Дуучин Irene-ийн ЁС СУРТАХУУНГҮЙ байдал шүүмжлэлд өртлөө


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-10-23

Саяхан өмнөд Солонгосын урлагийн салбарт 15 жил зүтгэсэн стилист эмэгтэй цахим ертөнцөд Red Velvet хамтлагийн гишүүн Irene-ийн ёс суртахууны талаар бичиж шуугиан тарьсан байна.

SM энтертайнменттай хамтран ажиллаж байсан стилист Kang Kook Hwa Инстаграм хаягтаа дараах зүйлийг бичжээ. Үүнд:

- “Хоёр зуун тавин хүнтэй нислэгийг хойшлуулж чадсан Heather Cho-гийн тухай, TV Chosun телевизийн захирлын охин 50 настай жолоочоо харааж зүхсэн тухай нийтлэлүүдийг хар даа. "Яаж ийм хүн болж хүмүүждэг юм бол" гэсэн гүн бодолд автаж байсан би нэг хүнд гишгүүлж "дарамтын хохирогч" болчихсон.

Хүнээ байчихсан + инээмсэглэсэн баг зүүж амьдардаг хүүхэлдэй + найзуудынхаа хувьд бол халуун дулаан хүн гэж танигдсан + авах юмгүй зантай том болсон хүүхэд + анх уулзсан хүндээ л бүх муу муухай дутагдлаа харуулчихдаг нэгэн. Түүнтэй өнгөрүүлсэн 20 минут там шиг л байсан. Энэ хүн мэндийн ч зөрүүгүй суугаад гар утастай гараа миний нүүр лүү чиглүүлж доромжилж эхэлсэн. Тэр хүн сэтгэл хөдлөл ихтэй байсан болохоор өрөөнд байгаа бүх хүнд хэлсэн үү, надад хэлсэн үү гэдгийг нь ойлгоогүй. Гэхдээ тэр өдрийн бай нь би байсан. Би дотроо гайхсан, "бусад хүмүүс ч бас ийм зүйл мэдэрсэн болов уу?" гэж. Тэд ч гэсэн ингэж доромжлуулсан байх тийм үү? Түүний амнаас гарч байгаа хутга шиг үгс нь тасралтгүй урсаж байсан болохоор миний нүдэнд нулимс цийлгэнэж эхэлсэн. Нулимс минь урсахад ингэж уйлж байгаадаа ичих ч сөхөө байгаагүй. Би хэний төлөө юу хийж байгаа юм? Би үүнийг хийдэг хэн юм? Би юу хийхийг хүссэн билээ? Мөнгөний төлөө юу? Хэн нь намайг сонгосон юм? Өршөөл хүс гэсэн үү? Би яагаад ийм их доромжлол амсах ёстой юм?

Би тэр хүний гаргасан үйлдлийг бодоод бодоод ойлгоогүй. Тайвшраад хүний ёсоор тэр хүнтэй ярилцъя гэж бодсон. Тэгээд уучлалт гуйхыг хүссэн. Гэтэл тэр алга болчихсон байсан. Би болсон бүх үйл явдлыг дуу хураагуурт бичээд авчихсан. Тийм болохоор энэ хатагтайд арга хэмжээ авах ёстой байх. Би бол хэлсэн үгээ бүгдийг нь нотолно. Зохиолч, редактороор ажиллаж байсан хүний хувьд бүх эрч хүч, оюун санаагаа дайчлан ажиллуулахаар шийдлээ”.

Нийтэлсэн огноо: 2020.10.20

Энэ нийтлэлийн дараа өөр нэг стилист ийнхүү бичжээ. Тэрээр:

- “Энэ зүгээр тохиолдол эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ би түүнтэй гурван удаа уулзаж байсан. Эхлээд онгоцны буудал дээр уулзахад тэр гурван ажилтантайгаа хамт явж байсан юм. Тэр "Би заавал үүнийг хийх ёстой юм уу? Би энд суух ёстой юу?" гэж асуухад менежер нь суух хэрэгтэй гэсэн. Гэтэл буланд суугаад нэг стилистийнхээ духыг хуруугаараа түлхээд "Би чамайг сайн хийх эсэхийг чинь харсан шүү" гэж хэлсэн. Энэ үйл явдлыг хараад үнэхээр их цочирдсон. Миний бодлоор түүний эргэн тойрны хүмүүс энэ байдалд нь дассан юм шиг байсан.

Гэтэл тэр хүнтэй зураг авалтын талбайд дахиад л таарчихсан. Үнэхээр таарахыг хүсээгүй л дээ. Хоёр стилист түүний өмнө өвдөглөөд суучихсан гутлыг нь өмсүүлж байсан. Гэтэл тэр тэнцвэрээ алдахгүйн тулд стилистийнхээ үснээс зулгаасан. Би дахиад л цочирдсон. Уг нь сандал дээр суугаад гутлаа өмсчихвөл хэн хэндээ тухтай юм сан гэж бодоод л өнгөрсөн. Гурав дахь удаагаа хүлээлгийн өрөөнд уулзахад Irene-г сэрээх гэж байгаа стилистийг харсан юм. Тэр үнэхээр их айж байгаа нь илт байсан. Яг л сүнс харсан юм шиг. Гэхдээ Irene одоо болтол алдартай, амжилттай яваа хэвээрээ шүү дээ. Одоо л харин доошоо унаж байна уу? Би өөрийгөө илчлэх зориггүй бас надад нотлох баримт байхгүй л дээ. Гэхдээ би түүний төгсгөлийг хармаар байна. #Psycho #Monster” гэжээ.

SM энтертайнмент болон Irene нарын зүгээс уучлалт хүсэв

Ийнхүү аравдугаар сарын 22-ны өдөр, SM энтертайнментийн зүгээс стилистийн яриад байгаа хүн бол Irene гэдгийг хүлээн зөвшөөрч уучлалт хүссэн байна. Ингэхдээ:

- “SM энтертайнмент байна.

Бид стилист эмэгтэйн Irene-тэй холбоотой нийтлэлийн талаар мэдэгдэл хийж байна. Irene өнөөдөр энэ хүнтэй уулзаж өөрийн бодлогогүй зан, санамсаргүй хэлсэн үгсээсээ чин сэтгэлийн уучлалт гуйж, өөрийн ёс суртахуунгүй байдлаасаа маш их санаа зовж байгаагаа илэрхийлсэн.

Манай компани уран бүтээлчдийн ард ажилладаг хүмүүсийнхээ шаргуу хөдөлмөрийг хэзээ ч мартаж байгаагүй. Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд хичээнгүйлэн ажиллах болно. Бид олон хүмүүсийг санааг зовоосондоо дахин уучлалт гуйя”.

Ийнхүү Irene өөрийн Инстаграм хаягаараа дамжуулан уучлалт гуйжээ. Тэрээр:

- “Irene мэндчилж байна.

Би өөрийн тэнэг хандлага, ухаангүй хэлсэн үгсээрээ стиллистийг шархлуулсандаа чин сэтгэлээсээ уучлалт гуйя. Энэ хүртэл намайг дэмжиж, надтай хамтран ажилласан олон хүмүүс байсан боловч миний төлөвшөөгүй үйлдэл тэднийг шархлуулж байсанд маш их харамсаж байна. Би энэ үйл явдлаас болоод өнгөрсөн үеэ эргээд нэг харахад өөрийн ухамсаргүй үг, үйлдлээсээ маш их ичиж байна. Мөн ажилчид маань ямар чухал болохыг дахин мэдэрлээ.

Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд үг үйлдэлдээ илүү хянуур байх болно. Намайг дэмжиж байгаа шүтэн бишрэгчид болон үүнээс болж санаа нь зовсон бүх хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйя”.

SM энтертайнмент болон Irene нарын зүгээс уучлалт гуйсны дараа Kang Kook Hwa өөрийнхөө бичсэн зүйлийг устгаж, Инстаграм хаягаа идэвхгүй болгосон байна. Гэвч асуудал намжсангүй. Irene-тэй хамтарч ажиллаж байсан гэх өмнөх ажилчид нь #psycho #monster гэх хаштагийг ашиглаж Irene-гийн зан харилцааны тухай бичсээр л байгаа аж. Харин шүтэн бишрэгчдийн зүгээс цахим ертөнцөд бичиж байгаа үг бүхэн үнэн байх албагүй хэмээн Irene-г өмөөрчээ.

Мөн олон нийтийн зүгээс энэхүү асуудлыг хоёр талтай хүлээж авсан бөгөөд зарим нь үүнийг “залуу насны алдаа” гэж үзсэн бол зарим хэсэг нь түүнийг карьераа дуусгахыг шаардсан байна. Учир нь өөрөөсөө хавьгүй олон жил ажилласан хүмүүст хүндэтгэлгүй ханддаг хүн зурагтаар өөрийнх нь хүүхдэд үлгэр дуурайл үзүүлэх нь зохимжгүй үйлдэл гэх мэтээр бичжээ.

Kim Yong Ho сурвалжлагч Irene-гийн тухай дахин нэг таагүй дурсамжийг хуваалцав

Харин аравдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр сурвалжлагч Kim Yong Ho олон нийтэд Irene-гийн нэгэн таагүй үйлдлийн тухай ярьжээ. Kim Yong Ho сурвалжлагчийн таньдаг нэг стилист нь түүнд Irene өөрийг нь дээрэлхдэг байснаас болоод ажлаа орхисон тухайгаа ярьсан байна.

Irene стилистдээ дургүй байсан бөгөөд Irene-ийн хувцсыг янзлах гэхэд нь гарыг нь түлхэж муухай хардаг байсан аж. Үүгээр ч зогсохгүй гутлынхаа үдээсийг үдүүлэхийн тулд хөлөөрөө дохио өгдөг байв. Мөн хөлөө сандал дээр тавиад гутлаа үдүүлэхдээ өнөөх стилистийг өвдгөлж суугаад үд гэж тушаадаг байжээ.

Red Velvet хамтлаг шүтэн бишрэгчидтэйгээ уулзах уулзалтаа цуцлах хүсэлт өгчээ

Өнөөдөр Red Velvet хамтлаг "2020 K-Culture" наадмын үйл ажиллагаагаа цуцлах хүсэлт өгчээ.

Red Velvet хамтлаг уг наадмын албан ёсны төлөөлөгч бөгөөд энэ сарын 24-ний өдөр тус наадмаар дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ уулзах байсан аж. Харин SM энтертайнментийн зүгээс шүтэн бишрэгчдийн уулзалтыг цуцлах хүсэлт өгсөн гэж Allkpop сайтаас мэдээлсэн байна.

Kang Kook Hwa-гийн хийсэн мэдэгдлийн дараа урлагийн салбарт ажилладаг алдартай нүүр будагч, бүжиг дэглээч, стилист нар өөрсдийн мэдэх Irene-гийн тухай бичиж эхэлсэн байна.

Нүүр будагч Soo Kyung: “Irene бол сайн хүн”

Soo Kyung нэрээрээ олонд танигдсан алдартнуудын нүүр будагч өөрийн Инстаграмдаа дараах постыг хийжээ. Тэрээр:

- “Та нар надаас салон дээрээ очиход ямар нэг зүйл болж байсан эсэхийг сонирхож байгаа байх. Бид нэг салон дээр олон удаа очиход тэнд янз бүрийн яриа өрнөх нь мэдээжийн хэрэг. Бидний эергээр ярьдаг алдартнуудын нэг бол Irene.

Жилийн эцэст Irene арын албаны ажилчдад гараар бичсэн захидлын хамт витамин өгч байсан. Тэр талархлаа хэрхэн илэрхийлэхээ мэддэг шударга уран бүтээлчдийн нэг. Гэхдээ бэлэг бүх зүйлийг илэрхийлж чадахгүй нь үнэн. Баярлалаа гэж хэлдэг алдартан олон байдаггүй ч Irene үнэхээр сайхан харилцаатай болохоор арын албаныхан түүнд маш их дуртай. Үүсээд байгаа нөхцөл байдалд үнэхээр харамсаж байна. Яагаад гэвэл Irene бол сайн хүн. Тэр шүтэн бишрэгчдийнхээ хувьд ч сайн хүн гэдгээ мэдрүүлдэг. Би энэ богино тайлбарыг бичихдээ Irene-д бага ч атугай урам өгөхийг хүссэн юм. #Irene #BeStrong”

Мөн Red Velvet хамтлагийн бүжиг дэглээч Choi Sunhee дараах нийтлэлийг бичсэн байна. Үүнд:

- “Сайн байцгаана уу? Би таван жилийн турш Red Velvet хамтлагийн бүжиг дэглэлтийг хариуцаж ажилласан Choi Sunhee байна. Joohyun (Irene)-ий талаар олон буруу ойлголцол үүссэн тул энэ постыг бичихээр шийдлээ. Яагаад гэвэл миний мэдэх Joohyunie бол бүх зүйлийг нарийвчилж хардаг, эрч хүчтэй, өхөөрдөм, халамжтай ухаалаг хүн. Мэдээж хэрэг урлагийн ертөнц бол олон хүн цугларч ажилладаг газар тул зөрчилдөх зүйл гардаг. Гэхдээ тиймэрхүү өдрүүдэд Irene үргэлж л текст илгээж санал бодлоо солилцож, талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсдэг тийм л эерэг хүн” гэжээ.

Ellena Yim: “Би хэзээ ч Irene-г таагүй хандлага гаргаж байхыг нь хараагүй”

Irene-ийн "Miu Miu" брэндийн зураг авалтад хамтран ажилласан стилист нь түүний тухай ийн бичжээ. Тэрээр:

- “Уран бүтээлч хүн хувцас таалагдахгүй байна гэдгээ илэрхийлснийх нь төлөө Heather Cho шиг дарамт үзүүллээ, “муухай хандлага”-тай гэх зэргээр дайрах нь зөв үү?

Энтертайнмент компанийн ажилтан, редактор, стилист хүний хувьд би олон ч ажил хийж үзсэн. Миний уулзсан Irene бол юу хүсэж байгаагаа сайн мэддэг, үзэл бодлоо илэрхийлж чаддаг авьяаслаг нэгэн. Би хэзээ ч Irene-г таагүй хандлага гаргаж байхыг нь хараагүй. Харин эргэн тойрныхоо хүмүүст талархлаа илэрхийлж байхыг нь хараад сэтгэл хөдөлж байсан. Гэтэл Irene гэнэт л ийм асуудалд нэр холбогдож байгаад харамсаж байна” гэж бичжээ.

Ийнхүү аравдугаар сарын 23-ны орой Irene-тай холбоотой асуудлыг эхлүүлсэн Kang Kook Hwa Инстаграм хаягаараа дамжуулан энэ бүх зүйлд цэг тавихыг хүссэн байна. Тэрээр Irene болон SM энтертайнменттэй уулзалт хийж асуудлыг шийдвэрлэсэн гэжээ. Мөн нэг талыг барьж бичсэндээ уучлалт хүссэн бөгөөд Irene-ийн шүтэн бишрэгчдэд хандаж цаашид хэн хэнийгээ шархлуулахгүй байхыг хүссэн байна. 

 

Эх сурвалж: Naver, Allkpop, Soompi

#Irene #Red Velvet