Найруулагч Tim Burton “The Addams Family” цувралыг найруулна


Миау | YOLO.MN
2020-10-26

АНУ-ын нэрт кино бүтээгч Tim Burton “The Addams Family” киноны шинэчилсэн хувилбар дээр ажиллах нь батлагдлаа. Ингээд YOLO.mn сайтын уншигч та бүхэндээ энэхүү баярт үйл явдалтай холбоотой мэдээллүүдийг тоймлон хүргэе.

Анх 1938 онд хүүхэлдэйн кино зураач Charles Addams аав Gomez, ээж Morticia, охин Wednesday, хүү Pugsley, авга Fester, эмээ Grandmama нараас бүрдэх Addams-ийн гэр бүлийнхний тухай хүүхэлдэйн киног бүтээж байжээ. Энэхүү бүтээл үзэгчдэд ихэд таалагдсан тул 1964 онд 64 анги бүхий ситком цуврал, 1973 онд 16 анги бүхий ситком цуврал, 1991 онд бүрэн хэмжээний кино, 1992 онд 21 анги бүхий цуврал анимэйшн, 2019 онд бүрэн хэмжээний анимэйшн хувилбараар тус тус дахин бүтээсэн байдаг. 

"The Addams Family" хүүхэлдэйн кино, 1938 он.
"The Addams Family" ситком цуврал, 1964 он.
"The Addams Family" бүрэн хэмжээний кино, 1991 он.

"The Addams Family" цуврал анимэйшн, 1992 он.
"The Addams Family" бүрэн хэмжээний анимэйшн, 2019 он.

Харин найруулагч Tim Burton нь “Beetlejuice” (1988), “Batman” (1989), “Edward Scissorhands” (1990), “The Nightmare Before Christmas” (1993), “Corpse Bride” (2005), “Charlie and the Chocolate Factory” (2005) зэрэг бидний мэдэх олон алдартай дэлгэцийн бүтээлүүд дээр ажиллаж байсан туршлагатай найруулагч, продюсер юм. Тэрээр Америкчуудын амьдралыг чимх хошигнол болон бараан өнгө аястай хослуулан, маш өвөрмөц байдлаар харуулж чаддагаараа онцлог. Өөрөөр хэлбэл "The Addams Family" киноны өнгө аястай төстэй олон ч бүтээлүүд дээр ажилласан туршлагатай нэгэн. Харамсалтай нь тэрээр хамгийн сүүлд “Disney” кино компанийн “Dumbo” (1941) хүүхэлдэйн киног найруулснаар түүний карьер уналтад орсон гэж хэлж болно.

Тиймээс кино шүүмжлэгчид яг л “өөрийнх нь стилийн юм шиг” энэхүү цуврал түүний карьерийг сэргээж чадна хэмээн үзээд байгаа юм. Tim Burton уг цувралын ерөнхий продюсерээр ажиллахаас гадна бүх ангийнх нь найруулагчаар ажиллах өндөр магадлалтай байна. Мөн одоогоор уг бүтээлийг аль видео стрийминг үйлчилгээнд байршуулах нь тодорхой болоогүй байгаа ч хамгийн боломжит хувилбар нь “Netflix” байгаа билээ.

Цувралд ямар жүжигчид тоглох талаар мэдээлэл мөн л гараагүй байгаа ч алдарт найруулагчийн маань байнгын хамтрагчид болох жүжигчин Johnny Depp, Helena Bonham-Carter, Winona Ryder, Eva Green нар тоглох өндөр магадлалтай гэж үзэж байна.

Эх сурвалж: Screen Rant

#The Addams Family #Tim Burton