Jay Park: Хүн бүрийн хажууд өөрийг нь ХЭЗЭЭ Ч ДЭМЖДЭГГҮЙ нэг хүн байдаг


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2020-11-03

AOMG болон H1ghr Music агентлагийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын хип хоп хөгжмийн томоохон төлөөлөгчдийн нэг Park Jae-beom буюу Jay Park "Cosmopolitan Korea" сэтгүүлд ярилцлага өгсөн бөгөөд залуу үеийнхэнд хандаж нөхөрлөлийн үнэ цэн болон мөнгөний тухай өөрийн туршлагаас хуваалцжээ. Ингээд та бүхэндээ реппэр Jay Park-ийн ярилцлагыг орчуулан хүргэж байгааг хүлээн авна уу. 


Cosmopolitan Korea: Ярилцлагын өмнөхөн танай компанийн ажилчидтай ярилцаж байхад бүгд л таныг их шаргуу ажилладаг болохоор байнга завгүй байдаг гэсэн. Таныг хэдийд нь унтаж амардаг юм бол гэж их гайхаж байсан шүү.

- Би цагийг үр дүнтэй зарцуулахыг хичээдэг. Өдөр бүр л шахуу цагийн хуваарьтай байдаг болохоор чөлөөт цаг гэж бараг гардаггүй. Гэхдээ мэдээж энэ их ажлын хажуугаар өөрийгөө сэргээх шаардлагатай болдог. Тиймээс YouTube болон спортын сувгууд үзэж эрч хүчээ сэлбэхийг хичээдэг. Яг л бусад хүмүүс шиг...

Cosmopolitan Korea: Таны шинэ цомгийн тухайд? 
- Тухайн үед Sik-K цэрэгт явах болсон учраас цомгийн ажлаа түргэвчлүүлэх шаардлага гарсан.  Цомог маань улаан, цэнхэр гэсэн хоёр хэсэгтэй. Улаан нь хүмүүсийн төдийлөн олж хараад байдаггүй хүчин чармайлт, шаргуу хөдөлмөрийг бэлгэдсэн бол цэнхэр өнгөөр хүмүүст халуун дулаан уур амьсгал мэдрүүлэхийг хичээсэн. Нэг ёсондоо шүтэн бишрэгчдэд зориулсан хэсэг гэж хэлж болно.


Cosmopolitan Korea: Цомог гаргахад хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?

- Бид цомгийн бүх зүйлийг гүн гүнзгий мэдэрч, анхаарахыг хичээсэн. Бүгд нэг нэгнийхээ давуу болон сул талыг олон харж, нөхөрсгөөр зөвлөж байсан  даа. Гэхдээ надад “нэг үеийн зааг болчихсон” юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл би багаасаа л New Jack Swing, Boom Bap төрлийн хөгжмийг сонсож өссөн болохоор энэ үеийн хип хоп хөгжим ойлгомжтой бас амархан санагддаг. Гэтэл Dong Hyun, Haon  хоёр луу дуунуудаа явуулахад тэд: “Ахаа, энэ тийм ч аятайхан санагдахгүй байна” гэж хэлсэн. Сүүлийн үеийн залуус хөгжмийн талаар нарийн мэдлэгтэй болж, сонсож байгаа, үзэж байгаа зүйлдээ өндөр шалгуур тавьдаг болсон. Тиймээс миний хөгжмийн хэв маяг хоцрогдсон юм шиг санагдсан.

Cosmopolitan Korea: Та реппэр Swings-тэй радио нэвтрүүлэгт оролцож байхдаа одоо үеийн реппэрүүдийн насны тухай ярьж байсан шүү дээ. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

- Би хөгшрөөд урлагийн ертөнцөөс холдсон ч хип хоп хөгжмөө орхихгүй, үргэлжлүүлэн хийсээр байх болно. Би компаниа хэрхэн томруулж, хип хоп хөгжмийг хэрхэн хөгжүүлэх вэ гэж байнга боддог. Үүнээс л уран бүтээлчдийн маань карьер хэр удаан үргэлжлэх нь шийдэгдэнэ. 


Cosmopolitan Korea: AOMG агентлаг кабелийн телевизийн сувгуудтай хамтарч шалгаруулалт хийсэн нь үнэхээр гэнэтийн зүйл болсон шүү.

- Хүмүүс нэвтрүүлэг хийхдээ хандалтад л санаа зовдог. Харин бидний хувьд хип хоп уран бүтээлчдийн амьдрал, хөшигний ард юу өрнөдгийг л харуулахыг хүссэн. Тиймээс уран бүтээлчдийг хүндэлдэг, өөрсдийн үзэл бодолдоо үнэнч байж чадах хүмүүстэй хамтран ажиллая гэж бодсон.

Cosmopolitan Korea: Би өмнө нь энэ асуултыг танаас бараг хоёр удаа асууж байсан байх. Гэхдээ таны хариулт үргэлж адилхан байдаг байсан. Тиймээс дахиад асууя. Хэрвээ танд 100,000 вонын дэвсгэрт дээр зургаа тавиулах санал ирвэл ямар төрлийн зураг авахуулах вэ? 

- Энэ асуултыг сонсох бүрд л таатай санагддаг. Дуучин хүн мөнгөн тэмдэгт дээр гарна гэж төсөөлөхөд бэрх юм. Гэхдээ бодит байдал дээр биелж ч магадгүй л дээ. Миний бодлоор мөнгөн дэвсгэрт дээр гарах Jay Park цаашид энтертайнментийн чиглэлээр бизнес эрхлэх шаардлагагүй, 50 60 нас хүрээд карьераа босгочихсон нэгэн байгаасай гэж бодож байна.


Cosmopolitan Korea: Хүмүүс үргэлж л өөрчлөгдөж байдаг. Гэхдээ та нэг зүйлд маш тууштай байх юм. Таны энэ зан их сонирхол татдаг.

- Би өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйлсийнхээ ачаар л өдий хүрсэн. Үнэт зүйлс минь надаас урвахгүй болохоор надад нэг ч удаа эргэж буцах шаардлага гарч байгаагүй. Заримдаа өөртөө итгэлгүй болчихсон үед бурхан надад бүх зүйл болно, бүтнэ гэдгийг харуулж байсан. Би энэ хүртэл явсандаа сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ энэ миний хязгаар юм бол би хүлээн зөвшөөрч чадна. Гэхдээ надад хийх зүйл их байгаа бол цаашдаа ч хичээсээр байх болно.

Cosmopolitan Korea: Сүүлийн үед та урлагийн салбараас зодог тайлах тухай их ярих болсон. Таны гол хийх ёстой ажил чинь уран бүтээлч биш гэж үү?

- Би хэдхэн жилийн дараа урлагаас хөндийрнө гэж мэдэгдсэн болохоос одоо ингээд зодог тайллаа гэж хэлж байгаагүй. Хэрвээ хийх ёстой зүйлээ бүгдийг нь хийсэн бол урлагийн ертөнцөөс гарахдаа юунд ч харамсахгүй гэж боддог. Намайг урлагаас зодог тайлна гэж хэлсний дараа хүмүүс “Чи үнэхээр мундаг хүн шүү дээ, яагаад вэ?” гэж их асууж байсан. Би зүгээр л хийх ёстой бүх зүйлээ хийгээд, цаашид уран бүтээлчээр биш продюсерээр ажиллана. Ер нь шинэ хамтлаг гаргаж ирэх бодолтой байгаа. 


Cosmopolitan Korea: Саяхнаас таныг залуу уран бүтээлчдэд зөвлөгөө өгч, зарим дуучдын ментор хийж байгаа гэж сонссон. Таны ойрын үеийн төлөвлөгөө юу вэ?

- Миний Roc Nation агентлагтай хийсэн гэрээний хугацаа дуусаж байгаа. Гэрээгээ сунгах нь зөв шийдвэр боловч "COVID-19"-ийн улмаас Солонгостоо үлдэх хэрэгтэй байна. Тиймээс Солонгосын бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, суралцаж бас өөрийн чадах зүйлээрээ зөвлөе гэж бодож байна. 

Cosmopolitan Korea: Энэ жил манай сэтгүүлийн 20 жилийн тохиож байгаа. Та хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ?

- Хүмүүс ээ. Та нарын хажууд таныг хэзээ ч дэмждэггүй хүмүүс үргэлж байж байдаг. Үнэтэй машин унаж, тансаг зүйл хэрэглэх нь тийм ч чухал биш. Амьдралаас аз жаргалыг мэдрэх цаг хугацаа үнэхээр богинохон байдаг. Өөрөөр хэлбэл амьдралаасаа жаргал зовлонгоо хамтдаа туулах сайн найзаа олох нь л хамгийн чухал. Яг үнэндээ ялихгүй зүйл ярьж, танд хэзээ ч нөхөр болж чадахгүй хүнтэй зууралдах хэрэггүй. Би сайн хүнтэй таарвал харилцаагаа авч үлдэхийг үргэлж хичээдэг. Сайхан нөхөрлөлийг хадгалахын тулд маш их тэвчээр, ойлголцол, анхаарал шаарддаг. Таны амьдралын найз мөн л бол дээрх бэрхшээлийг хамтдаа даван туулж нэгнийгээ ойлгодог болох хэрэгтэй. Би мөнгөөр хүссэн бүх зүйлээ авч чадна гэвэл онгирсон юм шиг санагдах байх. Гэхдээ өнөөдрийг хүртэл олон хүмүүстэй уулзаж, янз бүрийн нөхцөл байдлыг даван туулсан. Эцэст нь сайн хүнийг мөнгөөр худалдаж авч болдоггүй гэдгийг л ойлгосон. 

#Kpop #Jay Park