Их Британийн их сургуульд “КОМЕДИ СУДЛАЛ”-ын хичээл үзэх боломжтой


Миау | YOLO.MN
2020-11-10

Бид өмнө нь “К-Драма судлал”-ын хичээл санал болгодог Филиппин Улсын Их Сургууль, “Нинжа судлал”-ын зэрэг олгодог Япон улсын Миэгийн Их Сургуулиудын талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаад бас нэгэн хачирхалтай хөтөлбөрийг санал болгодог сургуулийг танилцуулах гэж байна. Энэ бол “Стэнд-ап комеди судлал”.

Тайзан дээр ганцаараа гарч үзэгчдийн өмнө микрофоноор хошигнол хэлбэрийн үзүүлбэр үзүүлэх урлагийн төрлийг стэнд-ап комеди гэдэг билээ. Дэлхий нийтээр даяарчлагдаж буй өнөө үед ихэнх улсад хошин урлагийн энэ төрөл хурдацтай хөгжиж байна. 

Хачирхалтай нь стэнд-ап комеди нь бидний төсөөлж байгаагаас ч өндөр хөгжсөн урлаг аж. Тухайлбал, Их Британийн Кентийн их сургууль /University of Kent/-ийн Жүжиг, Театр судлалын тэнхимээс “Стэнд-ап комеди судлал”-ын хичээлийг санал болгодог гэнэ. 

Уг хичээлийг мэргэжлийн комедиан Oliver Double удирдан явуулах бөгөөд тэрээр “Stand Up!: On Being a Comedian” (1997), “Getting the Joke: the Art of Stand Up Comedy” (2005) зэрэг алдартай номын зохиолч билээ.

Хичээлийн хувьд онолын болон практик судалгаан дээр тулгуурлан явагдана. Хичээлийн эхэнд стэнд-ап комедигийн онол, хөгжлийн түүхийг судалж, нэрт комедиануудын бүтээлүүд дээр дүн шинжилгээ хийнэ. Энэ талаар тодорхой хэмжээний ойлголт болон мэдлэгтэй болсны дараа өөрийн богино хэмжээний комеди сетийг бэлдэх, үзэгчидтэй харьцах, импровизаци хийх зэрэг гүйцэтгэлийн гол ур чадваруудад суралцах аж.

Та “хүн инээлгэхийн төлөө хичээл үзээд байхдаа яах вэ дээ” гэж бодож байж магадгүй юм. Гэвч комедиануудад яг л дуучин, жүжигчин зэрэг уран бүтээлчдийн адил үзэгчидтэйгээ харьцаж, сэтгэл хөдлөлийг нь мэдэрч, заалны ерөнхий уур амьсгал болон нөхцөлд байдалд тохируулан хувирах ур чадварууд шаардагддаг байна. Тэр ч бүү хэл олон жил энэ чиглэлээр ажилласан туршлагатай комедианууд хүртэл төрөлхийн хошин хүмүүс ч чадварлаг комедиан болохын тулд олон цагийн судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай байдаг хэмээн зөвлөдөг билээ. 

Эх сурвалж: Independent, University of Kent

#Хичээл #Stand-up Comedy