Кпопын эргэн тойронд: MAMAMOO хамтлагийн ахлагч Solar МОНГОЛ ГЕНТЭЙ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-10-26

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

MAMAMOO ХАМТЛАГИЙН АХЛАГЧ SOLAR МОНГОЛ ГЕНТЭЙ

MAMAMOO хамтлагийн ахлагч өөрийн ДНХ-ийн шинжилгээний хариуг шүтэн бишрэгчдэдээ дуулгасан байна.

Тэрээр аравдугаар сарын 22-ны өдөр Solarsido хэмээх YouTube сувагтаа “Би 100% Солонгос хүн биш юм байна” гэсэн гарчигтай бичлэг нийтэлжээ. Тэрээр удам угсаагаа олох YouWho хэмээх төлбөртэй нэвтрүүлэгт оролцсон аж. Ийнхүү өөрийн ДНХ-ийн шинжилгээний хариугаа шүтэн бишрэгчдэдээ уншиж өгчээ.

Түүний хариу нь:

  • 52.33%-Солонгос
  • 24.89% Япон
  • 17.78% Хятад
  • 2.55% нь Монгол
  • 2.4% нь Зүүн өмнөд Ази байсан бөгөөд 0.05% нь Африк гэж тогтоогджээ.

A.C.E ХАМТЛАГИЙН АРЫН АЛБАНЫ АЖИЛЧДААС КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ

Аравдугаар сарын 23-ны өдөр Beat Interactive энтертайнментаас A.C.E хамтлагийн коронавирусийн шинжилгээний үр дүнг нийтэд мэдээлсэн байна.

A.C.E хамтлагийн зураг авалтын талбайд ажилласан хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд A.C.E хамтлагийн таван гишүүн, хоёр менежер, хоёр үсчин "COVID-19"-ийн шинжилгээнд хамрагдсан байна.

Ийнхүү эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсан хэдий ч арваннэгдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл тусгаарлалтад орохоор болжээ. Тиймээс A.C.E хамтлаг ирэх долоо хоногийн бүх хуваариа цуцалсан байна.

CL "THE LATE SHOW WITH JAMES CORDEN" НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОНО

Кпоп ертөнцийн хамгийн нэр хүндтэй эмэгтэй дуучдын нэг CL эргэн ирнэ!

Тэрээр энэ сарын 29-ний өдөр шинэ уран бүтээлээ олны хүртээл болгохоор төлөвлөсөн бөгөөд "5STAR" эсвэл "H₩A" гэсэн хоёр тийсер зураг цацжээ.

Ийнхүү дуучин CL шинэ уран бүтээлээ өмнөд Солонгосын хөгжмийн нэвтрүүлгийн тайзан дээр биш "The Late Show with James Corden" нэвтрүүлгийн тайзнаа эгшиглүүлэхээр болсон байна. Тус дугаар нь аравдугаар сарын 29-нд буюу CL-ийн дуу цацагдах өдөр CBS телевизийн сувгаар гарах юм байна.

BEWHY ХУРИМАА ХИЙНЭ

Энэ жил 27 настай рэппер BewhY тун удахгүй хуримаа хийнэ гэдгээ шүтэн бишрэгчдэдээ мэдэгдлээ.

Тэрээр найз бүсгүйтэйгээ 8 жилийн турш үерхсэн бөгөөд ирэх арванхоёрдугаар сард гэрлэхээр болсон байна.

Түүний найз бүсгүй шүтэн бишрэгчдээс нь болоод цахим хаягуудаа устгасан тул BewhY өөрийн гараар захидал бичжээ. Захидалдаа гэрлэхээр болсон гэдгээ мэдэгдэж, найз бүсгүй рүү нь хараалын үг бичиж, элдвээр доромжилж байгаа хүмүүсийг энэ үйлдлээ зогсоохыг хүссэн байна.

Lee Byung-yoon буюу BewhY нь 1993 онд төрсөн бөгөөд "Sexy Street & Yello Music" багийн гишүүн юм. Түүний тайзны нэр нь BY байсан ч хожим BewhY болгож өөрчилжээ. Тэрээр "Show Me The Money – 5" нэвтрүүлэгт ялалт байгуулж, олны танил болсон аж.

2NE1 ХАМТЛАГИЙН MINZY ЭНТЕРТАЙНМЕНТ БАЙГУУЛЖЭЭ

2NE1 хамтлагийн гишүүн Minzy "MZ" нэртэй энтертайнмент байгуулсан байна.

Тэрээр аравдугаар сарын 22-ны өдөр өөрийн шинэ энтертайнментийн тухай мэдээлэл хийжээ. Үүнд:

- “Сайн байцгаана уу. MZ энтертайнмент мэндчилж байна.

MZ энтертайнмент өнөөдөр албан ёсоор байгуулагдсан гэдгийг та бүхэнд мэдэгдье. Уг энтертайнментыг дуучин Gong Minzy болон бизнес менежментийн мэргэжилтэн Gong Soon Yong нар хамтран байгуулсан болно” гэжээ.

Minzy 2009 онд 2NE1 хамтлагийн гишүүн болсноор урлагийн ертөнцөд хөл тавьсан аж. Тэрээр 2016 онд хамтлагаасаа гарсан бөгөөд Music Works энтертайнменттай гэрээ байгуулсан боловч тодорхой зөрчилдөөний улмаас шүүхэд хандаж, гэрээгээ цуцалж байжээ. Ийнхүү энэ онд өөрийн энтертайнментийг байгуулж, цаашид идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна.

LISA "MAC" ГОО САЙХНЫ БРЭНДИЙН НҮҮР ЦАРАЙ БОЛЖЭЭ

BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa дэлхийн шилдэг гоо сайхны брэнд болох "MAC" брэндийн олон улсын нүүр царай болсон байна.

Дэлхийн даяар 500 орчим салбар дэлгүүртэй, жилд нэг тэрбум ам.доллар эргэлддэг "MAC" гоо сайхны брэндийн албан ёсны цахим хаягт Lisa-гийн зураг байршсан бөгөөд тус брэндийн зүгээс “BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa MAC гоо сайхны брэндийн нүүр царай болсон гэдгийг мэдэгдэж байна” гэжээ.

Харин Lisa Billboard сайтад өгсөн ярилцлагадаа:

- “Дэлхийн томоохон загварын шоуны ард "MAC" брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн болон уран бүтээлчид нь ажиллаж байдаг болохоор энэ салбарын чиг хандлагыг тодорхойлоход тэргүүлэх зэргийн байр суурьтай брэнд гэж боддог. Ийм гайхалтай брэндтэй хамтран ажиллах нь нэр төрийн хэрэг юм. Би энэ аяллыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Ийнхүү Lisa MAC гоо сайхны брэндийн нүүр царай болсон анхны Кпоп эмэгтэй уран бүтээлч болжээ.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд