Одуудын ЖИНХЭНЭ ба ОЛОНД танигдсан нэр


Олны анхаарлыг шуудхан татдаг, аль эсвэл амархан цээжлэгддэг нэртэй байна гэдэг алдартнуудын хувьд их чухал. Тиймдээ ч зарим одод эцэг эхээс заяасан нэрээ бус өөрсдийн хоч, тайзны нэрээ илүүтэйгээр ашигладаг. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ залуусын шүтэн биширдэг алдартнуудын жинхэнэ нэр ба олонд танигдсан нэрсийг танилцуулж байна. 

GIGI HADID

Загвар өмсөгч Gigi Hadid анхны үрээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Тэгвэл түүний жинхэнэ нэрийг Jelena Noura Hadid гэдэг аж. 

Ээж Yolanda Hadid нь түүнийг бага байхад Gigi хэмээн өхөөрдөн дууддаг байсан гэнэ. Ингээд Gigi бага сургуулийн хоёрдугаар ангид ороход ангид нь өөрийнхтэй нь төстэй нэртэй охин байсан нь зарим нэг төөрөгдөл үүсгэсэн тул Gigi гэх хочоороо дуудуулж эхэлжээ. Үүнээс хойш тэрээр загварын шоу, ярилцлага зэрэгт Jelena нэрээ бус Gigi нэрээ ашиглах болсон байна. 

LANA DEL REY

Зуны оройн хөнгөн гуниг, агаарт хөвөх жигүүргүй дурлалыг Lana Del Rey-ээс илүүтэйгээр амилуулж чадах дуучин ховор. Харин нэрний тухайд бол бидний мэдэх Lana Del Rey нь түүний жинхэнэ нэр биш аж. 

Дуучин бүсгүйн жинхэнэ алдрыг Elizabeth Woolridge Grant хэмээдэг бөгөөд 25 нас хүртлээ Lizzy хэмээх хочоор дуудуулдаг байжээ. Харин үүнээс хойш Lana Del Rey гэх нэрээр олноо алдаршсан билээ. 

RM

“Уг амжилтыг тогтоосон анхны уран бүтээлч боллоо” гэх өгүүлбэр Өмнөд Солонгосын BTS хамтлагтай үргэлж хамт явдаг болсон. Тэд хоёр сарын өмнө олны хүртээл болгосон "Dynamite" дуугаараа Billboard-ийн "Шилдэг 100" жагсаалтыг хоёр ч удаа тэргүүлээд амжсан билээ. 

Харин тус хамтлагийн ахлагч, реппэр RM-ийн жинхэнэ нэрийг Kim Nam-Joon хэмээдэг аж. Тэрээр 2013 онд урлагийн гараагаа эхлэхдээ Rap Monster хэмээх тайзны нэртэй байсан хэдий ч 2017 оны арваннэгдүгээр сард RM болгон өөрчилжээ. Энэ тухайгаа тэрээр "Rap Monster гэх нэр намайг болоод бүтээж буй уран бүтээлийг маань төлөөлөхөө больсон тул Real Me буюу “Жинхэнэ би” гэх үгийн товчлолоор тайзны нэрээ сольсон" хэмээжээ. 

HALSEY

Ямар ч дууг өөрийн болгон дуулах чадвартайгаас гадна бүтээлч сэтгэлгээгээ хэзээ ч хязгаарладаггүй уран бүтээлчдийн нэг бол Halsey. Тэрээр авьяаслаг дуучнаас гадна хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч гэдгээрээ олонд сайшаагдсан нэгэн билээ. Тэгвэл “Closer”, “Bad at Love” болон “Without Me” дуунуудаараа алдартай энэ эмэгтэйн жинхэнэ нэрийг Ashley Nicolette Frangipane гэдэг. 

Шүтэн бишрэгчид нь түүний тайзны нэрийг Ashley гэх жинхэнэ нэрийнх нь анаграм хувилбар хэмээн таамаглаж байсан ч дуучин бүсгүй маань нэгэн ярилцлагынхаа үеэр уг нэрээ АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэг дэх гудамжны нэрээс санаа авсан тухайгаа хуваалцсан байна. Түүний найз нь Halsey гудамжинд амьдардаг байсан бөгөөд Ashley амралтынхаа өдрүүдийг тэнд дуу бичиж өнгөрөөдөг байжээ. 

LADY GAGA

Шинэ содон загвар, хачирхалтай гэмээр зүйлсийг туршихаас хэзээ ч эмээдэггүй дуучин Lady Gaga-г бид сайн мэднэ. “Bad Romance”, “Poker Face”-ээс эхлээд “Sour Candy”, “Rain on Me” зэрэг уран бүтээлүүдээрээ одоо ч бидний сонорыг мялаасаар байгаа дуучин маань мөн л жинхэнэ нэрээрээ тэр бүр дуудуулаад байдаггүй. 

Түүний жинхэнэ нэрийг Stefani Joanne Angelina Germanotta гэдэг. Тэрээр Gaga гэх хочоо Queen хамтлагийн "Radio Gaga" дуунаас санаа аван, уран бүтээл болохоосоо ч өмнө өөртөө өгсөн байна. 

VIN DIESEL

Зургийг нь харж, эсвэл нэрийг нь сонсох төдийд л хоолой нь сонсогддог жүжигчдийн нэг бол Vin Diesel. Тэрээр “Fast & Furious”, “The Pacifier” (2005) зэрэг тоглосон кино бүрээрээ сэтгэгдэл үлдээж чаддаг нэгэн. Харин түүний жинхэнэ нэрийг Mark Sinclair Vincent хэмээдэг гэнэ шүү!

RIHANNA

Одоогоор гоо сайхан болон дотуур хувцасны брэнддээ бүхий л анхаарлаа төвлөрүүлээд дуу хөгжмийн урлагаас "түр зуур" хөндийрчихсөн байгаа дуучин Rihanna-гийн жинхэнэ нэрийг Robyn Rihanna Fenty хэмээдэг. 

Харин гоо сайхны компаниа Fenty буюу овгоороо нэрлэсэн билээ. 

KAI

Урлагт хөл тавьсан цагаасаа хойш олны хайр хүндэтгэлийг хүлээсээр ирсэн EXO хамтлагийг та бүхэн “Growl”, “Love Shot” болон “Monster” зэрэг дуунуудаар нь андахгүй байх. Тус хамтлагийн дуучин Kai залуусын дунд сэтгэл татам байдал, хэний ч харцыг булаам дэгжин бүжгийн хөдөлгөөнөөрөө ихэд алдартай. Тэгвэл түүний жинхэнэ нэрийг Kim Jong-In гэдэг байна. 

NICKI MINAJ

Хип хоп хөгжмийн ертөнцөд эмэгтэй репперүүдийн стандартыг цоо шинэ түвшинд хүргэж чадсан нэгэн бол яах аргагүй Nicki Minaj билээ. Чадварлаг реппэр бүсгүйн жинхэнэ нэрийг Onika Tanya Minaj гэдэг. Nicki 2012 онд "The Guardian" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ нэрээ өөрөө сонгоогүй талаараа хуваалцсан байдаг. Өөрөөр хэлбэл түүний хамгийн анх гэрээ байгуулсан продакшны хамт олон нь түүний тайзны нэрийг "Nicki Minaj" хэмээн өгсөн бөгөөд тэрээр хэдий дургүй байсан ч эцэст нь зөвшөөрчээ. 

Тэрээр дэлхийн олон зуун сая хүнд тайзны нэрээрээ танигдсан ч гэр бүл, ойр дотнынхон нь Onika буюу жинхэнэ нэрээр нь дууддаг байна. 

CARDI B

Бүтэн хоёр сарын өмнө олны хүртээл болсон хэдий ч одоог хүртэл хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлсээр байгаа "WAP" дууны эздийн нэг, реппэр Cardi B-г бид сайн мэднэ. Өвөрмөц өнгө төрх, “хээгүй” гэмээр зан аашаараа бусдаас ялгардаг түүний жинхэнэ нэрийг Belcalis Almanzar хэмээдэг.

Эргэн тойрныхон нь түүнийг ухаан орохоос эхлээд Bacardi хэмээн дууддаг байсан бөгөөд одоогийн тайзны нэр нь энэхүү хочноос нь үүсэлтэй аж. 

ROSЕ БОЛОН LISA

Өнөөдөр Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг Blackpink-ийг мэдэхгүй залуус тун ховор. Тус хамтлагийн гол хоолой Rose Шинэ Зеланд улсад мэндэлсэн бөгөөд жинхэнэ нэрийг нь Roseanna Park хэмээдэг аж. Харин солонгос нэр нь Park Chae-Young билээ. 

Мөн тус хамтлагийн реппэр Lisa Тайланд улсад төрж өссөн бөгөөд эхээс заяасан нэрийг нь Pranpriya Manoban гэдэг. Монголчууд бидний дунд "нэр хүнддэх" гэдэг ойлголт байдаг шиг Тайланд улсад ч мөн үүнтэй төстэй ойлголт байдаг бөгөөд энэ шалтгааны улмаас Lisa-г бага байхад нь нэрийг нь Lalisa Manoban болгож өөрчилсөн байна. 

Харин тайзны нэр буюу Lisa нь Lalisa гэх нэрнээс нь үүдэлтэй юм. 

THE WEEKND

“The Hills”, “Blinding Lights” болон “Starboy” зэрэг хит дуунуудаараа алдартай түүний жинхэнэ нэр The Weeknd биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой биз. Тэгвэл түүний жинхэнэ нэрийг Abel Makkonen Tesfaye гэдэг аж. 

Abel 17 настайдаа ахлах сургуулиасаа гарч, уран бүтээлч болохоор гэрээсээ явахдаа тайзны нэрээ аль хэдийнэ бодоод олчихсон байсан гэдэг. Гэвч Канад улсад Weekend нэртэй хамтлаг байсан тул сүүлийн "e" үсгийг нь гээгээд The Weeknd болгожээ. 

TAEYANG

Өмнөд Солонгос улсын дийлэнх дуучид тайзны нэртэй байдаг. Мөн тэдгээр нэрс жинхэнэ нэр нь биш гэдэг нь илт байдаг тул хүмүүс ч тэр бүр андуураад байдаггүй. Жишээлбэл Bigbang хамтлагийн ахлагч G-Dragon, реппэр T.O.P нарын тайзны нэр харваас л жинхэнэ нэр нь байх боломжгүй. 

Гэвч тус хамтлагийн дуучин Taeyang-ийн тайзны нэрийг хүмүүс жинхэнэ нэр нь хэмээн андуурах нь олонтаа. Үнэндээ түүнийг Dong Young-Bae хэмээдэг бөгөөд Taeyang хэмээх тайзны нэр нь солонгосоор "нар" гэх утгатай ажээ. 

Сонирхуулан хэлэхэд Bigbang хамтлагийн ахлагч G-Dragon-ий жинхэнэ нэр Kwon Ji-Yong бол реппэр T.O.P-ийн жинхэнэ нэр Choi Seung-Hyung билээ! 

EMMA STONE

“La La Land” (2016), “Crazy, Stupid Love” (2011) болон “The Amazing Spider-Man” (2012) зэрэг бүтээлүүдээрээ үзэгч бидний сэтгэлд хоногшсон жүжигчин Emma Stone-ий жинхэнэ нэрийг Emily Jean Stone хэмээдэг аж. 

Түүнийг жүжигчин болох үед Холливудэд өөр нэгэн Emily Stone байсан тул нэрээ Emma Stone болгон өөрчилсөн байна. 

HWASA 

“Би тэгвэл шинэ стандартыг нь тогтоох болно” хэмээн итгэлтэй хэлж чаддаг, хэлсэн үгэндээ ч хүрдэг гайхалтай эмэгтэй уран бүтээлч бол Hwasa. Mamamoo хамтлагийн гишүүн тэрээр соло уран бүтээлүүдээ ч олны хүртээл болгоод амжсан нэгэн. Сонирхолтой нь түүний жинхэнэ нэрийг Ahn Hye-Jin хэмээдэг аж. 

#Алдартан #Нэр