Өнгөрсөн долоо хоногт Инстаграмд: Sanjaadroj, BTS, The Weeknd


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-10-26

Шинэхэн долоо хоног эхэлж, бас нэгэн даваа гарагтай золгосон хэр нь өнгөрсөн өдрүүдийнхээ сонин хачинтай танилцаж амжаагүй юм биш биз? Тэгвэл YOLO.mn сайтын зүгээс та бүхэндээ зориулан өнгөрсөн долоо хоногт Инстаграм орчинд болсон онцлох үйл явдлуудын тоймыг хүргэж байна!

THE WEEKND - ШИНЭХЭН УУР АМЬСГАЛ

Өвөрмөц хоолой, сонирхолтой санаа бүхий уран бүтээлүүдээрээ олны хайрыг хүртсэн дуучин The Weeknd-ийг та бүхэн “Starboy”, “Blinding Lights” болон “The Hills” дуунуудаар нь сайн мэдэх биз ээ.

Тэгвэл дуучин маань өнгөрсөн долоо хоногт өөрийн цоо шинэ уран бүтээл болох “Too Late” дууныхаа клипийг цацжээ.

"Юу болоод өнгөрчихөв өө?" гэх сэтгэгдэл төрүүлэм уур амьсгалтай уг клип нь "Halloween"-ний баяр тохиож буй энэ сард зориулагдсан мэт.

Ингээд “Too Late” дууны клипийг хүлээн авна уу.

МИНИЙ ХӨГШЧҮҮЛ ОДОО...

“Маскаа зүүе, гараа угаая” бүх нийтийн аянд комедиан Б. Батбилэг буюу Батаа ч  бас нэгджээ!

- “Миний хөгшчүүл одоо маскаа зүүе, гараа угаая. Олон нийтийн газраар явахдаа бид маскаа зүүж хэвшвэл зөвхөн коронавирус гэлтгүй өөр бусад ханиад томууны өвчнөөс ч сэргийлнэ дээ”

Та ч бас амны хаалтаа зүүж байгаа биз дээ?

BTS ХАМТЛАГИЙН ЭХЛЭЛ БА ТӨГСГӨЛ: BE

Өмнөд Солонгосын хөгжмийн урлагийг цоо шинэ төвшинд авчирч чадсан хөвгүүдийн хамтлаг BTS тун удахгүй шинэхэн цомгоороо эргэн ирэхээр болжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт албан ёсны Инстаграм хуудсаараа дамжуулан шинэхэн цомгийнхоо тийсер зургийг цацсан юм.

“BE” нэртэй шинэхэн цомог нь ирэх сарын 20-ны өдөр олны хүртээл болох бөгөөд хамтлагийн гишүүд уг цомогтоо хамгийн ихээр гар бие оролцсон тул шүтэн бишрэгчдийнх нь дунд багагүй хүлээлт үүсээд байгаа ажээ.

Тэдний Billboard-ийн жагсаалтыг одоо ч тэргүүлсээр буй “Dynamite” дууг эндээс хүлээн авч сонсоорой.

НОМИНГУУД

Өнгөрсөн долоо хоногт “Төлөөс” МУСК нээлтээ хийсэн билээ. Тэгвэл тус киноны нээлтийн үеэрх зургаас жүжигчин З. Онон буюу Ооноо Инстаграм хуудаснаа хуваалцжээ.

Ингэхдээ жүжигчин маань өөртөө сонирхолтой санагдсан давхцлыг ч мөн хуваалцаад амжсан нь гурван Номингийн давхцал байв. Анзаараад харвал уг зурагт гурван Номин буй аж:

- "Төлөөс" киноны Номин
- Жинхэнэ нэр - Номин
- "Бүтэн амьдрал" киноны Номин.

LAUV & CONAN

Дуучин Lauv, Conan нарын “Fake” дуу бол хүн бүрийн сонсохыг хүсэж байсан ч биеллээ олно гэж хэзээ ч төсөөлж яваагүй хамтрал байлаа. Дуучид маань энэ сарын 14-ний өдөр албан ёсоор цацагдсан уг уран бүтээлээ “Jimmy Kimmel Live” нэвтрүүлгийн өнгөрсөн долоо хоногийн дугаарт толилуулжээ. 

Ингээд “Fake” дууг хүргэж байна. 

"БИ ЛАВ ШИКИМАРҮ БАЙСАН БОЛ..."

“Punk & Rap” хамтлагийн реппэр, Youtuber Санжаа буюу Ц. Санжаадоржийн өнгөрсөн долоо хоногт Инстаграмдаа нийтэлсэн нэгэн зураг нь олон залууст хүүхэд насыг нь сануулаад амжсан юм.

Z болон миллениал үеийнхэн дунд амралтын өдөр байсан ч өглөөний 09:00 цагт босоод "Naruto: Shippuden" үзэн суудаг байсан хүмүүс цөөнгүй байдаг биз ээ. Тиймдээ ч “Хэрэв би Шикамарү байсан бол Акацүкид нэгдэх байсан” гэх тайлбартай уг зураг олон ч залуусын сэтгэлд “дотно” санагдсан бололтой.

ӨӨРТӨӨ ДУРЛААРАЙ

Амьдралаа хамгийн жаргалтайгаар сэтгэл дүүрэн өнгөрөөх хамгийн анхны алхам бол өөрийгөө чин сэтгэлээсээ хайрлаж сурах. Хайртай дуугаа нандигнан сонсдог шигээ, дуртай номоо өөрөөсөө ч харамлан уншдаг шигээ, дурлалт нэгнээ хайрлан хайрлан үнсдэг шигээ өөртөө ч мөн дурлаарай!

Бүх зүйл танаас эхэлж, тан дээр л дуусах тул өөрийгөө хайраар дутааж болохгүй шүү! Өөрийгөө өршөөж, хайрлаж мөн хурцалж сурсан нэгэн үргэлж ялагч хэвээр байх болно гэдгийг бүү мартаарай.

“Чи өөртөө дурлах үед тоглоом шууд л дуусах болно”

Дараа долоо хоногт уулзталаа баяртай. Таны шинэхэн долоо хоног эрч хүч, аз жаргал, үр бүтээлээр дүүрэн байна хэмээн найдъя.

#Өнгөрсөн долоо хоног Инстаграмд