5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Залуу хүний ЗААВАЛ УНШИХ ном №6


“Залуу хүний заавал унших ном” цуврал ярилцлагын зургаа дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Салбар салбартаа манлайлагчдыг урьж оролцуулдаг энэхүү цувралын ээлжит хүндтэй зочноор Гааг хот дахь олон улсын эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч Н.Орчлон оролцлоо. Тэрээр 236,000 гаруй гишүүнтэй “Үнэртэй усанд дурлагсдын клуб” Фэйсбүүк группийн үүсгэн байгуулагч бөгөөд нийгмийн сайн дурын төсөл, үйл ажиллагаанд хувь нэмрээ идэвхтэй оруулдаг нэгэн билээ.

Санал болгож буй ном: "Хөөрхий дөө Болдоо минь"

Зохиолч: Д.Гармаа

Төрөл: Хүүхдийн зохиол

Товч агуулга: Хүүхдийн төлөвшил, хүмүүжил, хүн байгалийн шүтэлцээ зэрэг ёс суртахуунт ухамсрыг бий болгоход нөлөөлөхүйц агуулгатай энэхүү зохиолд сургуулийн ахлах ангийн сурагчдын үерхэл нөхөрлөлийн тухай өгүүлдэг. Ядуу хөвгүүн Болдоогийн амьдралыг үе тэнгийн охин Гэрлээгийн нүдээр харж буйгаар дүрслэгдэх энэхүү зохиолд хүнийг ядуу зүдүү гэлгүйгээр хайрлах учиртайг сануулна.

YOLO: Бид энэ номыг яагаад унших ёстой вэ? 

- Бидний амьдарч буй өнөөгийн нийгэмд нинжин сэтгэл маш их дутагдаж байна. Монголд өнөөдөр ч маш олон Болдоо нар бий. Гэвч хүн бүр хөрөнгө мөнгө олохын төлөө ухаангүй зүтгэж, дорой нэгнийг үл тоомсорлон, баян тарганд бялдуучлан юугаа ч худалдахад бэлэн болжээ. Надад ашиг тус өгөхгүй байсан ч бусдын төлөө сайхан сэтгэл гаргаж байж л хүн гэдэг нэрийг авч явдаг гэж би боддог. Хэрэв та зөвхөн өөрийгөө л боддог хүний мөсгүй нэгэн бол хэчнээн өндөр боловсрол, мэдлэг, эрх мэдэлтэй байгаад ч нэмэргүй. 

YOLOТаны энэ номоос суралцаж, хэрэгжүүлж буй зүйл юу вэ?

- Би ч бас Болдоогийнх шиг амьдралыг туулсан болохоор хүмүүст аль болох тус нэмэр болох юмсан гэж боддог. Олон ч залуучуудын сургалтын төлбөрийг хувиасаа дааж байлаа. Харин одоо бол хуулийн менторшип хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Цаашдаа ч бусдад чадах чинээгээрээ тусална гэж боддог. Зөвхөн мөнгө санхүүгээр ч бус, өөрийн мэргэжлийн мэдлэг чадвараа залуучуудтай хуваалцаж урам зориг өгөхийг хичээдэг. Мөн үнэртний хоббигоороо дамжуулан бусдад сүрчиг бэлэглэх дуртай. Сүүлийн 7 жилд ойролцоогоор 5,000 орчим хүнд сүрчиг бэлэглэсэн байна.

YOLOЭнэхүү номын хамгийн дуртай ишлэл тань?

- Олон жилийн өмнө хүүхэд байхдаа уншиж байсан учраас яг үнэндээ санахгүй байна. Гэхдээ гарчиг нь номынхоо бүх утга санааг хэлээд өгч буй мэт санагддаг. “Хөөрхий дөө Болдоо минь” гэдэг шиг таны эргэн тойронд хүнд хэцүү амьдралтай хүн байвал чин сэтгэлээсээ хөөрхийлж, жаахан ч гэсэн туслаарай гэж уриалъя. 

YOLOТа амьдралдаа нийт хэдэн ном уншсан бэ?

- Яг тэдэн ном гэж хэлж мэдэхгүй юм. Ямартай ч социалист нийгмийн үед хүүхэд залуучуудын уншдаг байсан бүхий л номыг дуусгасан. Гэхдээ би сардаа, жилдээ тэдэн ном уншина гэж марафон байдлаар уншдаггүй. Хүн залуу байхдаа ёс суртахууны гол багануудыг суулгах, чанартай номууд уншсан байх нь л чухал.

YOLOНомтой холбоотой гайхалтай дурсамжаасаа хуваалцвал?

- Намайг номонд дурлуулсан хүн бол миний ээж. Хамгийн сонин нь ээж маань намайг балчир гэлгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг уншуулдаг байсан. Харин энэ дундаас “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” ном сэтгэлд хамгийн тод үлджээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Голланд улсад гэр бүлээрээ нацист Германчуудаас нуугдаж байсан Анне хэмээх 13 настай охины өдрийн тэмдэглэлийг ямар ч засалт, өөрчлөлтгүйгээр хэвлэн гаргасан нь хожмоо дэлхийн шилдэг бүтээл болсон юм. Олон жилийн дараа би Голланд улсын олон улсын шүүхэд хуульчаар ажиллахаар очиж, ээжтэйгээ хамт Амстердам дахь Анне Франкийн гэр музейг үзэж билээ. Ээжийгээ музейн зочны дэвтэрт сэтгэгдлээ бичин үлдээж буйг харах нь миний амьдралын хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг байсан.

YOLOНом уншихын ач холбогдлыг тодорхойлбол?

- Ном бол хүн төрөлхтний гайхамшигт оюуны бүтээл. Техник технологи хэчнээн хөгжсөн ч номыг юу ч орлохгүй, ач холбогдол нь хэзээ ч буурахгүй. Ном унших нь хүүхдийн оюун ухаан, чөлөөт сэтгэлгээг хамгийн сайн хөгжүүлдэг. Бичиг үсэг тайлагдсан л бол хүүхдийг жаахан гэж голж болдоггүй юм билээ. Номын амтанд орсон л бол ямар ч хүнд сэдэвтэй уран зохиолын номыг ойлгоод уншчихдаг. Үнэндээ би ээжийнхээ надад уншуулж байсан номуудын хүчээр л өдий зэрэгтэй явж байна. Эцэг, эхийн хүүхдэдээ өгч болох хамгийн том хөрөнгө оруулалт бол ном уншуулж, оюуныг нь тэжээх юм. 

YOLOНом ...-той төгс зохицдог.

- Ном бол аливааг суръя, мэдье, өөрийгөө хөгжүүлье гэсэн хүсэл эрмэлзэлтэй гайхамшигтай зохицдог. 

YOLOЯрилцсанд баярлалаа. 

#Залуус #Ном