Алдартай уран зургуудын нууц: “Вэнус мэндэллээ” зургийн ХЭРЦГИЙ үнэн


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-10-21

Нийгмийн сэтгэлгээний түвшин, уншигчдын оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг уран зургаар дамжуулан өдөөх зорилготой "Алдартай уран зургуудын нууц" нийтлэлийн гурав дахь дугаарыг хүргэж байна. Та бүхэн таалан соёрхоно уу.

ВЭНУС МЭНДЭЛЛЭЭ

Огноо: 1485 он

Хэрэглүүр: Зотон, темпера

Хэмжээ: 172.5*278.5 см

Байршил: Итали, Флоренц, Уффици

Сэргэн мандалтын үеийн олноо хүлээн зөвшөөрөгдсөн зураачдын нэг Сандро Боттичэлли нь Гот маягийн хэв загварыг урлагт дахин дуудсан яруу чимэглэлийн хэв маягийг хөгжүүлсэн нэгэн. Түүний “Вэнус мэндэллээ” зурагт Ромын хайр, гоо сайхан, тоглолтын дагина Вэнус Кипр арал дээр ирж буйг дүрсэлдэг. Дагины гар, хөл нь урт, цагаахан, уяхан, мөр нь шувтан, гэдэс нь мэдэгдэхүйц цүдгэр. Тийм хэдий ч түүний нүүр царайны онцгой илэрхийллээс нэг л өөр ертөнцийн мэт мэдрэмж төрнө. Зургийг Мэдичийн чинээлэг гэр бүлийн гишүүн Лорэнцо ди Пиэрфранчэско дэ Мэдичи Флоренцын ойролцоох Кастеллод байдаг хувийн эдлэндээ зориулж зуруулсан юм. Тэрээр боловсролтой, соёлтой хүн байсан тул Грек, Ромын домгууд болон Платоны философийг мэддэг байжээ. Тиймээс Боттичэллигийн Вэнусыг тэнгэрлэг гэгээн байдал, төгс гоо сайхны биет илэрхийлэл гэж үзэж болно. 

Үлгэр домгийн дагина баруун гараараа хөхөө, зүүн гараараа урт шаргал гэзгээ барин умдгаа халхалжээ. Түүний энэхүү сонгодог зогсолтыг “Вэнус пудика” буюу "ичсэн Вэнус" гэдэг. Уг бүтээл нь XV зууны үеийн Италичууд эмэгтэй хүний төгс бие галбирыг хэрхэн тодорхойлдог байсныг харуулжээ. Тухайлбал, жижиг толгой, урт хүзүү, бага зэрэг унжуу мөр, дугараг гэдэс нь тухайн үеийн гоо үзэсгэлэн байж. Түүний дээр унаж буй ягаан сарнайнуудыг эс тооцвол Вэнусыг шүрэн зүүлт, түүний хүү Кюпид гэх мэт уламжлалт зүйлсгүйгээр зуржээ.

Вэнус өөрийн завь болох хясааны хавтас дээрээс буух гэж байгаа дүр зохиомжийн төвд байрлана. Хамгийн хэрцгий, аймшигтай гэмээр зүйл нь зургийг “Вэнус мэндэллээ” гэж нэрлэсэн хэдий ч Грекийн домогт түүний эцэг Ураны бэлэг эрхтэнг тасдан далайд чулуудахад үр тогтсон далайн хөөснөөс Вэнус төрсөн гэж өгүүлдэг.

Алтан зүрхтэй, алтлаг навчтай туяхан ягаан сарнайнууд Зэфирус, Хлорис хоёрыг тойрон хийснэ. Вэнусын цэцэг хэмээх үзэсгэлэнтэй, тансаг үнэртэй, өргөст сарнай нь хайр болон үр тогтолтын бэлгэдэл юм.

Баруун зүгийн салхины эзэн, Грекийн далавчит бурхан Зэфирус уг үзэгдэлд хөдөлгөөн оруулжээ. Вэнусыг далайн эрэг рүү хүргэж өгөхөөр давлагааг үлээхэд хацар нь бумбайсан байна. Эхнэрээ болгохоор хулгайлсан, мөнх бус амьт нимф бүсгүй Хлорис нь түүнийг тэвэрчээ. Хожим нь Хлорисыг хувирган, зургийн баруун тал дахь гоёмсог хувцастай Флора дагина болгосон юм. Зохиомжийн хувьд Зэфирус, Хлорис хоёрыг Флорагийн ялдам төрх тэнцвэржүүлжээ.

Флорагийн даашинз дээр байгаа гүн хөх өнгийг хөхөнгөр хэмээх хагас үнэт чулууг нунтаглан хийсэн үнэтэй нөсөөнөөс гаргаж авдаг. Үүнээс энэ зургийг захиалагч хөрөнгө харамлаагүй гэдэг нь илэрхий юм.

Амтат жүржийн модноос Зэфирусын далавчны сөдний адил алтлаг навчнууд цухуйжээ. Зургийн дүрүүдийн үс алтлаг өнгөтэй ба хясааны судал, сарнайн голч, иш, газар байгаа өвсний ишнүүд цөм алтлаг харагдана. Ийм алтлаг учраас уг зураг харанхуйд лааны гэрэлд гялтганаж харагддаг байсан биз ээ.

Түүхийн шарласан хуудаснаа:

Зарим хүмүүс “Вэнус мэндэллээ” зургийг түүний захиалагч Лорэнцо ди Пиэрфранчэско дэ Мэдичигийн таван жилийн өмнө захиалсан “Примавэра”-гийн үргэлжлэл гэж үздэг. Аль аль нь хаврыг харуулсан зураг бөгөөд хоёуланд нь Вэнус, Зэфирус, Хлорис, Флора нар гардаг. Уг зурагт Флорагийн зүүн талд Хлорис, Зэфирус нар, баруун талд Вэнус бүрэн хувцастай байна. Дээр нь түүний хүү Кюдид нисэж явна. Зүүн талд нь бурхдын элч Мэркүри байх ба хажууд нь Вэнусын дагалдагч гурван Грэйсэс авхай харагдана.

Эх сурвалж: Britannica, "Дэлхийн сэтгүүл зүйн түүх" Ч. Чойсамба

#Уран зураг #Түүх