"Vagabond" цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-10-28

Бид өмнөх удаагийн дугаарт “BLACKPINK: Light Up the Sky” киноны талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа адал явдалт, тулаант төрлийн кинонд дуртай уншигчдадаа зориулан “Vagabond” цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 8.3/10

Киноны үнэлгээ /Asianwiki/: 88%

Эхний анги цацагдсан огноо: 2019 оны есдүгээр сарын 20

Нийт ангийн тоо: 16

Үйл явдал: Cha Dal Geon бол сэтгэлийнхээ угт алдартай жүжигчин болохыг хүсдэг ч дүүгээ тэжээхийн тулд орлон тоглогчоор ажилладаг залуу. Нэгэн өдөр дүү нь тэмцээнд оролцохоор Марокко улсыг зориход сууж явсан онгоц нь барьцаалагдан харамсалтайгаар нас бардаг. Ийнхүү Dal Geon дүүгийнхээ өшөөг авах даалгаврынхаа үеэр тагнуулч бүсгүй Go Hae Ri-тэй танилцсанаар киноны гол үйл явдал өрнөнө. 

АНХ ДУУЧИД БАЙСАН

Киноны гол дүрийн жүжигчид кино урлагийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө хоёул дуучин байсан. Жүжигчин Lee Seung Gi-гийн хувьд кинонд тоглохоосоо өмнө буюу 2004 онд “Because You’re My Woman” нэртэй дуугаараа олонд танигдаж байв. 

Харин Bae Suzy 2010 онд “Miss A” хамтлагийн гишүүнээр элссэн билээ.

АРД ТҮМНИЙ АНХНЫ ХАЙР

Дуучин Bae Suzy “Architecture 101” (2012) кинонд нэгэн залуугийн анхны хайрын дүрд тоглон, гэнэн хонгор төрхөөрөө үзэгчдийн сэтгэлийг булаасан. Улмаар улсдаа “Ард түмний анхны хайр” хэмээх хүндэт цолийг хүртэх болсон билээ. 

Мөн тэрээр "Vagabond" цувралд тоглохынхоо өмнөх хоёр жилд ямар ч уран бүтээл гаргаагүй, ямар ч уран бүтээлд оролцоогүй байсан тул түүнийг энэхүү цувралд тоглоно гэсэн мэдээлэл гарсан даруйд цахим ертөнцөд “Ард түмний анхны хайр эргэн ирлээ” хэмээх үг трэнд болсон юм.

ӨНДӨР ӨРТГӨӨР БҮТСЭН

"Vagabond" (2019) нь Өмнөд Солонгос улсын хамгийн өндөр өртгөөр бүтсэн цувралуудын жагсаалтын гуравдугаарт бичигддэг. Тухайлбал уг цуврал нийт 25 тэрбум вон /монгол мөнгөөр 63 гаруй тэрбум төгрөг/-ын өртгөөр бүтсэн аж. 

НАСНЫ ЗӨРҮҮ

Цувралд тоглосон жүжигчид хоорондоо насны зөрүү ихтэй. Жишээлбэл гол дүрийн жүжигчид болох Lee Seung Gi болон Bae Suzy нар хоорондоо долоон насны зөрүүтэй юм.

ОРЛОН ТОГЛОГЧГҮЙГЭЭР...

Энэхүү цувралд аюул, эрсдэл бүхий тулааны маш олон хэсгүүд гардаг. Тэгвэл жүжигчин Lee Seung Gi  эдгээр хэсгүүдийн зураг авалтад өөрийн биеэр буюу орлон тоглогчгүйгээр оролцсон аж. Өндрөөс унах, машины араас зүүгдэх, байшин дээрээс үсрэх зэрэг маш аюултай үзэгдлүүдэд өөрөө тоглосноос гадна ихэнх хэсгийг ганц удаагийн зураг авалтаар л гүйцэтгэсэн гэдэг. 

ДАХИН ХАМТРАЛ

Гол дүрийн жүжигчид маань өмнө нь “Gu Family Book” (2013) хэмээх түүхэн, зөгнөлт төрөл жанрын цувралын гол дүрүүдийг бүтээж байсан. Ийнхүү бүтэн зургаан жилийн дараа дахин нэг цувралын гол дүрийг бүтээсэн бөгөөд үзэгчид ч үүнийг нь эерэгээр хүлээн авсан билээ. 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Цуврал маш учир битүүлэг байдлаар төгсдөг. Кино багийнхан зангилаа нь тайлагдаагүй олон асуултуудыг үзэгчдэд үлдээсэн тул үзэгчид уг цувралын үргэлжлэл гарах нь баттай хэмээн таамагладаг. Гэсэн хэдий ч кино багийнхны зүгээс энэ талаар албан ёсны мэдэгдэл хараахан хийгээгүй байгаа билээ. Мөн ихэнх олон ангит солонгос киноны үйл явдал ганцхан бүлэг үргэлжлэн төгсдөг тул зарим үзэгчдийн хүлээлт талаар болоод эхэлсэн гэдэг. 

Эх сурвалж: Nate, AllKpop

#Бидний мэдэхгүй баримтууд #Vagabond