"The Social Dilemma": Фэйсбүүк, Инстаграм бидний сэтгэцэд нөлөөлдөг үү?


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2020-10-20

"Netflix" кино компанийн "The Social Dilemma" (2020) баримтат кино нээлтээ хийсэн даруйдаа цахим ертөнцөд ихээхэн маргаан үүсгэх болов. Тус кинонд Фэйсбүүк, Инстаграм болон ТикТок зэрэг олон нийтийн сүлжээ бидний сэтгэл санаа болоод сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар хөндсөн юм. 

“Хүмүүнлэг технологийн төв”-ийг үүсгэн байгуулагч Тристан Харрис (Tristan Harris) цахим орчин бидний сэтгэцэд асар их аюул учруулж байгаа тул үүнд зохицуулалт хийх шаардлагатай гэж үзсэн байна. Харин Vogue сайтын зүгээс цахим орчин үнэхээр хүн төрөлхтний амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг тодруулжээ.

ЦАХИМ ОРЧИН БИДЭНД ҮНЭХЭЭР СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙНА УУ?

Өндөр хөгжилтэй орнуудад сэтгэцийн өвчлөлийн хувь нэмэгдэж байгааг зарим судлаачид цахим орчны хэрэглээтэй холбон тайлбарладаг бол зарим нь огт холбоо хамааралгүй гэж үздэг. Энэхүү хоёр ойлголтын алийг нь ч үгүйсгэх боломжгүй бөгөөд энэ асуудал үнэхээр л хоёр талтай аж. 

Их Британийн Сэтгэл судлалын хүрээлэнгийн судлаач Паул Марсден (Paul Marsden)-ийн үзэж буйгаар цахим хэрэглээ болон сэтгэцийн эрүүл мэндийг хооронд нь холбож үзэх нь төмс болон сэтгэл зүй хоёрыг адилтгаж байгаатай утга нэг гэжээ. Гэтэл эрдэмтэн Эми Орбен (Amy Orben) 2019 онд хийсэн судалгаагаараа цахим орчны хэрэглээ нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон байна.

Гэвч энэ оны эхээр судлаач Ли Күм Шин (Lee Kum Sheung), Месфин Эвок Бекалу (Mesfin Awoke Bekalu) нар хамтран “Цахим орчны хэрэглээ нь нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг” хэмээх судалгааны ажлаа хэвлүүлж дэлхий дахинаа шуугиан тарьсан юм. Уг судалгаагаар цахим орчин хүмүүсийн ганцаардлыг багасгаж, сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг гэдгийг нотлохыг оролдсон байна.

БИД ЦАХИМ ЕРТӨНЦӨӨС ХЭТ ХАМААРАЛТАЙ БОЛСОН УУ?

"The Social Dilemma" баримтат киноны хувьд хүн төрөлхтөн цахим ертөнцөөс хэт хамааралтай болсныг нотлохыг зорьсон байв. Гэвч Их Британийн CognitionX компанийн үүсгэн байгуулагчдын нэг Табита Голдстауб (Tabitha Goldstaub) хэлэхдээ: “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь бидний өөртөө итгэх итгэлийг алдагдуулдаг боловч ганцаардлаас авардаг” гэсэн байна.

Түүнчлэн, бид нийгмийн харилцаанд өөрсдийн биеэр биш виртуал хэв маягаар оролцож сурч байгаа нь сайшаалтай гэжээ. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн цахим орчинд хайртай дотнын хүмүүстэйгээ эможи ашиглаж, сэтгэлийн үгээ хэлж, ярилцаж байгаа нь шинэ зууны “виртуал хэл” бөгөөд эдгээр нь бидний сэтгэл санааг хавьгүй дээр болгодог гэж үзжээ. Мөн COVID-19 цар тахлын улмаас хүн төрөлхтөн цахим ертөнцөөр хоорондоо холбоо тогтоож, үзэл бодлоо солилцох, үзэл бодол нийлсэн хүмүүстэйгээ нэгдэх нь түгээмэл болсон байна. Үүний тод жишээ бол цахим ертөнцөөр давлагаалсан #BlackLivesMatter #MeToo зэрэг хөдөлгөөнүүд юм. 

Орбений (Orben) үзэж буйгаар, судлаачид “цахим ертөнц хүмүүсийн сэтгэцэд нөлөөлдөг” талаар бус хүмүүсийн сонгон үзэж буй агуулга тэдний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг нарийн судлах ёстой гэжээ. Тэрээр: “Хорин минут найзуудтайгаа мессенжерээр чатлах, хорин минут сэтгэл түгшээсэн контент үзэх нь хоёр өөр зүйл” гэсэн байна.

ЦАХИМ ЕРТӨНЦ БИДНИЙГ ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ БОЛГОВ УУ?

"The Social Dilemma" баримтат кинонд цахим ертөнцийн томоохон сул тал нь “бидний харагдах байдал”-д нөлөө үзүүлж буй явдал гэж тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл цахим ертөнцөөс хэт “төгс” царай, биетэй хүмүүсийг олж харсаар энэ нь цаашлаад бидний сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Сэтгэл зүйч Жонатан Хайт (Jonathan Haidt) өсвөр насны охид цахим орчноос хэт их хамааралтай болсон гэдгийг онцолжээ. Харин энэ талаар судлаач Надиа Крадок (Nadia Craddock) хэлэхдээ:

- “Цахим орчин болон гадаад төрхийн хамаарал нь үнэн хэрэгтээ цахим орчин хэрэглэхээс өмнө өөрийгөө хэрхэн үнэлдэг байсантай холбоотой” гэжээ.

Үүнээс үзэхэд цахим орчинг ашиглахаасаа өмнө өөртөө сэтгэл хангалуун бус байсан хүмүүс цахим орчинд нэгдэж өөрийгөө голсоор энэ нь таагүй үр дүнд хүргэдэг гэдгийг харуулж байна. Цахим орчны алгоритмын дагуу та юу үзэж юу харна, цаашид түүнтэй төстэй зүйлс таны хаяг дээр гарч ирэх бөгөөд бусдын зургийг үзэж өөрийгөө тэдэнтэй харьцуулж сэтгэлээр унадаг хүмүүсийн хувьд бодит байдлыг ойлгож сурах нь чухал аж.

ЦАХИМ ОРЧИН БИДНИЙГ УДИРДАЖ БАЙГАА ЮУ?

“Цахим орчинд олон цагийг өнгөрүүлэх тусам бид үүнээс хараат болдог” хэмээн "The Social Dilemma" баримтат кинонд дурджээ. Эдгээр нөхцөл байдлаас гарахын тулд цахим платформын компаниуд алгоритмаа өөрчлөх, өөрсдийнхөө технологийг хэрхэн зүй зохистой ашиглах талаар илүү боловсронгуй зохицуулалт хийх хэрэгтэй гэж үзжээ. Мөн цахим орчинд байдаг сөрөг мэдээллүүд болох “хар тамхи, хүчирхийлэл, ядуурал” гэх мэт нийгмийн хар бараан асуудлыг хөндсөн мэдээлэл нь хүмүүсийн сэтгэл санаанд хүчтэй нөлөө үзүүлэх магадлал өндөр аж. Харин Марсден (Marsden):

- “Цахим орчин нь яг үнэндээ нийгмийн сайхан, муухайг тусгасан толь байж магадгүй. Бид тусгалыг нь л андуурахгүй байх учиртай ” гэжээ. 

Бид цахим ертөнцөөс хөндийрөхийг хэчнээн хүссэн ч өдөр ирэх тусам даяарчлагдаж, бүх зүйл цахимд шилжиж буй өнөө үед энэ нь ямар ч боломжгүй зүйл юм. Цаашлаад хүн төрөлхтний сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд эдгээр дижитал платформууд хариуцлага хүлээх ч боломжгүй. Тиймээс хүн төрөлхтний өмнө цахим орчныг зүй зохистой хэрэглэж сурах шаардлага тулгарсан гэдгийг Vogue сайт онцолжээ. 

Эх сурвалж: Vogue

#Netflix #The Social Dilemma