Өнгөрсөн долоо хоногт Инстаграмд: Ука, CL, Хотулун гүнж


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-11-09

Өнгөрсөн долоо хоног дэлхий дахины хувьд ч, манай улсын хувьд ч адал явдлаар дүүрэн өнгөржээ. Ингээд та бүхэндээ YOLO.mn сайтын зүгээс өнгөрсөн долоо хоногт Инстаграм орчинд болж өрнөсөн сонин хачныг түүвэрлэн хүргэж байна!

ДУУЧИН УКАГИЙН ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛЭГ

Монголын дуу хөгжмийн ертөнцөд 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хүчин зүтгэж буй дуучин Д. Уламбаяр буюу Укаг мэдэхгүй нэгэн ховор биз ээ. Шаргал үс, онцгой төрхөөрөө олны сэтгэлд хоногшсон дуучин бүсгүйн маань төрсөн өдөр өнгөрсөн долоо хоногт тохиожээ.

Тэгвэл түүний энэ хорвоод мэндэлсэн өдрөөрөө хүлээн авсан хамгийн том бэлгүүдийн нэг бол төрийн дээд Алтан гадас одон байлаа. Энэ баярт явдлыг тохиолдуулан дуучин Ука гэр бүл, найз нөхөд хийгээд шүтэн бишрэгчдээ талархлаа илэрхийлэн дараах зургийг Инстаграм хуудаснаа нийтэлжээ.

ХҮН-ААЛЗ Ч ГЭСЭН…

"Spider-Man 3" киноны зураг авалтын ажил эхлээд долоо хоног өнгөржээ. "Spider-Man: Far from Home" (2019) кино чамгүй амжилт дагуулсан тул одоо хийгдэж буй энэхүү ангид үзэгчид өндөр хүлээлт үүсгээд байгаа юм. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт уг киноны гол дүрийг бүтээж буй жүжигчин Tom Holland зураг авалтын үеэрх зургаасаа хуваалцжээ. Хүн-Аалзын өмсгөл дээрээ амны хаалт зүүсэн зургаа тэрээр "Амны хаалтаа зүүцгээгээрэй, би бүр хоёрыг ч зүүж байна" гэх тайлбартайгаар нийтэлсэн байна. 

Та ч мөн өөрийнхөө болон эргэн тойрныхоо хүмүүсийн эрүүл, аюулгүй байдлыг бодоод амны хаалт зүүхээ бүү мартаарай. 

CL НАЙЗ ЗАЛУУТАЙ БОЛСОН УУ?

Одоо ч "Кпопын хатад"-ийн нэг хэмээгддэг реппэр CL өнгөрсөн сард урлагийн ертөнцөд ахин хөл тавьсан билээ. Солонгос өв соёлыг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан “HWA”, дурлалд умбасан өдрүүдийн гайхамшгийг хайр үнэртэм байдлаар дүрсэлсэн “5 Stars” зэрэг шинэхэн уран бүтээлүүд нь өдгөө тун амжилттай явж буй юм.

Өнгөрсөн долоо хоногт дуучин бүсгүй маань “5 Stars” дууныхаа албан ёсны клипийг цацсан нь шүтэн бишрэгчдийнх хувьд маш том гэнэтийн бэлэг байлаа. Тэрээр уг клипэндээ реппэр Christian Yu буюу DPR Ian-тай хамтран тоглосон нь тэднийг жинхэнэ амьдрал дээрээ ч дотно харилцаатай эсэх талаар эргэлзээ төрүүлсэн юм. Одоогоор аль аль талаас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ажээ.

Түүний “5 Stars” дууны клипийг эндээс хүлээн авч сонсоно уу.

ДУУЧИН ЦЭЛМҮҮНИЙ ЭНЭ САРЫН УРИА ҮГ

“Universe Best Songs” нэвтрүүлгээс төрөн гарч олноо танигдсан дуучин, жүжигчин Цэлмүүн Нийгмийн Эрүүл Мэндийн Ухааны чиглэлээр докторын зэргээ хамгаалаад удаагүй байгаа билээ. Авьяас, оюун билэг хийгээд гоо үзэсгэлэнг хослуулж чадсан бүсгүй маань Инстаграм хуудаснаа Bianca Sparacino-гийн хэлсэн үгээр гарчигласан зургаа хуваалцсан байна.

Түүний энэ сарынхаа уриа болгон сонгосон үгийг хөрвүүлбээс:

- “Халамжтай нэгэн бай. Хүчин чармайлт гаргаж, ямар ч эргэлзээгүйгээр хайрладаг нэгэн бай. Бүгдийг өөртөө тээж, мэдрэмжийнхээ гүнээс эсвэл итгэл найдварынхаа хүчнээс хэзээ ч ухарч цуцдаггүй нэгэн бай. Дэлхий ертөнцийн аядуу зөөлөнд, өрөөлийн сайн сайханд, нээлттэй, чөлөөтэй, итгэл даам байхын үзэсгэлэн гоод итгэдэг нэгэн бай. Боломжийг ашигладаг, нуугдаж зугтахаас татгалздаг нэгэн бай. Хорвоо ертөнц өөрт нь сайхан хандаагүй ч аядуу зөөлөн чанараа хадгалан үлдсэн нэгнээс хүчирхэг зүйл гэж үгүй. Тиймээс халамжтай нэгэн бай хэмээн хэлэхэд минь надад итгээрэй"

ХОТУЛУН ГҮНЖ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛНА

Бидний түүхэнд бахархаж бахдаж ханамгүй мэргэн ухаант гүнж, хатад цөөнгүй бий. Тэдгээрийн нэг нь Өгөөдэй хааны гуч, олноо Хотулун хэмээн алдаршсан Сарангэрэлт гүнж яахын аргагүй багтдаг. Тэгвэл эцэст нь Хотулун гүнжийн тухай кино дэлгэцнээ амилахаар болжээ!

Уг киноны гол дүрд буюу Хотулун гүнжийн дүрд жүжигчин М. Цэрэндолгор тоглож буй бөгөөд тэрээр дээрх зургийг Инстаграм хуудаснаа хуваалцсан байна. “Монгол мохошгүй” уриатай киноны маань тийсер бичлэг ч мөн цацагдаад амжжээ. Одоо хүлээх үлдлээ!

АНУ-ЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд болж өнгөрсөн хамгийн том үйл явдлуудын нэг бол яах аргагүй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Олон хүний амьсгаа даран хүлээсэн сонгуулийн хариу эцэст нь гарч Joe Biden АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол Kamala Harris дэд Ерөнхийлөгчөөр томилогджээ.

Ингэснээр Kamala Harris АНУ-ын түүхэн дэх анхны өнгөт арьстай, эмэгтэй дэд Ерөнхийлөгч болж буй юм. Тэрээр албан үүргээ хүлээж авсныхаа дараа дараах нийтлэлийг Инстаграм хуудаснаа хуваалцжээ.

“Би энэ үүргийг хүлээж буй анхны эмэгтэй байж болох ч сүүлчийнх нь биш байх болно. Учир нь өнөө орой болж буй энэхүү үйл явдлыг зурагтаар үзэж байгаа бүхий л охид АНУ бол боломж бололцоогоор дүүрэн орон гэдгийг харж байна”.

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ НЬ ХУВИА ХИЧЭЭЖ БУЙ ХЭРЭГ БИШ!

Сошиал медиа ч, бидний өдөр тутмын амьдрал ч үргэлж гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг. Өнгөрсөн долоо хоногт сошиал медиа маш олон хүний хувьд багагүй стресстэй орчин байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ та их стрессдэж бухимдсан бол өөртөө бага ч атугай амралт олгохоо бүү мартаарай. 

Өөрийгөө хайрлах, өөртөө цаг гаргах нь хувиа хичээж эсвэл үр бүтээлгүй байгаа хэрэг огт биш шүү! Өөрийгөө эерэг энергиэр сайтар цэнэглэж аваад шинэ долоо хоногоо эрч хүчтэйгээр угтаарай! Дараа долоо хоногт Инстаграмын шинэхэн сонин хачинтайгаар уулзацгаая!

#Өнгөрсөн долоо хоног Инстаграмд