Кпопын эргэн тойронд: Сенегал улсын модель Солонгос хамтлагийн гишүүн болжээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-10-19

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

СЕНЕГАЛ УЛСЫН МОДЕЛЬ СОЛОНГОС ХАМТЛАГИЙН ГИШҮҮН БОЛЖЭЭ

Кпоп дуу хөгжим зөвхөн солонгосчуудаар хязгаарлагддаг үе ард хоцорчээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд цар хүрээгээ тэлж буй Кпоп хөгжмийн ертөнцөд Хятад, Япон, Тайланд зэрэг Ази тивийн улс орны дуучид ихээр хөл тавих болсон. Тухайлбал BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa Тайланд улсын иргэн бол TWICE хамтлагийн Sana, Momo, Mina нар Япон улсын иргэн аж. Ийнхүү Кпоп хөгжмийн ертөнцөд Сенегал улсын модель бүсгүй хөл тавьсан байна.

DR энтертайнментаас RaNia хамтлагийн шинэчилсэн хувилбар болох BLACK SWAN хамтлагийг танилцуулсан бөгөөд тус хамтлаг нь Youngheun, Hyeme, Leia, Judy, Fatou гэх таван гишүүнээс бүрджээ. Харин тус хамтлагийн нэг гишүүн нь Бүгд Найрамдах Сенегал улсын модель Fatou байсан нь олны анхаарлыг ихэд татсан байна. Зарим хүмүүсийн хувьд Өмнөд Солонгост арьс өнгөний үзэл их байдаг тул өнгөт арьстай хүн Солонгос хамтлагийн гишүүн болох хэцүү гэж үзсэн бол харин зарим интернет хэрэглэгчид Fatou-г дэмжиж буйгаа илэрхийлсээр байгаа юм.

Fatou нь 1995 онд Бүгд Найрамдах Сенегал улсад төрсөн бөгөөд Өмнөд Солонгост ирэхээсээ өмнө Бельги улсад амьдарч байжээ. Тэрээр англи, солонгос, франц, герман, голланд хэлтэй бөгөөд BLACK SWAN хамтлагийн гишүүн болохоосоо өмнө Cineline энтертайнментийн загвар өмсөгч байжээ.

MINO ШИНЭ ЦОМОГ ГАРГАНА

WINNER хамтлагийн гишүүн Song Min Ho буюу Mino энэ сарын 30-нд бие даасан цомгоо гаргахаар болсон байна.

Энэ оны эхээр YG энтертайнмент 2020 оны төлөвлөгөөгөө танилцуулахдаа Song Min Ho шинэ цомог гаргана хэмээн мэдэгдэж байсан юм. Ийнхүү энэ сарын 15-ны өдөр тус энтертайнментаас дуучин Song Min Ho-г шинэ цомгоо гаргахаар болсныг олон нийтэд мэдээлжээ. 

Mino аравдугаар сарын 30-ны өдөр "Take" нэртэй бүрэн хэмжээний цомог гаргах аж.

BLACKPINK ХАМТЛАГ JIMMY KIMMEL-ИЙН ШОУНД ОРОЛЦОНО

Кпоп хөгжмийн томоохон төлөөлөгчдийн нэг BLACKPINK хамтлаг "Jimmy Kimmel Live" нэвтрүүлэгт уригджээ.

BLACKPINK хамтлагийн оролцсон дугаар аравдугаар сарын 20-нд цацагдах бөгөөд хамтлагийн охид "Lovesick Girls" дуугаа дуулахаар болжээ. Мөн BLACKPINK хамтлаг тус нэвтрүүлэгт уригдсан дөрөв дэх Кпоп уран бүтээлч болж байгаа аж.

Ташрамд сонирхуулахад BLACKPINK хамтлаг "Good Morning America" нэвтрүүлгийн аравдугаар сарын 21-ний дугаарт өөрсдийн шинэ уран бүтээлээ толилуулахаар болсон гэнэ шүү.

GOT7 ХАМТЛАГ ИРЭХ САРД ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

GOT7 хамтлаг 7 сарын хугацаанд завсарласны эцэст шинэ уран бүтээл гаргахаар болжээ.

JYP энтертайнментийн зүгээс GOT7 хамтлагийг шинэ уран бүтээл гаргахаар бэлдэж байгаа талаар мэдээлсэн бөгөөд бүх зүйл тодорхой болсны дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэжээ.

GOT7 хамтлаг хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард "DYE" нэртэй мини цомог гаргасан юм.

JEONGYEON ХАМТЛАГААСАА ЗАВСАРЛАГА АВНА

TWICE хамтлагийн гишүүн Jeongyeon биеийн байдлын улмаас хамтлагийн үйл ажиллагаанаас завсарлага авахаар боллоо.

Аравдугаар сарын 17-ны өдөр JYP энтертайнментаас дараах мэдэгдлийг хийжээ. Үүнд:

- “Jeongyeon TWICE хамтлагийн шинэ цомгийн үйл ажиллагаанаас завсарлага авахаар боллоо. Тэрээр сэтгэл түгших эмгэгийн улмаас эмчилгээ хийлгэж, сайтар амрах шаардлагатай болсон. Тиймээс хамтлагийн гишүүдтэйгээ ярилцсаны эцэст тэрээр цаашдын хамтлагийн үйл ажиллагаанаас түр хугацаанд завсарлага авахаар болсон юм”.

SUHYUN: “YG ЭНТЕРТАЙНМЕНТ НАМАЙГ БҮРЭН ДЭМЖДЭГ”

Саяхан "Alien" хэмээх соло уран бүтээлээ гаргасан Suhyun өөрийн шинэ уран бүтээл болон YG энтертайнментийн тухай ярилцлага өгсөн байна.

Тэрээр “Би бие даасан уран бүтээл гаргахаар шийдсэнийхээ дараа дуугаа сонгох гэж их удсан. Энтертайнментаас маань олон ч дуу санал болгосон. Эцэст нь "Alien"-ийг сонгохоор шийдсэн. Яагаад гэвэл хөгжилтэй санагдсан” гэжээ. Цааш үргэлжлүүлэн:

“YG энтертайнмент намайг бүрэн дэмждэг болохоор би ямар ч эргэлзээгүйгээр шинэ уран бүтээлийнхээ ажилд орсон. Би олон нийтэд AKMU хамтлагийн Suhyun-ээс гадна дуучин Suhyun гэж дурсагдмаар байна. Миний цаашдын зорилго гэвэл өөрийгөө бүрэн илэрхийлж, харуулж чадах бие даасан цомог гаргах” гэсэн байна.

Эх сурвалж: Allkpop, Kpopstarz

#Кпопын эргэн тойронд