Кпопын эргэн тойронд: G-Dragon бие даасан цомгоо гаргана


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-11-09

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

КПОПЫГ БАЙЛДАН ДАГУУЛАГЧ G-DRAGON

YG энтертайнментийн 2020 оны төлөвлөгөөнд BIGBANG хамтлагийн шинэ уран бүтээл багтсан боловч энэ оны сүүлээр G-Dragon бие даасан цомог гаргахаар болжээ. Ийнхүү БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Кпопын хаан G-Dragon” гэсэн гарчиг бүхий нийтлэлүүд нийтлэгдэж эхэлсэн байна.

YG энтертайнментаас энэхүү мэдэгдлийг хийсний дараа Твиттерт гурван зуун мянга гаруй хүн энэ талаар жиргэсэн төдийгүй хэдхэн цагийн дотор BIGBANG хамтлагийн нэр Твиттерт трэнд болсон байна.

Үүгээр ч зогсохгүй G-Dragon-ий нэр Өмнөд Солонгосын Melon болон Naver сайтын хайлтыг тэргүүлж, БНХАУ-д 24 цагийн дотор түүний талаар 300,000,000 гаруй хаштагууд ашиглагдаж, хятад сайтуудын хайлтад Quan Zhilong (G-Dragon) гэх нэр тэргүүлж эхэлжээ.

BIGBANG хамтлаг хамгийн сүүлд 2018 онд "Flower Road" хэмээх дуу гаргасан бол G-Dragon 2017 онд "Kwon Ji Yong" хэмээх богино хэмжээний /EP/ цомгоо гаргасан юм.

JISUNG ХАМТЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ЗАВСАРЛАГА АВЛАА

NCT хамтлагийн гишүүн Jisung өвдгөндөө бэртэл авсан тул хамтлагийн үйл ажиллагаанаас завсарлага авсан байна.

Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр SM энтертайнментаас дараах мэдэгдлийг хийжээ. Үүнд:

- “Хамтлагийн гишүүн Jisung өнгөрсөн жилийн бэлтгэлийн үеэр өвгөндөө бэртэл авсан учраас эмчилгээ хийлгэж байгаа. Одоогийн байдлаар хэт их хөдөлгөөн хийх, цаашлаад тайзан дээр гарах боломжгүй. Тиймээс Jisung бидэнтэй ярилцан хамтлагийн цаашдын үйл ажиллагаанаас завсарлага авахаар шийдлээ” гэжээ. 

Ташрамд дурдахад NCT хамтлаг саяхан "From Home" нэртэй шинэ уран бүтээлээ олны хүртээл болгосон юм.

WOODZ ЦОМОГ ГАРГАНА

X1 хамтлагийн гишүүн асан Jo Seung Youn буюу WOODZ энэ сард мини цомог гаргахаар болсон байна.

Allkpop сайтын мэдээлснээр WOODZ хоёр дахь мини цомгоо энэ сарын 17-ны өдөр олны хүртээл болгохоор төлөвлөжээ. Тэрээр энэ оны зургадугаар сард "Equal" хэмээх цомог гаргасан бөгөөд X1 хамтлаг тарснаас хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй цөөн хэдэн гишүүдийн нэг юм.

NICHKHUN КИНОНД ТОГЛОНО

2PM хамтлагийн гишүүн Nichkhun Холливудын "Hong Kong Love Story" хэмээх кинонд гол дүр бүтээхээр болжээ.

АНУ-ын нэрт найруулагч Keoni Waxman-ий найруулж буй уг кинонд Nichkhun, Byron Mann нар чинээлэг айлын хүүхдүүдийн дүрд тоглох бол эмэгтэй гол дүрээр жүжигчин Dominika Kachlik сонгогджээ.

BTS ХАМТЛАГ "MELON MUSIC AWARDS 2020" НААДАМД ОРОЛЦОНО

Өмнөд Солонгосын томоохон хөгжмийн наадмуудын нэг болох "Melon Music Awards"-ийн энэ жилийн ёслолын үйл ажиллагаанд BTS хамтлаг оролцохоор болжээ.

Уг наадам нь арванхоёрдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулагдах юм байна.

Ташрам дурдахад, BTS хамтлаг 2019 оны "Melon Music Awards"-аас нийт найман шагнал хүртсэн бөгөөд үүнд тус наадмын хамгийн нэр хүндтэйд тооцогдох “Шилдэг цомог”, “Шилдэг уран бүтээлч”, “Шилдэг дуу” болон “Оны Шилдэг Уран Бүтээлч” зэрэг шагналууд багтсан билээ.

VIXX ХАМТЛАГИЙН ГИШҮҮН N ГЭРЭЭГЭЭ СУНГАХГҮЙ

Jellyfish энтертайнментаас VIXX хамтлагийн ахлагч N цаашид гэрээгээ сунгахгүй талаар мэдэгджээ. Тус энтертайнметаас:

- “Сайн байцгаана уу. Jellyfish энтертайнментаас мэндчилж байна. Юун түрүүнд VIXX хамтлагийг дэмжиж хайрладаг шүтэн бишрэгчдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Аравдугаар сарын 31-ний өдөр VIXX хамтлагийн гишүүн N-тэй хийсэн гэрээний хугацаа дууссан. Бид удаан хугацаанд хэлэлцсэний эцэст гэрээгээ шинэчлэхгүй гэсэн шийдвэрийг нь хүндэтгэхээр шийдлээ. Хэдий тийм боловч тэрээр найман жилийн турш VIXX хамтлагаар овоглож ирсэн тул хамтлагийн цаашдын үйл ажиллагаанд оролцох болно.

Бидэнтэй урт удаан хугацаанд хамтран ажиллаж, итгэл хүлээлгэж байсан N-д талархал илэрхийлэхийн сацуу түүний цаашдын үйл ажиллагааг нь чин сэтгэлээсээ дэмжинэ гэдгээ мэдэгдэж байна. 

Та бүхэн цаашид N-ийн цоо шинэхэн эхлэлийг нь дэмжвэл чин сэтгэлээсээ талархах болно”.

N 2012 онд VIXX хамтлагийн гишүүн болж урлагийн ертөнцөд хөл тавьжээ. Тус хамтлагийн гэрээний хугацаа энэ оны эхээр дууссан боловч ихэнх гишүүд нь гэрээгээ сунгасан байна. Харин N тухайн үед цэргийн алба хааж байсан тул аравдугаар сард гэрээний хугацаа нь дуусжээ. Одоогоор Leo, Ken, Hyuk нар Jellyfish энтертайнментэд харьяалагдаж байгаа бол Ravi өөрийн энтертайнментийг байгуулсан ч хамтлагийн үйл ажиллагаанд оролцож байгаа аж. Харин наймдугаар сард тус хамтлагийн гишүүн Hongbin хамтлагаасаа гарсан юм.

Эх сурвалж: Allkpop

#Кпопын эргэн тойронд