Таны гоо сайхны цүнхэнд ХУГАЦАА НЬ ДУУССАН бүтээгдэхүүн байгаа юм биш биз?


Миау | YOLO.MN
2020-11-05

Та гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа, хэрэглэж байх явцдаа хадгалах хугацааг нь шалгадаг уу? Дийлэнх бүсгүйчүүд шалгадаггүй л болов уу. Хэчнээн үнэтэй, чанартай брэндийн бүтээгдэхүүн байлаа ч хадгалах хугацаа нь хэтэрсэн л бол таны арьсанд эерэг үр нөлөө үзүүлэхээс илүүтэйгээр харшил болоод бусад асуудлуудыг үүсгэх эрсдэлтэй байдаг. Ингээд гоо сайхны бүтээгдэхүүнийг хэдий хугацааны туршид хадгалдаг талаарх мэдээллийг багцлан хүргэж байгааг хүлээн авна уу. 

ХАДГАЛАХ ХУГАЦААГ ШАЛГАХ НЬ

Гоо сайхны дийлэнх бүтээгдэхүүний шошгон дээр тухайн бүтээгдэхүүний задалснаас хойш хэдий хугацаанд хэрэглэж дуусах шаардлагатайг тэмдэглэсэн байдаг. Үүнд: 

  • 3M - Гурван сар
  • 6М - Зургаан сар
  • 9М - Есөн сар
  • 12М - Нэг жил
  • 24М - Хоёр жил
  • 36М - Гурван жил

Гэхдээ бид аливаа гоо сайхны бүтээгдэхүүнийг задлан хэрэглэчихээд дараа нь анх хэзээ задалснаа санадаг билүү? Бүдэг бадагхан санана уу гэхээс ер нь л санахгүй шүү. Тиймээс одооноос эхлээд шинэ бүтээгдэхүүн авсан бол шошгон дээр нь тухайн бүтээгдэхүүнээ хэдэн оны хэдэн сард задалсныг нь арилахгүйгээр тэмдэглэж хэвшээрэй. 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАДГАЛАХ ХУГАЦАА

Гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацаа бүтээгдэхүүний төрлөөс хамааран ялгаатай байна. Үүнд: 

БҮТЭЭГДЭХҮҮН ЗАДАЛСНААС ХОЙШ ХАДГАЛАХ ХУГАЦАА
Уруулын будаг 18-24 сар
Base, Primer 12-18 сар
Суурь крем, өө дарагч 12-18 сар
Нунтаг бүтээгдэхүүн 12-18 сар
Уруул өнгөлөгч 12-18 сар
Сормуусны будаг 3-6 сар
Шингэн контур 3-6 сар

*Нунтаг бүтээгдэхүүнд пудр, хацар өнгөлөгч, гэрэл, сүүдэр, нүдний тень зэрэг хамаарна. 

Гэхдээ нэг зүйлийг мартчихсан юм биш биз? Өө, тийм! Та нүүрээ их буддаг ч бай, бага буддаг ч бай суурь крем түрхдэг порлон болон нүүр будалтын багсыг 2 долоо хоног тутамд угааж занших хэрэгтэй. Нүүр будалтын багсанд хадгалалтын хугацаа заагдаагүй байдаг учир багсаа сайтар арчилж чадвал удаан хугацаанд хэрэглэх боломжтой гэсэн үг. 

Харин үс нь унасан, бүтээгдэхүүн түрхэхэд харшил өгсөн зэрэг тохиолдолд багсаа хаях цаг нь болж ээ гэж ойлгож болох юм. Яг л нүүрний багсны адил кошелёк буюу гоо сайхны цүнхээ ч мөн тогтмол угааж цэвэрлээрэй. 

ШУУД ХАЯ

Тухайн бүтээгдэхүүнээ маш үнэтэй авчихсан. Гэхдээ хэзээ задалснаа ч мартаж орхисон бол анхаараарай!!! Тухайн бүтээгдэхүүнд тань дараах шинж тэмдгүүд илэрсэн бол шуудхан хогийн саванд хий!

  • Хэрэглэхэд харшилсан
  • Бүтээгдэхүүн анх задлахад байснаас өөр өнгөтэй болсон
  • Бүтэц нь өөрчлөгдсөн. 

ХЭРХЭН ЗӨВ ХАДГАЛАХ ВЭ?

Аливаа бүтээгдэхүүнийг хадгалах хугацаанд нь хэрэглэж л байвал хаана ч хадгалж болно гэж ойлгодог юм биш биз? Тэгвэл энэ буруу шүү. Монголчууд бидний ихэнх нь гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ угаалгын өрөөндөө хадгалдаг. Гэвч угаалгын өрөө их бүгчим, чийгтэй байдаг тул зарим бүтээгдэхүүн шошгон дээр бичигдсэн хугацаанаасаа ч өмнө муудах тохиолдол бий. Тиймээс гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ нарны шууд тусгалаас хол, хуурай нөхцөлд хадгалаарай. Тухайлбал унтлагын өрөөндөө хадгалж болох юм. 

Зарим гоо сайхны мэргэжилтнүүд нэг удаагийн салфеткан маск, өдрийн тос, зовхины тос, нүүрний мист, хумсны будаг зэргийг хөргөгчний хамгийн дулаан хэмтэй хэсэгт буюу хаалган талд хадгалахыг зөвлөдөг. Гэхдээ бүр ном журмаар нь хадгалъя гэвэл зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн хадгалахад зориулагдсан хөргөгчинд хийж ч болох юм. 

Эх сурвалж: Health Line

#Гоо сайхан #Арьс арчилгаа #Зөвлөгөө