"Euphoria" цувралын ТУСГАЙ АНГИУД тун удахгүй үзэгчдийн хүртээл болно


Миау | YOLO.MN
2020-10-20

Цацагдсан даруйдаа өсвөр үеийнхэн болон залуусын дунд шуугиан тарьсан "Euphoria" цувралын шинэ ангиуд тун удахгүй бидний мэлмийд хүрэх нь ээ!

HBO сувгийн "Euphoria" цувралын нэгдүгээр бүлэг өнгөрсөн оны зургадугаар сард олны хүртээл болсон билээ. Тус бүлгийн ангиуд цацагдаж дуусмагц залуус бид дараагийн бүлгийн хүлээлтийг үүсгэсэн гэвэл нэг их буруудахгүй болов уу. Тэгвэл дөнгөж өчигдөр HBO сувгаас уг цувралын 1 болон 2-р бүлгийн үйл явдлыг холбох хоёр тусгай ангийг энэ оны арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа талаараа мэдээлсэн юм. 

Цувралын нэгдүгээр бүлэг Jules галт тэргэнд суун Rue-г орхин явж байгаагаар төгсдөг. Тэгвэл арванхоёрдугаар сард цацагдах "Trouble Don't Last Always" хэмээх эхний тусгай ангид Rue энэ нөхцөл байдлыг хэрхэн даван туулж буйг харуулах аж. Та бүхэнд сонирхуулан хэлэхэд энэхүү ангийн үйл явдал Зул сарын баярын үеэр өрнөх гэнэ. Харин хоёрдугаар тусгай ангийн нэр, үйл явдал, цацагдах огноо зэрэг ерөнхий мэдээллүүд хараахан гараагүй байгаа юм. 

HBO сувгаас уг цувралын хоёрдугаар бүлэг гарна хэмээн мэдээлсэн ч дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан чухам хэзээ нээлтээ хийх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа билээ. 

Уг цувралын талаар сонирхолтой баримтуудыг ЭНД дарж уншаарай. 

Эх сурвалж: Variety

#Euphoria #Special Episodes