй мөртлөө намайг юу ч хэлсэн инээмсэглэдэг. 

Тэр надад маш их анхаарал тавьдаг. Би ч гэсэн түүнд анхаарал тавьж хайртай болсны хувьд тэрийгээ мэдрүүлмээр байгаа ч яаж гэдгээ мэдэхгүй байна. Гэхдээ тэр надад сайн биш ч байж болно гэдгийг би сайн ойлгож байгаа. Зүгээр л тэрэнд анхаарал тавьж бага багаар сайн гэдгээ тойруу замаар ойлгуулахыг хүсэж байна. Эсвэл би бүр болих ёстой юу? Зөвлөгөө өгч байгаад үнэхээр их баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Үйлдэл хийхгүйгээр харамсаж суух уу эсвэл өөрийн зүгээс хийж чадах зүйлээ хийх үү?

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хэн нэгэн өөрт чинь анхаарал хандуулсан, дулаан тааламжтай мэдрэмж төрүүлж байгаа бол энэ мэдрэмжээс татгалзах шалтгаан байгаа юу?  Өөрт чинь өгч байгаа мэдрэмжийг таатайгаар хүлээн авч болно шүү дээ. Энэ ч бас өөрийн чинь сонголт юм.   Ямар ч шийдвэр гаргасан энэ чиний л сонголт. Үйлдэл хийхгүйгээр харамсаж суух уу эсвэл өөрийн зүгээс хийж чадах зүйлээ хийх үү? Энэ асуултыг өөрөөсөө дахин нэг асуугаарай.

Тэр юунд дуртай юм бол? Юунд сонирхолтой юм бол? гэдгийг өөрөө ажиглаад дүгнэлт хийсэн болов уу. Тиймээс ямар үйлдэл хийж түүнд таатай мэдрэмж төрүүлэхээ чи илүү сайн мэдэж байгаа байх. Тиймээс өөрийн мэдрэмжийг нуухгүйгээр хэрхэн түүнд эелдэг хандаж, халуун дулаан мэдрэмж өгөхөө бодоорой. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Чи иймээсээ болж хаягдсан гэсэн

Сайн байна уу? Би 12 настай. Жирийн л хүүхэдтэй үерхэж нөхөрлөдөг охин. Найз залуугаасаа салахад өдөр нь сайхан хөгжилдөж байсан хэрнээ орой нь гэртээ ирээд гуниглаад уйлж суухад найзаас минь “Хүнийг ялгаварлаж харьцахаа больчих. Чам шиг найз байдаг юм уу? Чи иймээсээ болж хаягдсан” гэх мэт үгтэй чат ирсэн. Маргааш нь надтай зүв зүгээр инээгээд л харьцдаг мөртлөө орой нь дахиад л тийм чат ирдэг. 

Одоо миний сэтгэл санаа арай гайгүй байгаа л даа. Гэхдээ өнөөх чатууд ирсээр л. Би зүгээр ийм ядаргаатай нөхцөл байдалд баймааргүй байна. Надад зөвлөгөө өгөөч. 

ЗӨВЛӨГӨӨ: Нүүр тулж ярилцаарай

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Найз нь өдөр чамтай зүгээр инээгээд ярьдаг хэрнээ орой нь сөрөг утгатай чат явуулаад байгаа энэ байдал  яг хэдэн удаа давтагдаж байгаа вэ? Чи ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Хэрвээ олон удаа давтагдаж байгаа бол яагаад чи уучлаад л энэ байдал давтагдаад байна вэ? Ямар нэгэн шалтгаан байгаа юу? Эсвэл 1 юм уу 2 удаа болсон үйл явдал чамд хүндээр туссан юм болов уу? Хэрвээ энэ нөхцөл байдалд баймааргүй, цаашид найзлахыг хүсэхгүй байгаа бол эелдгээр хэлж харилцаагаа таслах боломжтой шүү дээ.

Нөгөөтээгүүр найз нь чамд чухал хүн учраас энэ байдлаас гарахад хэцүү, хэлэхэд хэцүү чамайг хямраагаад байх магадлалтай. Магадгүй та хоёрын дунд маш том үл ойлголцол гараад түүнийгээ шийдвэрлэхгүй яваад байгаа ч юм бил үү? Үүнийг тодорхой болгохын тулд хоорондоо ярилцаарай. Гэхдээ чатаар биш, нүүр тулж ярилцах илүү үр дүнтэй шүү. Хоорондоо чөлөөтэй бас тайван байж болох газар сонгож суугаад тайван намдуу өнгөөр ямар шалтгаанаар чам руу ийм чат бичээд байгаа талаар асуугаад яриаг нь таслахгүйгээр анхааралтай сонсоод үзээрэй. Цаашлаад бие биенийхээ хийж байсан ямар үйлдэлд гомдож, ямар үйлдэлд нь талархдаг талаараа ярилцаж болно шүү. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Сэтгэлээр унаад үс цагаарч эхэлсэн

Сайн байна уу. Би 13 настай. Надад маш хэцүү асуудлууд тулгарсан. Би хүнтэй үерхэж үзээгүй. Бусад хүүхдүүд хоорондоо үерхэж, дотно байгааг хараад дотроо атаархдаг. Би царай муутай, тарган учраас хүмүүс намайг тоохгүй байх гэж боддог. 

Би 5-р анги төгсөх жилдээ батга гэдэг асуудалтай нүүр тулгарсан. Түүнээс болоод хүмүүс намайг архичин, тамхичин зэргээр доромжилдог болсон. Үүнээс болоод би сэтгэл санаагаар унаад үс маань цагаарч эхэлсэн. Надад их хэцүү байна. Би энэ асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ? Надад туслаач. 

ЗӨВЛӨГӨӨ: Харилцаа дан ганц гадаад үзэмж дээр тогтдоггүй

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Өсвөр насны үед дааврын тэнцвэргүй байдлаас хамаараад маш олон өөрчлөлтүүд явагддаг. Энэ нь хэвийн. Тухайлбал, дуу хоолойн өнгө өөрчлөгдөх, батга гарах, таргалах, өндөр болох, суганд үс ургах гэх мэт. Үүнээс болж чамайг муугаар хэлсэн нь харамсалтай байна.

Мөн заримдаа хүмүүс өөртөө таалагдахгүй байгаа, дутагдалтай гэж харсан зүйл дээрээ хэт их төвлөрч хүн бүр үүнийг минь анзаарч байна гэж боддог. Гэвч яг үнэндээ түүнийг нь хүмүүс анзаарах нь бага байдаг. Гэхдээ үүнийг асуудал гэж харж байгаа бол зохицуулж болно. Таргалаад байвал эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийгээрэй. Батга гарч байвал арьсаа оношлуулж цаашдаа хэрхэн арчлах талаар арьсны эмчээс зөвлөгөө аваарай. Гэхдээ үерхэл, хайр дурлал, найз нөхдийн харилцаа дан ганц гадаад үзэмж дээр тогтдоггүй юм шүү. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter